Сурвалжлага: Түлшээ сайжруулсан ч угаар нь нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Түлшээ сайжруулсан ч угаар нь нэмэгдэв

Сурвалжлага: Түлшээ сайжруулсан ч угаар нь нэмэгдэв
Утасны цагаа харвал оройн 18 цаг болж байлаа. Гэр хорооллын айлуудын яндангаас утаа суунаглаж, манантсан утаан "хөшиг" улам зузаарна. Иргэд амны хаалт зүүх хэдий ч хорт утаа хоолой хорсгосоор. Замаар явах хөгшид хүүхэд хөхүүлэн ханиалгана. Нийслэлчүүд утаанаас, түүхий нүүрснээс татгалзаад дөрөв дэх өвөлтэйгөө золгож буй. Гэвч Улаанбаатарын утаан “хөшиг” бүрэн арилсангүй.
Гэр хорооллоор өглөө, оройн галлагааны цагаар утаа сааралтаж, хоолой хорсгосон хэвээр гэдгийг иргэд хэлж байна. Зарим иргэд утаа ямар байгааг эрх баригчдаас асуух хэрэгтэй хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.

ТҮК-ийн ажилтан Д.Саранцэцэг замаа цэвэрлэнгээ үе үе ханиалгана. Тэрбээр "Гэр хороололд агаарын бохирдол маш их байна. Жаахан хүйтэрвэл бүр их болдог. Би чинь өдөржингөө гадаа ажилладаг болохоор цээж хорсож, хий ханиалгаж, гашуун оргидог. Заримдаа нүд хорсож, нулимс гарна. Утаанаас л болдог байх. Ойрдоо ханиалга ихэссэн. Толгойт, Баянхошуу зэрэг бүсэд утаа бүр их. Ер нь утаа багассан зүйл ажиглагдахгүй байгаа. Анх түлш түлж эхлэхэд утаа багасч байсан бол жил ирэх тусам утаа нь нэмэгдэж байгааг гайхаж сууна" гэлээ.

Сайжруулсан шахмал түлшний цэгээс түлш худалдан авч буй тус дүүргийн 41 хорооны иргэн Б.Билэгбаатар "Манайх нялх хүүхэдтэй айл учраас байнгын галлагаатай байх шаардлагатай. Идэр есийн хүйтэн өдрүүдэд зургаан шуудай түлш нь хүрэлцдэггүй. Агаарын бохирдол энэ жил маш их байна. Сайжруулсан шахмал түлшний чанартай л холбоотой болов уу. Машины утаа тортог бас нөлөөлж байгаа байх. Гэр хороололд өглөө, оройн цагаар маш их агаарын бохирдолтой. Гэрийнхээ хаалгыг онгойлгохоор угаар орж ирдэг. Хүүхдүүдээ цэцэрлэгт явуулахаар ханиад томуу хүрчихдэг учраас гэртээ байдаг" тухайгаа ярив.

Зарим иргэдийн хувьд бараг түүхий нүүрсээ түлсэн нь дээр гэдэг саналыг хэлж байв. Учир нь сайжруулсан нэртэй хор нь хэд дахин их түлш түлмээргүй байна гэсэн юм.

"Иргэдийн зүгээс олон гомдол санал хэлж байна. Зарим нь түлш илч муутай байна, хүрэлцэхгүй байна, нунтаг ихтэй байна, картаар олгохоо болих хэрэгтэй гэдэг. Хүн хүнээсээ л болдог байх. Цаанаасаа ирж байгаа түлшийг л бид зарж байгаа шүү дээ. Манай цэгт өдөрт 10 тонн шахмал түлш ирдэг" талаар Ч.Батсүх ярилаа. Түүнээс түлш худалдан авч буй иргэн "Түлш нунтаг, үнэр ихтэй, чанар муудсан болов уу. Өмнөх жилүүдтэй адил утаатай болсон. Эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна" гэв.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.БАТБАЯР:

-Улаанбаатар хотын хонхорхойд агаарын бохирдлын бөөгнөрөл, өтгөрөл бий болсон. Энэ нь динамик хөдөлгөөнийхөө процессоор Улаанбаатар хотын газар зүйн нөлөөллийн, тухайлбал, уулын ам, хөндий, хотгор гүдгэрийн орчинд янз бүрийн төлөв байдалтайгаар оршин тогтнох нөхцөл байдал бүрэлддэг процесс сүүлийн хоёр хоногт бий болсон. Бидний бохирдуулагч ялгаруулж буй үйлдвэрийн, гэр хорооллын ялгарал дээр нэмэгдэл байгаль цаг уурын хүчин зүйл үйлчилж байгаа гэсэн үг.

Энийг бид байгаль цаг уурын хүчин зүйлээр, агаарын бохирдлын, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй ялгарлыг үгүйсгэж байгаа, энэ утгаар тайлбарлах гэж байгаа оролдлого биш. Сүүлийн хоёр хоногт агаарын бохирдол хамгийн их, агууламж өндөр байлаа.

Улаанбаатар хотын агаарын орчин бага бохирдолтой гэсэн түвшинд байна. Хайлаастын ам, Зурагтын хөндий, Баянхошуу гэсэн уулын аманд агаар мандлын бичил процессын хуримтлал, бөөгнөрөл бий болоод, гэр хорооллын яндангаас ялгарсан ялгарал тодорхой, урт хугацаагаар оршин тогтнох алсын нөхцөл байдлаараа илүү их агууламж, тунарал, бохирдол ихтэй харагдах процессоор тайлбарлагддаг. Амгалан, Шар хад, Толгойт, Нисэх бохирдолттой гэсэн индексийн мэдээллээр тодорхойлогдож байна. Бусад орон зайд бага бохирдолтой гэсэн чанарын түвшин илэрхийлэгдэж байна.

Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.ГАНБОЛД:

-Энэ жил маш эртнээс буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлж өвөлжилтийн бэлтгэлийг хангаж дөрвөн чиглэлээр ажилласан. Энэ оны хувьд 120 мянган тонн түлш нөөцөлж авсан. Энэ нь Улаанбаатар хотын бүтэн сар хагасын хэрэглээний нөөц. Одоогийн байдлаар бид нөөцөлсөн түлшнээсээ 40 мянган тонныг хэрэглээндээ гаргаад, 80 мянган тонн түлшний нөөцтэй байна. Түлшний барьцалдуулагч мидлингийн нөөц 295 мянган тонн байна. Барьцалдуулагчийн нөөц 8300 тонн, 6.3 сая тонн шуудайны нөөцтай байна. Бид 5, 6 саруудад нөөцөлсөн сайжруулсан шахмал түлшээ нэг талдаа түлшний чанар талаас сэлгэх байдлаар борлуулалтын цэгүүд рүү түгээлтэд гаргаад, үйлдвэрээс гарч буй түлшээ нөөцлөх байдлаар түлшнийхээ чанарт анхааран ажиллаж байна.

Өнгөрсөн жил Улаанбаатар хот 557 мянган тонн түлш хэрэглэсэн. Одоогийн байдлаар нийслэлчүүд 509 мянган тонн түлш хэрэглээд байна. Нийслэлийн хэмжээнд буй 650 борлуулалтын цэгт 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгсэл бүтээгдэхүүн түгээж ажиллаж байна.

Өнгөрсөн жил 530 борлуулалтын цэг байсан, энэ жил нэмсэн, цаашид ч бид өндөрлөг цэгүүд, мөн гэр хороолын айл өрхүүд нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэмээд явж байна. Нийслэлээс "Тавантолгой түлш" компанид өдөрт 3000 тонн түлшний захиалга өгч, цэгүүд рүү түгээж байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул:

-Агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь 198 мянган айл өрхийн түлж буй сайжруулсан түлш юм. Энэ түлшний хүхрийн хэмжээ буурахгүй байгаа. Бидний хэрэглэж буй түлш бүрэн шатахад ойролцоогоор 25-30 минутыг зарцуулдаг. Дутуу шаталтаас болж маш их агаарын тоосонцор бий болдог. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Олон улсад ийм асуудлыг боловсруулсан хагас коксожсон түлшээр шийдсэн. Уг түлш бүрэн шатахад 8-10 минут хангалттай. Тэгвэл бид ХБНГУ-ын Фрайбургийн Техникийн их сургууль дэргэдэх нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр 100 гаруй жил дагнан судалгаа хийсэн институттэй хамтран ажиллаж, Тавантолгойн нүүрсний дээжийг явуулсан.

Удаан уугидаггүй, хурдан шаталт авдаг нүүрс гаргаж авах хүсэлтээ өгсөн. Удахгүй бид чүдэнз зураад л шууд асах шинэ түлшийг Улаанбаатар хотдоо нэвтрүүлэх болно. Шинэ гарах түлшнээс ямар нэгэн ялгарах бохирдол байхгүй.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж