Очоа: Сери А-д тоглох боломжийг алдахыг хүсээгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Очоа: Сери А-д тоглох боломжийг алдахыг хүсээгүй

Очоа: Сери А-д тоглох боломжийг алдахыг хүсээгүй

Катарт тав дахь удаагийн дэлхийн аваргадаа оролцсон Мексикийн шигшээ багийн хаалгач Гильермо Очоа энэ өвлийн солилцоо наймааны цонхоор Италийн Сери А лигийн Салернитана багт нэгдсэн. Тэрбээр шинэ багтаа 13 дугаарыг өмсөн тоглохоор болсон бөгөөд хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд өгсөн түүний ярилцлагыг хүргэж байна.

Яагаад Салернитана баг гэж? 

-Надад Сери А лигт тоглох боломж гарч ирэхэд би үгүй гэж хэлэхийг хүсээгүй ээ. Багийн спортын албаны дарга Салернитана багийн ойрын болон урт хугацааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийнхөө талаар ярих үед би үүний нэг хэсэг болохыг хүссэн. Надад Италиас өөр улсын лигт тоглох боломж байсан. Гэхдээ ДАШТ дууссаны дараагаар сонирхолтой төслүүд рүү орж ажиллахыг хүссэн. Би энд байгаадаа маш их баяртай байна. Би өөрийн хуримтлуулсан туршлагаа багийнхандаа зориулах болно. Би багт маш их тус хүргэж чадна гэдэгтэй итгэлтэй байна.

-Салернитана багийн болон Мексик дэх фанатуудын хоорондын ялгаа?

-Фанатууд бол миний зүрх сэтгэлийг хөдөлгөдөг гол хүчин зүйлийн нэг билээ. Шинэ багийн маань ультра фанатууд бол яг л Мексикийн фанатуудын нэгэн адил болохыг би мэднэ. Би анх хэлэлцээрийн шатанд явж байхдаа багийн фанатуудын дэмжлэгийн талаар бодсон. Өмнөд Америкаас ирсэн хүнд хүмүүсийн халуун дулаан угтан авалт, харилцаа хэрэгтэй байдаг.

аны Италийн Сери А болон Италийн хөлбөмбөгийн талаарх бодол?

-Мексикт бид дандаа Сери А лигийн тоглолтыг үзэж юу болж байгааг ажиглаж байдаг. Би давхар Европын хөлбөмбөгт юу болж байгааг чих тавин анхаардаг. Гэхдээ Сери А лиг бол онцгой бөгөөд өндөр түвшний лиг. Би Батистутаг Ромад байхад,  Роналдо, Пирло нарыг Ювентус багт байхад өрсөлдөгчийн хувиар эсрэг тоглож байсан. Намайг маш их гайхшруулдаг Паглюка, Толдо, Буффон нарыг дурдахгүй байхын аргагүй ээ. Багийнхаа дарга Де Санктисыг мөн дурьдахгүй байхын аргагүй. Тэр тоглогч байхдаа өндөр түвшний, сайн хаалгач байсан. Бид Италийн хөлбөмбөгт өөрсдийн ул мөрөө үлдээсэн хүмүүсийн талаар ярьж байна. Энэ орон хөлбөмбөгийн хувьд үргэлж өндөр түвшний тоглогчдийг бэлтгэн гаргадаг.

-Наполи багийн довтлогч Хирвинг Лозанотай холбогдсон уу?

-ДАШТ-ий дараагаар бид тийм ч их яриагүй. Би зүгээр л Сери А лигийн талаар ерөнхий зүйл асуусан. Багийн дарга Де Санктистай ярилцаж ямар том төсөл болохыг мэдэх нь надад хангалттай байсан. Би үүний нэг хэсэг болсондоо баяртай байна.

-Таны шинэ багийн энэ улирлын зорилгын талаар?

-Хүснэгтийн доод бүсээс аль болох хурдан холдож, өөрсдийгөө аврах. Би энэ баг Сери А лигт өөрсдийн чадах чинээгээрээ удаан тоглоно гэдэгт итгэх хэрэгтэй.

-Сери А лигийн ямар довтлогчоос хамгийн ихээр айж байна?

-Би бүгдийг нь хүндэлдэг. Гэхдээ хэнээс ч айхгүй байна. Мэдээж хэрэг энэ бол Сери А лиг. Бүх довтлогчид ур чадвартай. Бид энэ улирлыг Милантай хийх тоглолтоор эхлүүлнэ. Тиймээс Жиру, Леаог анхаарах хэрэгтэй. Интерт Лаутуро Мартинез байна. Ювентуст Милик байна. Би нутгийн анд Лозаног дурьдахгүй байхын аргагүй. Би олон улсын аварга тамирчидтай нүүр тулахдаа баяртай байна.

-Яагаад өмнө нь Европд ирж тоглоогүй вэ?

-Европын томоохон клубд Өмнөд Америкийн хаалгач авах хэрэгтэй хэмээн итгүүлж үнэмшүүлэх хялбар биш ээ. Мөн түүнчлэн багт Европын холбоонд гишүүнчлэлтэй тоглогчдын хязгаар гэж бий. Одоо би Испани пасспорттай. Энэ нь илүү амар болгож байна. Өмнө нь ингэх боломж байсан. Тэгэхийн тулд бичиг цаасны ажил, төрийн албаны хүнд суртал гэх зүйлс байсан. Эдгээрээс болоод би томоохон багуудад элсэн орж чадахгүй байсан.

-Мексикийн хөгжөөн дэмжигчдийн талаар?

-Маш их үүрэг хариуцлагын талаар ярих хэрэгтэй болно. Би өөрийн хөлбөмбөгийн урт замналын турш бусдад үлгэр дуурайлал болохыг хичээж ирсэн. Ялангуяа хүүхэд, залууст. Сайн эсвэл муу байдал, тухайн нөхцөл байдлаас үл хамааран би өөрийн тоглож буй багтаа мэргэжлийн ёс зүйтэй байх хэрэгтэй. Энэ чухал зүйл бөгөөд үүний үр дүнд би өөрийн зургаа дахь ДАШТ-дээ оролцоно гэж найдаж байна.

-Яагаад Салернитана багтай зургаан сарын гэрээ байгуулсан юм бэ?

-Нэмээд нэг улирал сунгагдах боломжтой. Багийн удирдлагаас надад санал болгосон хугацаа л ийм байсан. Санктис надтай их ойлгомжтой, тодорхой ярилцсан. Хөлбөмбөгийн ертөнцөд шударга, шулуун ийм хүнтэй танилцах амар биш ээ.Би үүнд нь их талархаж байгаа бөгөөд ийм гэрээ байгуулсандаа аль аль нь баяртай байна. Одоо бол би бэлэн байх хэрэгтэй. Сери А лигт сайн тоглохын тулд боломжуудыг бий болгох хэрэгтэй. Сайн өрсөлдөөн урам зориг, идэвхжүүлэлтийг бий болгодог. Мэдээж хэрэг би Салернод өөрийн ул мөрөө үлдээхийг хүсэж байна.

-Салернитанагийн бүрэлдэхүүний талаар?

-Тэд бол ур чадвартай, авьяаслаг тоглогчидтой баг. Багт өндөр түвшний тоглогчид бий. Багт элсэн орох тийм ч амар биш. Яагаад гэвэл Англи, Франц, Испани гэх мэт олон хэлээр баг дотор ярилцдаг. Би бага багаар Итали хэл сурах болно. Манай хувцас солих өрөө бол сайхан уур амьсгалтай газар бөгөөд би одоо эсвэл ирээдүйд багийнхаа хамтаар амжилт гаргана гэж найдаж байна.

-Хаалгач хийх урам зоригоо хэнээс явдаг байсан бэ? Мөн бүх цагийн шилдэг хаалгач гэвэл хэнийг нэрлэх үү?

– Буффон, Канизарес, Касильяс, Паглюка, Таффарел гэх мэт нэрлээд байвал маш урт жагсаалт болно. Мөн түүнчлэн Бартез, Шмейхел, Ван дер Сар л мартаж болохгүй. Италийг хаалгачаар нь бүгд мэднэ. Доннарумма, Мерет нар бол тэрхүү жагсаалтын орчин цагийн ангилалд бичигдэх хаалгачид. Cүүлийн жилүүдэд хаалгачийн үүрэг олон талтай болж өргөжсөн. Бид багийг бүтээхэд илүү их оролцдог болсноос гадна тоглолтын нэг хэсэг болж байна.

Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж