Утаа үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

Утаа үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ

Утаа үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол аюултай түвшнийг зааж, иргэдийн амь насанд заналхийлж буйг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн, яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгахгүй бол 1.7 сая иргэн өдөр бүр угаарын хийгээр амьсгалсаар хордож гүйцлээ.

Хот нэлэнхүйдээ угаар дунд байх боллоо. Өтгөн саарал утаан дунд гэр хороолол сүүмэлзэж, хоолой хорсгосон гашуун утаа хамарт үнэртэж, хэл тагнайд амтагдаж байхад нийслэлчүүд яаж ч эрүүл байх билээ.

Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн эмч нар халуурсан, ханиалгасан, бөөлжсөн, таталт өгсөн хүүхдүүдийн дараалалд дарагдаж, 00 ч орох эрхгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бол эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүйгээс хүндэрсэн өвчтөнөө коридорт хүлээн авч, дараа нь тасагт шилжүүлэх арга хэмжээ авч, зохицуулалт хийж байна.

Хэдийгээр өдийд томуу, томуу төст өвчний идэвхижил ихэсдэг ч гэлээ эмчлээд, эдгээгээд явуулсан хүүхэд эргэж, эмнэлэгт хандах нь ховор байсан ч өнгөрсөн жилүүдэд эрс нэмэгджээ. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой гэж эмч нар үзэж буй.

Үнэндээ ч хотод ханиад нь эдгэхгүй байсан хүүхдийг хөдөө аваад явахад эдгэрдэг болсон. Гэвч буцаад нийслэлд ирэхэд дахиад л ханиад хүрдэг. Эмч нар хүүхдээ агаарт сайн гаргахыг зөвлөдөг ч хот дотроо агаарлах боломж алга. Гэр хороолол битгий хэл орон сууцанд амьдардаг иргэд нялх балчир үрсээ агаарт 10 минут гаргая гэхэд гадаа хага цацам угаар хуралдаж байдаг болсон. Тиймээс агаарт гаргах нэрээр хүүхдээ хордуулснаас гэрт байлгах нь аюулгүй.

Агаарын чанарын албаны мэдээ ч Улаанбаатар хот угаарт цохиулж буйг өдөр бүр сануулах болсон.

Тодруулбал, өнөөдөр (2023.01.02) 11.00 цагийн байдлаар нийслэлийн агаарын чанарын индексийн хэмжилтээр Баянхошуу “Маш их бохирдолттой” буюу 500, Дамбадаржаа 398, Хайлааст 393 зааж буй.

Өчигдөр 10:00 цагийн хэмжилтээр МҮОНРТ, Баянхошуу, Налайх орчимд агаар “Маш их бохирдолтой” байсан бол нэгдүгээр хороолол орчимд ”Их бохирдолтой” гарсан.

Нисэх, Толгойт, Дамбадаржаа, Хайлааст, Шархад орчмоор агаарын чанар “бохирдолтой” гэж гарсан.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт 10.00 цагийн хэмжилтээр МҮОНРТ, Баянхошуу, Налайх орчимд агаар "Маш их бохирдолтой" гарсан бол нэгдүгээр хороолол орчимд "Их бохирдолтой". Нисэх, Толгойт, Дамбадаржаа, Хайлааст, Шархад орчмоор "Бохирдолтой" гэх үзүүлэлт гарсан.

РМ10 тоосонцрын хүлцэх хэмжээ 100, РМ2.5 тоосонцрын хүлцэх хэмжээ 50 байдаг. Гэтэл Баянхошуу орчимд РМ10 тоосонцор хүлцэх хэмжээнээс бараг тав дахин их, РМ2.5 тоосонцор 9 дахин их байгаа юм.

PM 2.5 нь хамгийн жижиг бохирдуулагч боловч хамгийн аюултай нь юм. Амьсгалахад энэ нь уушгины эдэд гүн нэвтэрч, цусны урсгал руу орох боломжтой. Астма, зүрхний өвчин болон амьсгалын замын өвчин үүсгэдэг гэж үздэг.

Сүүлийн жилүүдэд хүн амын дунд амьсгалын замын өвчлөл эрс өссөнөөс гадна  тархины даралт, хүчилтөрөгчийн дутагдалтай хүүхэд мэндлэх нь эрс ихэссэн байдаг.

Хүчилтөрөгч дутагдсанаас булчингийн чангарал үүсдэг. Хэрэв булчингийн чангарлыг нь цаг тухайд нь эмчлэхгүй бол саажилттай болох эрсдэлтэй. Эх нялхсын эрүүл мэндийн төвийн Мэдрэлийн тасаг хамгийн их ачаалалтай болсон нь агаарын бохирдолтой холбоотой гэж үзэх нь бий.

Сайжруулсан түлш нэгэнтээ агаарын бохирдлыг бууруулж чадахгүй нь Нийслэлийн агаарын чанарын албаны мэдээ, хүн амд үзүүлж буй эмгэгшил зэргээс тодорхой болж буй тул хамгийн их бохирдолттой бүсээр нэрлэгддэг газруудыг яаралтай барилгажуулж, утаа гаргадаггүй бүс болгохгүй бол жилийн жилд 200-300 тэрбум төгрөгийг агаарын чанарыг сайжруулах нэрээр зарцуулаад нэмэргүй нь.

Бяцхан үрс хэвлийд бүрэлдэж байхдаа л агаарын дутагдалд орох, хортой угаараар амьсгалах зэргээр хордож байна.

Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаж, агаарын бохирдлыг хэлэлцэхгүй бол утаа үндэсний аюултай байдал болж хувирлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж