АНХААР: Амны хаалтыг тогтмол зүүе!

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

АНХААР: Амны хаалтыг тогтмол зүүе!

АНХААР: Амны хаалтыг тогтмол зүүе!

Хэдийгээр сургууль амарч, цэцэрлэгийн ирц буурсан ч халдварын тархалт буурахгүй байгаа нь эцэг, эх асран хамгаалагчидтай холбоотой. Томчууд амны хаалтаа зүүхгүй, агаар дуслын замаар дамжих өвчнийг зөөвөрлөж, бага насны хүүхдэдээ дамжуулах эрсдэл их байгаа аж. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нийтийг хамарсан баяр ёслолд хүүхдээ дагуулж очихгүй байх, хүүхдийн тоглоомын төвүүдээр бага үйлчлүүлэх нь зөв. Учир нь томуугийн дэгдэлт өндөр идэвхжилтэй байх хугацаа урт байх төлөвтэй байна. Өвчлөл энэ хэвээр өссөөр байвал хүүхдүүдийг эмнэлгийн коридорт авах нөхцөл байдал ч үүсэх эрсдэлтэй байна. Тиймээс иргэд нэн шаардлагатай биш л бол хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх нь чухал. Томуугийн вирусээр насанд хүрэгчид хөнгөн өвдөж байгаа ч хүүхдүүд хүндрэх эрсдэл их.

Covid-19-ийн олон хувилбараас омикрон нь хоолой өвдөх, сөөх шинжээр давамгай илэрч байгаа. Үүнээс гадна хоолой сэрвэгнэж ханиах, ядрах, сульдах, хөлрөх, үе мөч өвдөх нь бусад хувилбараас илүү байгаа аж. Харин томуугийн тухайд эдгээрээс гадна өндөр халуурах шинж илэрч байна.

Хэрэв ханиад, Covid-19 уушгины хатгалгаа болж хүндэрсэн тохиолдолд заавал эмнэлэгт хэвтэх нь зүйтэйг анхааруулж байна. Өвдсөн хүмүүсээс ажиглавал 14 хоногт халдварын шинж тэмдэг багасч байгаа ч цаашид 3-6 сар халдварын дараах хүндрэлүүд үргэлжилж байгаа аж.

Түүнчлэн омикрон нь томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа учир заавал PCR шинжилгээ өгөх нь зүйтэй гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөлөө. Учир нь томуугийн тархалтын идэвхжил өндөр байгаагаас гадна омикроны эрсдэл ч буураагүй байна. Тэр дундаа цэртэй ханиалгаж, үе мөчөөр нь өвдөж байгаа иргэд өөр шинж тэмдэг илрэхгүй байсан ч эмнэлэгт хандах нь зөв бөгөөд дур мэдэж антибиотик хэрэглэхгүй байх хэрэгтэй аж.
Томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн гурван долоо хоногт дараалан өссөн байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийн өвчлөл ихэсч, орны ачаалал эрс нэмэгджээ.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн  10 орчим хувийг томуу томуу төст өвчин, 20 хувийг амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүмүүс эзэлж байна.

Насны бүлгээр авч үзвэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүмүүсийн 89 хувийг 15 хүртэлх насныхан, тэр дундаа дөрөв хүртэлх насныхан 70 орчим хувийг эзэлж байгаа аж. Амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь мөн 15 хүртэлх насныхан байна. Энэ удаагийн томуугийн өвчлөл бага насны хүүхдүүдийн дунд өндөр байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстой. Тэгэхээр сургууль амарсан гэхгүйгээр халдварын дэглэмийг сайтар сахих нь чухал. Вирусийн тандалтаас харвал томуугийн H1N1, А хүрээний H1N1, томуугийн В хүрээний вирус зэрэг давхар орчилд байна.

Томуугийн В вирусийн тухайд тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд хүндрэл их үүсгэж, эдгэрэх явц удаашралтай байгаа юм.

Томуугийн вирусээс шалтгаалж хүүхэд болон жирэмсэн эх, чихрийн шижинтэй хүмүүс, архаг хууч өвчтэй тохиолдолд хүндрэх эрсдэл илүү өндөр байгааг ч эмч нар анхааруулсан. Түүгээр ч зогсохгүй эмнэлгүүдийн ачаалал эхнээсээ дүүрч эхэлжээ. Уг нь бол томуугийн улирал аравдугаар сараас ирэх жилийн тавдугаар сарыг дуустал явагддаг. Оргил үе нь арванхоёрдугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхэн. Covid-19 цар тахлын хугацаанд нийгмийн хариу арга хэмжээний хувьд өндөр бэлэн байдалтай байсан учраас томуугийн улирлыг хэдхэн долоо хоногийн дотор бууруулсан. Гэвч иргэд хувийн дэглэм, амны хаалтаа үл тоосноос амьсгалын замын халдварын тохиолдол өнгөрсөн онуудаас эрс өсөв. Цар тахлын дараах үе гэдэг утгаараа бүх нийтийн арга хэмжээ олноор зохиогдож, хөл хорио цуцлагдсан учраас зуны улиралд ч томуугийн идэвхжилт өндөр байлаа. Тэгэхээр энэ жил томуугийн улиралд өвчний эдгэрэх явц удаан, сунжруу байх нь тодорхой болов.

Энэ жилийн хувьд өвчлөлийн дэгдэлтийн оргил үе эрт эхэлсэн. Цаашид дэгдэлт улам нэмэгдэх төлөвтэй байгааг ХӨСҮТ-өөс анхааруулж, зөвлөмж мэдээллийг ч өгсөн.

Томуугийн улирал үргэлжилж байгаа учраас гэрийн нөхцөлд утлага хийж, ханиалга дарах цай уух нь зөв. Түүнээс эмэн эмчилгээ огт хийж болохгүй. Цэртэй ханиалгаж л байгаа бол эмчид хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Учир нь бактерын халдвараар өвдсөн бол даруй эмчилгээг эхлэх чухал гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсан. Тиймээс агаарын бохирдол, амьсгалын замын халдвараас сэргийлж ядаж л амны хаалтыг тогтмол зүүхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж