Өнгөрөгч оны сүүлийн өдөр олон нийтийн сүлжээнд нэгэн зураг тойрсон хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хөхөө өвөл, хүйтэн гэрт хөл нүцгэн гурван хүүхэд… Аав ээжийг нь арчаагүй залхуу гэж шүүмжлэх нэгэн байхад хавтгайрсан халамжийн үр дагавар үзэх нь цөөнгүй байсан. Авчиг тэрхүү фото нь үндсэндээ, авлигажсан нийгмийн бодит дүр зураг. Орлогын тэгш бус байдлыг харуулсан ганцхан жишээ байв. Ийм орчинд, ийм нөхцөлд амьдарч байгаа мянган мянган хүүхэд манай хотод бий.
Нэгдүгээр төрөх эмнэлгийн гадаа нярайлсан ээжийн тухай улс даяараа талцаж, хэрэлдэж байна. Нэг хэсэг нь иргэнээс, нөгөө хэсэг нь эмч нараас хариуцлага нэхэв. Гэвч хөгжлийн луйварчид, дөчин их наядын нүүрснийхэн бидний ирээдүй, хүсэл мөрөөдөл, эрүүл мэнд, боловсролыг маань булаасан, хулгайлсан нэг кэйс нь энэ байв.
Иргэд нь идэх хоолгүй, түлэх түлээгүй сууж байхад эрх мэдэлтнүүд нь хулгайлсан нүүрсний хэмжээгээ тоолж мэдэхгүй болтлоо эх орноо тоножээ. Ийм луйварчин, хулгайчдыг сонгож гаргасан нь сонгогч бидний буруу. Сонгогч бид нэг ёсондоо эдлэх ёстойгоо эдлэж байна.
Нүүрсний хулгай бол ганцхан жилийн дотор гараад ирчихсэн асуудал биш юм.
“Эрдэнэс Тавантолгой” гэх төрийн өмчит компани байгуулж, улсаараа хувьцааг нь эзэмшсэн тэр үеэс үе, үеийн эрх баригчид нүүрс хулгайлж эхэлсэн. Төрийн өмч бол даргын өмч болдог албан бус хууль үйлчилсээр ирсэн. Тиймээс төрийн өмчид реформ хийх нь цаг үеийн шаардлага болов.
Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээндээ төрийн өмчид олон нийтийн хяналт оруулах ёстойг онцолсон. Гэхдээ нээлттэй хувьцаат компани болгож байж нийтийн хяналт хэрэгжинэ. Үнэндээ, Монголын төрийн өмчит компанийн даргаар томилогдож очсон бурхан Будда ч хулгай, луйварчин болж мэднэ. Иймээс тогтолцоогоо өөрчлөх нь, төрийн биш нийтийн өмч болгох нь Засгийн газрын гэрийн даалгавар болжээ.
Энэ тухайд Ерөнхий сайд шинэ жилийн мэндчилгээндээ орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө тууштай тэмцэнэ ээ л гэсэн байна лээ. Нүүрсний хулгайчидтай тэмцэхэд хууль, хяналтынхны шударга байдал чухал. Түүнээс нэг амаараа 17 хүнийг хулгайч гэж зарлаад, нөгөө амаараа тэднийг хамгаалаад байж болохгүй, АТГ-ын дарга З.Дашдаваа шиг.
Г.Занданшатарын ангиас долоон гишүүн нүүрсний хулгайтай, зургаан гишүүн нь Хөгжлийн банкны луйвартай, мөн хүчин, хүчирхийллийн хэрэгт Ч.Ундрам, Ц.Анандбазар нар холбогдсон парламентын нэр хүнд шалан дээр унаж, иргэд төрдөө итгэж чадахгүй болсон нь эмгэнэл юм. Энэ нь Монголын тусгаар тогтнол, ардчилалд илүү хортой. Үүнийг засахын тулд ҮАБЗ-ийн гурав ҮХНӨ хийхэд санал нэгдсэн бололтой, тэдний шинэ жилийн мэндчилгээг сонсоход. ҮХНӨ-ийн хамгийн чухал, Ардын намынхан Х.Баттулгаас айгаад хийж чадаагүй орхисон асуудал нь хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн тогтолцоогоо тодорхой болгох. Үүнийг ҮАБЗ-ийн дарга дэмжиж байгаагаа илэрхийлснээс харвал У.Хүрэлсүх ард түмнээсээ сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч болж түүхэнд үлдэх бололтой.
Зөвхөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар төрийн хулгай луйвар цэвэрлэгдэхгүй, цэгцлэгдэхгүй. Улс төрийн намууд ядаж л дансаа шилэн болгох хэрэгтэй. Хэн, хэчнээнийг намдаа хандивласан нь ил тод байж, улс төрд иргэдийн хяналт бий болно.
Цүнх дүүрэн мөнгө авчраад намдаа тушаадаг. Нам нь аяганы хариуг барихын тулд албан тушаалаар шагнадаг. Албан тушаалаа авлага, өглөг гэж хардгаа болихгүйгээр авлига буурахгүй. Д.Амарбаясгалан дарга “Эрдэнэс Монгол"-д нээлттэй ажлын байр зарласнаа дуулгасан. Эрх баригчид нээлттэй нэрээр өөрсдийнхөө цүнх баригчдыг шахчихгүй л байгаасай гэе.
Ямар ч юм яаж муудсан ч сайжрах тал руугаа явдаг гэж үгтэй. Иргэд нь гудамжинд гарч, засаг нь “журмын нөхдийнхөө хулгай”-г зарласны үр дүнд 2.8 тэрбум ам.доллар байсан валютын нөөц “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 500 сая ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болсон тухай Ерөнхий сайд мэндчилгээндээ дурдсан. Хэрэвзээ нүүрсний хулгайг илрүүлэх ажил эхлээгүй бол энэхүү 500 сая ам.долларыг Монголын хамгийн баян бүлэглэл урьдын адил хувааж идчихсэн суухыг хэн мэдэх билээ.
Нүүрсний экспорт өнгөрсөн жил 30 сая тонн давсан нь, тооцоолж байснаас өндөр үзүүлэлт аж. Энэ онд 36.5 сая тонн нүүрс экспортод гаргахаар улсын төсөвт суулгаж өгсөн бий. Тэгэхээр гадаад, дотоодоос ямар нэгэн саад бэрхшээл учрахгүй бол 2023 онд нүүрсний экспорт сэргэхээр байна. Тэрчлэн Оюутолгойн далд уурхайн энэ оны эхний улиралд ашиглалтад орсноор гадаад дотоодын хөрөнгө оруулалт сайжирна гэх эерэг хүлээлт бий болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “амалснаар” энэ онд эдийн засгийн шинэ сэргэлтийн жил байх бололтой. Хэрэвзээ, түүний засаг амалсандаа хүрвэл шүү дээ. Эрдэнэбүрэн, Тавантолгойн цахилгаан станцыг барьж эхэлнэ гэвэл П.Жасрайн хэлснээр “хонгилын үзүүрт гэрэл” харагдаж байна аа. Гэхдээ П.Жасрай энэхүү алдарт үгийг хэлснээс хойш 28 жил монголчууд хонгилын үзүүр дэх гэрлийг харж, хоорондоо хэрэлдэж хоосон мөрөөдөж ханалаа. Одоо хоосон мөрөөдөж, хонгилын үзүүрийн гэрлийг хараад суух биш харанхуй хонгилоосоо гарах цаг болсон байна.
Холбоотой мэдээ