-Шүүгчид шийдвэрээ тоймлож олон нийтэд хүргэдэг болсон. Орон нутагт ажиллаж байгаа шүүгчид шийдвэрээ тоймлож байгаа юу?

-Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлахаар үүрэг болгож, холбогдох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батлахаар заасны дагуу журам батлагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам” баталсныг шүүхийн шийдвэрийн тойм бэлтгэхдээ мөрдөж ажиллана. 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс журам хэрэгжиж эхэлж байна.

-Шүүгчид шийдвэрээ тоймлож бичих нь ямар ач холбогдолтой байх бол?

Шүүхийн шийдвэрийг иргэд, олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлж, хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг тайлбарлах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүхийн шийдвэрийн талаарх эргэлзээтэй байдлыг арилгах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зэрэг олон талын үр нөлөөтэй ажил. Тиймээс 2022 оноос нийслэлийн шүүгчид шийдвэрээ тойм байдлаар бичиж, олон нийтэд хүргэж эхэлсэн. Орон нутагт ч хэвшүүлэх нь зайлшгүй.

Шүүгчид шийдвэрээ хураангуйлж, тоймлож бичих нь шинэ тутам. Тиймээс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нарын хамтарсан тушаалаар тойм бэлтгэх арга зүйг тодорхойлох, холбогдох журмын төслийг бэлтгэх зорилготой Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шүүгчдэд арга зүйн зөвлөгөө өгч, уулзалт хийлээ. Шүүхийн шийдвэр бичих нь шүүгчийн үндсэн ажил. Гэхдээ хамгийн энгийнээр, хамгийн ойлгомжтой, товч байдлаар бичихэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө зайлшгүй хэрэг болдог юм байна. Орон нутгийн шүүгчдийг энэ талаар чадавхжуулж, зөвлөгөө мэдээлэл өгснөөр бүх шүүгч шийдвэрээ тоймлож бичих боломжтой болно. Тиймээс дээрх сургалт бүх аймагт үргэлжилнэ гэж бодож байгаа.

-Шүүгч, шүүх бүрэлдэхүүн гаргасан шийдвэр бүрээ тоймлож мэдээлэх үү?

-Орхон аймаг дахь шүүх гэхэд жилд хоёр мянга гаруй хэрэг шийдвэрлэдэг. Тэр бүхнийг тойм хэлбэрээр мэдээлнэ гэвэл боломжгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн анхааралд байгаа хэрэг, маргааны шийдвэрийг заавал тоймлоно. Өөрөөр хэлбэл, олон нийтийн дунд эргэлзээтэй байгаа, мэдэхийг хүссэн шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн, шүүгч заавал тоймлож бичнэ. Мөн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор олон нийтэд ач холбогдолтой гэж үзвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн эсхүл Ерөнхий шүүгч шүүхийн шийдвэрийн тойм бэлтгэхээр журамд заасан байна. Харин төр, иргэн, албаны нууц хуулиараа хориотой учраас тоймлохгүй. Ер нь сард нэгээс доошгүй шийдвэрийг тоймлож хүргэх юм билээ.

-Шүүхэд хэрэг, маргаан ирүүлснээс шийдвэр хүргэх хүртэл ажиллагааг иргэд тэр бүр мэддэггүй. Шүүх маргааныг удаасан, олон удаа хойшлуулсан гэх шүүмжлэл үүнтэй холбоотой байх?

-Хэрэг хянан шийдвэрлэх процессын хуулиудыг иргэд, олон нийт тэр бүр мэдээд байх шаардлага гардаггүй байх. Шүүх хэрэг маргааныг ямар хуулийг барьж шийдвэрлэдэг, тэр нь ямар хэм хэмжээнд нийцэж байгаа, хэргийн оролцогчид ямар эрх үүрэгтэй байдаг зэргийг процессын тоймоор мэдээлэх боломжтой. Тухайлбал, хэргийн оролцогчдын хүсэлт гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн үндэслэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц зэргийг мэдээлнэ. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэх үйл явц, гаргасан шийдвэрээ нээлттэй мэдээлж ил тод, нээлттэй байдлаа хангана гэсэн үг.

-Шүүхийн ил тод, нээлттэй байдал хангагдахаас гадна гэмт хэргээс сэргийлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой гэж ойлголоо?

-Тэгэлгүй яах вэ. Хуулийн тэр зүйлийн тэд дүгээр заалтыг зөрчвөл ийм хариуцлага хүлээнэ гэж олон нийт тэр бүр анзаарч, тогтоохгүй. Харин ийм гэмт хэрэг үйлдсэн учраас ийм хариуцлага хүлээлгэлээ гээд шийдвэрийн энгийнээр бичээд мэдээлбэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа. Хүмүүс зээл авахдаа, бусдад эд зүйлээ өгөхдөө хууль судлаагүйгээс алдаа гаргаж хохирох, шүүхээр маргаж цаг хугацаа алдах нь ч цөөнгүй. Ийм зээлийн маргааныг ингэж шийдлээ, хуульдаа ингэж заасан байдаг юм гээд мэдээлэхээр эрх зүйн мэдлэг олгохоос гадна анхааруулга болно.  Орон нутагт гэхэд ямар төрлийн хэрэг, маргаан зонхилж байна, тэр төрлийн хэрэг маргааныг тоймлох нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Үүнээс гадна орон нутагт гарч байгаа хэрэг маргааны төрлийг харьцуулан судлахаас гадна шүүхийн шийдвэрийн тойм оюутан судлаачид судалгааны бааз материал болно гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Буянхишиг