"Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосноос хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрөв. Нүүрсний хулгайн хэргийг хэдхэн хүнийг шийтгэсэн болоод мартуулж болохгүй, хулгайчдыг уг үндсээр нь устгахгүй бол эх орны баялгаас зоргоороо хумсалдаг хулгайчдын “гар, хөл” тасрахгүйг иргэд сануулсаар буй юм.
Нүүрсний хулгай цэцэглэсэн он жилүүдэд ажилласан ажлын хэсэг, ерөнхий прокурорын дүгнэлт, шүгэл үлээсэн гишүүдийн баримтаас харахад, оффтейк гэрээнүүд, хоосон тээврийн улмаас улсад нийт 6.3 их наяд төгрөгийн боломжит хохирол учирсан байна. Өөрөөр хэлбэл, оффтейк гэрээнд нүүрсний үнийг маш багаар тооцжээ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” төмөр замын бүтээн байгуулалтын төлбөрт “Бодь Интернэйшнл”-д 2024 он дуустал нүүрс нийлүүлнэ.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд боловсруулаагүй коксжих нүүрсний тонн тутмыг 60 ам.доллараар 2024 он хүртэл нийлүүлэхээр, Богдхан төмөр замын гэрээнд боловсруулаагүй коксжих нүүрсний тонн тутмыг 118 ам.доллараар 2027 он хүртэл нийлүүлэхээр тус тус тохирчээ. Тухайн үед зах зээл дээр нүүрсний үнэ 194 гаруй ам.доллар байж.
Үнийн зөрүүнээс “Эрдэнэс Тавантолгой” компани 734 сая ам.долларын нүүрсний орлогоо алдаж, гэрээ дуусах хүртэл 350 сая ам.долларын алдагдал хүлээх нь. Энэ нь төгрөгөөр бодоход 3.7 их наяд төгрөг юм байна. Түүнчлэн Богдхан төмөр зам барихад хүлээх алдагдал нь 380 сая ам.доллар буюу 1.3 их наяд төгрөгт хүрчээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын мэдээлснээр, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэгч "Бодь Интернэшнл"-ийн нүүрсээр төлбөр барагдуулах гэрээг цуцлаагүй байгаа аж. "Эрдэнэс Тавантолгой"-гоос "Бодь Интернэшнл" рүү гэрээнд өөрчлөлт оруулъя гэсэн хүсэлтээ албан ёсоор тавьсан байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд “Гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй” гэж хариу ирсэн ч “Ийм ийм нөхцөлөөр гэрээнд өөрчлөлт оруулъя” гэдэг хүсэлтээ дахин тавьжээ.
Ж.Ганбат хэлэхдээ "Ер нь "Бодь Интернэшнл" компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг зах зээлийн нөхцөлөөр өөрсдөө босгосон бол хүү, алданги бүгдийг нь тооцоод өгөх нь зөв. Энэ бол шударга зарчим. Гэтэл "Бодь Интернэшнл"-ийн энэ гэрээ нүүрсээр төлбөр хийх нөхцөлтэй. Энэ бол санхүүжилт татахаас тэс өөр схем. Нүүрс нь зарагдахгүй гэх шалтгаангүй, тогтсон үнэтэй. Тиймээс нүүрсээр төлбөр барагдуулах гэрээнд тодорхой өөрчлөлт оруулах нь зүйтэй. Тэд "Чалько"-гийн гэрээтэй барьцаж ярих асуудал гаргасан. Гэтэл "Чалько" бас л тэс өөр нөхцөлтэй. Монголчууд 2011 онд "Чалько"-гоос 350 сая ам.доллар урьдчилж аваад, хэрэглээд дууссан. Дахиад ч мөнгө авсан. Авсан мөнгө болгон нь хүүтэй байсан. Харин "Бодь Интернэшнл"-ийн төмөр зам барьсан мөнгийг нүүрсээр барагдуулж, тэрэндээ 10 гаруй хувийн хөнгөлөлт өгөх нь зөв үү, эсвэл тодорхой хувь дээр тохироод явах уу гэдэг асуудал юм.
Өнөөдрийг хүртэл “Бодь Интернэшнл”-ийн нүүрсийг тасалдуулаагүй, хэвийн өгөөд явж байна. Нүүрс ачилт 19 хувьтай явж байсныг 11 хувь руу буулгасан. Бидэнд мөнгө хэрэгтэй байгаа учраас Хятадаас гуйгаад ачилтыг нь багасгасан. “Бодь Интернэшнл” аравдугаар сарын 26-нд 22, 27-нд 49, 28-нд 66 гээд хамгийн оргил үе нь нүүрс арваннэгдүгээр сарын 30-нд 171 тээврийн хэрэгсэл зэргээр нийтдээ 3963 тээврийн хэрэгслээр 72 мянган тонн нүүрс гаргасан байна. Өдөр болгон нүүрс тээвэрлэлт явж байна, зогссон өдөр байхгүй. Нүүрсээр төлбөр барагдуулалт хэвийн явж байгаа гэсэн үг. Тавантолгой-Гашуунсухайт төсөл улсдаа хэрэгтэй учраас төлбөр тооцоог дуусгаад салах нь зөв. Харин өртөг үнэтэй юү, бага уу гэдэг нь цэвэр төмөр замын тусдаа яригдах асуудал" гэсэн юм.
2013-2017 онд хийсэн шалгалтын мэдээллээс харахад, нүүрсний 1.3 их наяд төгрөгтэй тэнцэх боломжит орлого салхинд хийсчээ. Тодруулбал, Монгол Улсын хилийн байгууллага 849 мянган машин гарсан гэж мэдээлдэг бол Гаалийн ерөнхий газрын бүртгэлээр 815 мянган машин гарчээ. Зөрүү нь 34 мянган машин гээд бодоход энэ хэмжээний машин хоосон гарсан гэвэл 100 тонноор үржүүлэхэд, 3.4 сая тонн нүүрс буюу өнөөгийн үнэлгээгээр 340 гаруй сая ам.доллартай тэнцэх аж.
Хэрвээ 2012-2021 он хүртэл энэхүү хулгай үргэлжилсэн гэж үзвэл жил бүр нийт экспортын нүүрсний 2 хувьтай тэнцэх нүүрс буюу 1.3 их наяд төгрөгтэй тэнцэх боломжит орлого алга болсон гэсэн үг юм байна.
Өдгөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн зарж буй сайн чанарын коксжих нүүрсний үнэ Хятадын зах зээл дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүний ханш хооронд 80 ам.долларын зөрүү бий. Салбарынхны тайлбарлаж буйгаар, энэ нь тээвэрлэлтийн зардал, дундын хөөсрөлтэй холбоотой. Өнгөрсөн оны сүүлийн сарын байдлаар, уурхайн ам нөхцлөөр нүүрс 110 ам.доллараар зарагдаж байхад Хятадын талын НӨАТ болон бусад жижиг зардлуудаа хассан цэвэр үнийг харахад 190 ам.доллар байх жишээтэй. Үүнээс болж Монгол Улс боломжит орлогоо алдсаар байгаа юм.
Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуу нүүрсийг хил нөхцөлөөр борлуулахаар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд үнэ өсч, борлуулалт нэмэгдэхийн зэрэгцээ валютын нөөц өсч, төсөвт төлөх татвар нэмэгдэнэ гэж тооцоолсон.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд нүүрсээ хил нөхцлөөр борлуулсан бол 4.2 тэрбум орчим ам.долларын орлого нэмж олох боломжтой байжээ.
ОНЦГОЙ БАЙДАЛ ТОГТООН, БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДСОНООС ХОЙШ ЮУ ӨӨРЧЛӨГДӨВ?
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19 хувиас 13 хувь хүртэл бууруулж, өндөр дүнтэй урьдчилгаа төлсөн худалдан авагчтай хэлцэл хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ.
Үүний үр дүнд тогтоол гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой" ХК 2022.10.26-2022.12.31-нийг өдрийг дуусталх хугацаанд нийт 4.2 сая тонн нүүрс олборлож, 5.5 сая тонн нүүрс уурхайн амнаас ачуулж, 3.9 сая тонн нүүрс экспортолсон байна.
Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал 588.5 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс зөвхөн бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноос хойш 495.1 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 5.5 сая тонн нүүрс ачуулсан байна.
Нийт 500 сая ам.доллараас багагүй орлого төвлөрүүлэх хүрээнд санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, худалдан авагчдад төлөх төлбөрийг бууруулжээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр 603 сая ам.долларын өртэй байсныг 206 ам.доллараар бууруулж, өнгөрсөн 2022 оны сүүлийн өдөр 397 сая ам.долларт хүргэсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн 2022 онд нийт 11.2 сая тонн нүүрс олборлож, төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.
Засгийн газрын тогтоолоор компанид онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспортыг 2 дахин, нүүрс тээврийг 4 дахин нэмэгдүүлэн борлуулалтын орлогыг 1.1 тэрбум ам.долларт хүргэсэн байна.
Нүүрс олборлохоос экспортлох бүх үе шатыг олон нийтэд нээлттэй, ил тод болгон байгууллагын албан ёсны цахим хуудас /www.ett.mn/-т байршуулж, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийг 1.5 дахин буюу 410 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ.
Уурхайгаас ачих нүүрсний хоногийн дээд хэмжээг гурван удаа шинэчлэн тогтоож, арванхоёрдугаар сарын 21-ний өдөр уурхайгаас 1141 тээврийн хэрэгслээр 124,898 тонн нүүрс ачиж, түүхэн дээд амжилт тогтоосон байна.
Холбоотой мэдээ