Өмнөд Солонгосын арми Умардын цөмийн зэвсэгээс үүдэлтэй заналхийллийг эсэргүүцэх үүрэг бүхий шинэ дивиз байгуулах болсноо өнөөдөр /2023.01.02/ мэдэгдлээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт болсон эрх баригч намын гол хурлын үеэр шинэ баллистик пуужин бүтээж, өөрийгөө хамгаалах чадавхиа сайжруулах үүрэг чиглэлийг өгсөн. Энэхүү мэдэгдлийн дараа БНСУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хороо Цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх зэвсэгтэй тэмцэх газрын байгуулахаар болжээ. Уг дивиз нь Штабын дарга нарын нэгдсэн хорооны Стратегийн төлөвлөлтийн газрын дэргэдэх Цөмийн зэвсэгтэй тэмцэх төвөөс гаралтай. Энэ нь өдгөө мэдээлэл, үйл ажиллагаа, байлдааны нэмэлт функц бүхий тусдаа хэлтэс болж өөрчлөгдөж байна.
“Бид Умардаас ирж буй цөмийн болон пуужингийн аюул заналхийлэлд нэн даруй хариу өгч, дайснаа дарах чадвартай байхын төлд эртнээс бүх хүч чадлаа дайчлах болно” гэж хошууч генерал Пак Ху хэлжээ.
Цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх зэвсэгтэй тэмцэх газар нь гурван талт системийг хөгжүүлнэ. Гурван талт систем гэдэг нь томоохон мөргөлдөөний үеэр Хойд Солонгосын удирдагчдыг чадваргүй болгох үйл ажиллагааны төлөвлөгөө, “Kill Chain” урьдчилан сэргийлэх платформ, Агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хэлнэ.
Эх сурвалж: YONHAP