Европын улс төрийг доргиосон авлигын томоохон дуулианыг шалгаж буй Бельгийн шүүх эрх баригчдын хүсэлтийн дагуу Европын парламентын ерөнхийлөгч хоёр хууль тогтоогчийн халдашгүй дархан эрхийг түдгэлзүүлэх яаралтай арга хэмжээг эхлүүлжээ. "Энэ мөчөөс эхлэн Европын парламент мөрдөн байцаалтад туслахын тулд чадах бүхнээ хийх бөгөөд буруутай гишүүд ял шийтгэлгүй үлдэхгүй гэдэгт итгэлтэй байж болно" гэж парламентын танхимын ерөнхийлөгч Роберта Мецола мэдэгдэв. Мөн тэрбээр парламент хуулийн талд зогсч, авлигатай тэмцэхийн тулд бүхнийг хийнэ гэдгийг амласан байна.
Европын парламентын хэвлэлээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хоёр гишүүний нэрийг зарлаагүй боловч Италийн улстөрч Андреа Коззолино, Бельгийн гишүүн Марк Тарабелла нар гэдгийг эх сурвалж мэдээллэв. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үйл ажиллагааг хоёрдугаар сарын 13 гэхэд дуусгахаар ажиллаж эхэлсэн байна.
Марк Тарабеллагийн гэрт өнгөрсөн арванхоёрдугаар сард нэгжлэг хийсэн бол Андреа Коззолино хэргийг үгүйсгэж, өөрийн хүсэлтээр Социал демократ намын гишүүнчлэлээс татгалзжээ. Андреа Коззолино өмнө нь парламентын гишүүний халдашгүй эрхээсээ татгалзаж, хуулийнханд шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдэж байв.
Европын парламентын өөр нэг гишүүн Эва Кайлид авлигын дуулиантай холбоотой хэдийнэ яллах дүгнэлтийг үйлдсэн байгаа аж. Тодруулбал, Грекийн улстөрч Эва Кайлиг авлига авсан, гэмт хэргийн бүлэглэлд оролцсон, мөнгө угаасан зэрэг хэрэгт буруутган арванхоёрдугаар сарын 9-нөөс хойш баривчлан хорьжээ. Түүний нөхөр, Европын парламентын зөвлөх Францеско Жиоржиг адилхан хэрэгт буруутган хорьж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээр Эва Кайлиг Европын парламентын дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулсан байна. Хэдийгээр тэрбээр халдашгүй бүрэн эрх эдлэх ёстой ч Бельгийн цагдаа нар өнгөрсөн сард түүний Брюссель дэх гэрээс их хэмжээний бэлэн мөнгө илрүүлж, хураан авснаар шууд баривчлан хорьсон аж.
Эдгээр улстөрчид нь Катар, Мороккогийн албаныхнаас бэлэг сэлт, бэлэн мөнгө хэлбэрээр авлига авч улс төр, эдийн засгийн шийдвэр гаргахад Европын парламентад нөлөөлсөн гэх хэрэгт буруутгагджээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор цагдаа нар 20 гаруй газар нэгжлэг явуулж, зочид буудал, улстөрчдийн гэрээс олон зуун мянган еврог хураан авсны олонх нь Бельги, Италид байжээ. Түүнчлэн уг хэрэгт сэжигтнүүдийн гар утас, компьютер зэрэг хэрэгслийг дата мэдээлэл цуглуулахаар хураан авсан байна.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ