АНУ, Хятадын харилцаанаас их зүйл хүлээлтгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын харилцаанаас их зүйл хүлээлтгүй

АНУ, Хятадын харилцаанаас их зүйл хүлээлтгүй

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрсөн оны наймдугаар сард Тайваньд айлчилсныг та бид санаж буй. Энэхүү айлчлал нь Бээжинг өдөөн хатгасан Вашингтоны цуврал үйлдлийн оргил нь болсон юм. Угаас таагүй байсан хоёр улсын харилцаа энэ явдлын дараа улам хурцадмал хэлбэрт шилжжээ.

Вашингтон, Бээжин хоёрын хувьд өнгөрсөн он төрөл бүрээр толхилцсон хурцадмал байдалтай өнгөрлөө. Тухайлбал, АНУ-ын зүгээс Шинжаан-Уйгур дахь хүний эрхийн зөрчил зэрэгтэй холбоотойгоор Хятад, Хонгконгийн олон албан тушаалтанд хориг арга хэмжээ авсан. Энэ бол улс төрийн үүднээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм. Харин цэргийн армийн тухайд авч үзвэл, Хятадын аюулгүй байдал, тэнгисийн цэргийн эрхэнд заналхийлэхийн тулд Өмнөд Хятадын тэнгис рүү АНУ байнга байлдааны хөлөг онгоц илгээж байсан. Эдийн засгийн талаас авч үзвэл, Байдены засаг захиргаа Хятадыг дэлхийгээс тусгаарлахын тулд нийлүүлэлтийн сүлжээг өөрчлөх хүчин чармайлтаа эрчимжүүлжээ. Энэ хүрээнд Хятадын олон зуун компани, хувь хүнийг хар жагсаалтад орууллаа. Мөн хагас дамжуулагч технологийг тус улсад экспортлохыг бүрэн хориглов.

Үүний зэрэгцээ АНУ нь Тайваньтай батлан хамгаалахын харилцаагаа зузаатгасаар байсан. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Тайванийг хамгаалах амлалтыг өмнөх ерөнхийлөгчдөөс илүү олон удаа өгч буйгаараа онцлог.

Вашингтоны өдөөн хатгалгын эсрэг Хятадын хариу арга хэмжээ эхэндээ харьцангуй хязгаарлагдмал байсан гэж “South China morning post” хуудас онцолжээ. Тодруулбал, Хятад улс шууд хариу арга хэмжээ авахын оронд эдийн засгаа хүчирхэгжүүлж, Covid-19-ийн эсрэг тэмцэхэд анхаарлаа хандуулсан. Мөн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулахгүй байх амлалтынхаа хүрээнд АНУ-ын 10 хүрэхгүй компани, хувь хүнийг хориг арга хэмжээнд хамруулсан аж.

Тус хуудаснаа бичсэнээр Хятадын тэвчээрийн чавхдас Нэнси Пелосийн айлчлал дээр тасарчээ. Айлчлалаас хойш Хятад улс Тайванийн эргэн тойронд удаа дараалан цэргийн сургуулилалт хийж, АНУ-тай харилцах албан ёсны олон сувгаа тасалсан.

Тэгвэл хоёр улсын харилцааны бас нэгэн чухал эргэлтийн цэг бол өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт байлаа. Энэ үеэр Ши Жиньпин, Байден нар биечлэн уулзсанаар дараа дараагийн уулзалт, айлчлалууд товлогдсон юм. Ямартай ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен удахгүй Хятадад айлчлах төлөвтэй байна. Тэрбээр өнгөрсөн Ням гаригт БНХАУ-ын Гадаад хэргийн шинэ сайд Цин Гантай утсаар ярьсан. Тэд хоёр улсын харилцаа, цаашлаад харилцаа холбооны нээлттэй байдлыг хадгалах талаар ярилцсан гэдгээ твиттерээр дамжуулан мэдэгджээ. Гадаад хэргийн шинэ сайд Цин Ган АНУ-тай нягт хамтран ажиллаж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэж яамны албан ёсны цахим хуудаснаа мэдэгдсэн байна.

56 настай Цин Ган сүүлийн 10 жилийн хугацаанд Гадаад хэргийн сайдаар ажилласан Ваи Игийн залгамж халааг авсан. Цин Ган нь АНУ дахь Элчин сайдаар маш богинохон хугацаанд буюу ердөө 17-хон сар ажиллажээ. Тэрбээр энэ хугацаандаа АНУ, Хятадын харилцааг өөдрөгөөр төсөөлж байсан ч хоёр орны харилцаа муудсан үетэй түүний ажиллах хугацаа давхацсан гэж үздэг. Цаашид Цин Ган сайдаар ажиллах ч, Ван И гадаад бодлогод илүү чухал үүрэг гүйцэтгэсээр байх төлөвтэй байна.

Дээд хэмжээний айчлалуудын сургаар хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарах нь уу гэсэн итгэл найдвар олон улсад төрж эхэлжээ. Гэхдээ энэ нь тийм ч ойрын ирээдүй биш юм. Учир нь Байдены засгийн газар Хятадыг АНУ-ын хамгийн том геополитикийн сорилт гэж тодорхойлсон бөгөөд цаашид өрсөлдөнө гэдгээ ч ил тод хэлсэн. Ирэх 10 жилийг хамгийн эгзэгтэй гэж үзэж байна. Энэ утгаараа хоёр улсын харилцаа сайжрахгүй, зөвхөн зөрчилдөөнөөс зайлсхийх л магадлалтай юм.

Уур амьсгалын өөрчлөлт гэх мэт үндэстэн дамнасан асуудлаар Хятадтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа АНУ илэрхийлсэн нь сэжигтэй гэж “SCMP” хуудас бичжээ. АНУ зөвхөн өөрийн ашиг сонирхолд нь нийцсэн тохиолдолд л Хятадтай хамтран ажиллахад бэлэн байж мэдэх юм.

2023 онд хоёр улсын харилцаа ойртох гэхээсээ илүү хурцадмал байх бололтой. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдвал, АНУ арваннэгдүгээр сарын 25-нд Хятадын дөрвөн компанийн бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглосон. Дараа нь арванхоёрдугаар сарын дундуур Хятадын 36 компанийн худалдааны хар жагсаалтад оруулжээ. Шинэ онд АНУ Хятадын эсрэг тавьсан технологийн хоригоо улам чангалах төлөвтэй байна. Экспортын хориг бусад өндөр технологийн салбарыг ч хамарч магадгүй.

АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн ирэх 10 жилийн хамгийн чухал сэдэв байх болно гэдгийг дэлхийн эдийн засгийн шинжээч Стивен Жен хэлжээ. Эл өрсөлдөөний гол тулгуур нь Европын байр суурь байх юм. Учир нь Орос, Украины дайнаас үүдэлтэйгээр Хятад, Европын харилцаанд хүндрэл үүссэн. Гэхдээ оны эцсээр Германы канцлер Олаф Шольц Бээжинд айлчилсан нь нөхцөл байдлыг бага зэрэг намжаасан юм.

“Их-20”-ийн бүлгийг ирэх онд Энэтхэг тэргүүлнэ. Тиймээс Вашингтон түншийн холбоогоо ашиглан дэлхийн нийлүүлэлтийн сүлжээн дэх Хятадын гүйцэтгэх үүргийг бууруулахаар хичээж магадгүй. Харин Хятадын алсын зорилго нь АНУ-тай холбоотон байх бус стратегийн бие даасан чиг шугамыг баримтлах явдал гэж Стивен Жен үзжээ. Энэ нь Хятадын Европт чиглэсэн удаан хугацааны хүсэл эрмэлзлийн нэг хэлбэр юм. Европын холбоо нь экспортын зах зээлийн хувьд АНУ-тай бараг эн тэнцүү бөгөөд Хятадад хөрөнгө оруулах томоохон эх үүсвэр юм.

Эх сурвалж: SCMP, BLOOMBERG, CNBC TV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж