Сурвалжлага: 296 дугаар галт тэрэгний шинэ жил

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: 296 дугаар галт тэрэгний шинэ жил

Сурвалжлага: 296 дугаар галт тэрэгний шинэ жил
гэрэл зургийг убтз

Шинэ жилийн баярын нэгэн сайхан зүйл нь удаан уулзаагүй гэр бүл, амраг хос, найз нөхөд 31-ний орой халуун дулаан уур амьсгал бүрэлдүүлэн, хундага тулган ирэх оноо итгэл, хүлээлт дүүрэн угтах. Он солигдох онцгой, сэтгэл хөдөлгөм мөчийг бид хайртай дотны хүмүүстэйгээ тэмдэглэн өнгөрүүлэхээр яардаг. Үүнийг шинэ жилийн өмнөх өдөр нийслэлийн авто вокзал, нисэх онгоцны буудал, галт тэрэгний өртөөнөөс харж болно.

Улаанбаатар өртөөн дээр гэр орон, хайртай хүмүүс рүүгээ яарсан, тэднийгээ санасан хүмүүс энд тэндгүй ачаа бараагаа баглан бужигнана. Хүлээлгийн танхимд суух суудал ч бүү хэл бараадаад зогсох булан ч үгүй болтлоо их хүн иржээ. Тэдний ихэнхи нь хичээл сургууль нь амарсан оюутнууд. Эрдмийн мөр хөөж яваа тэдний дунд оюутан болсноосоо хойш төрж, өссөн нутагтаа он гаргаагүй хэсэг нөхөд ч бий. Харцнаас нь, байгаа байдлаас нь илт ажиглагдана. “Торт битгий аваарай. Охин нь хотоос амттай торт авчихсан очиж байна”, “Дүүдээ Солонгосоос ирсэн чихрийн цуглуулга бэлэглэнэ” гээд л танхим дотор утсаар догдлон ярих нь хайр хүрэм.

Удалгүй өртөөний чанга яригчаар Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчих 296 дугаар галт тэрэг тавцан талын нэгдүгээр замаас зорчигчдоо суулгахад бэлэн болсныг дуулгана. Цар тахлын үед Эрээний хил хаалттай байсан учир вагоны тоо цөөн, цуваа нь богино байсан бол энэ удаад хуучин үе шигээ жирийсэн урт цуваа гаргажээ. Билет нь ч бараг бүгд зарагдсан аж.

Галт тэрэгний хаалга ч онгойж, бидний хэлж заншсанаар проводник бүсгүйчүүд зорчигчдынхоо тасалбарыг шалгахаар үүдэндээ эгнэн зогсчээ. Танхимаас галт тэрэгний тавцан руу гарах хаалга олны хөлд дарагдаж, увж цувсаар өндөр бор хаалгаар гарч дуусав. Ерөнхийдөө хүмүүсийн нэг гарт жижиг хэмжээний гар цүнх, нөгөө гарт нь хайрцаг бялуу байна. Тун нандигнан хүмүүсийн хөлд цохичихвий, далий баричихвий гэсэн болгоомжлолтой, няхуур алхах нь тэр. Мэдээж амтат бялуу бол баярын ширээний гол төлөөлөгч учир хэн ч 31-ний өглөө царай муутай бялуу гэрийнхэндээ хүргэхийг хүсэхгүй.

Галт тэрэнд ч орсон сэрүүхэн, хүний хөл, гарнаас зайдуу орон доороо хийнэ. Баярын өмнөх өдөр болоод ч тэр үү инээмсэглэсэн, догдолсон хүмүүсээр суудал дүүрчээ. Эмээ, өвөөгийндөө шинэ оноо угтахаар аав, ээжтэйгээ явж буй бяцхан хүү, найзынхаа урилгаар гэрт нь зочилж буй гэнэтийн зочин, нутагтаа он гаргахаар суудлаа эзэлсэн оюутан гээд л зорилго ижил өчнөөн хүн байх аж.

Галт тэрэг ч хөдөлж, танихгүй хүмүүсийн танилцах яриа энд тэндгүй сонсогдоно. Сурч байгаа сургууль, ажил мэргэжлээс нь эхлүүлээд сүүлийн үеийн сонин хачин, талбайн жагсаал, Ерөнхийлөгчийн цомын бөхийн барилдаан, түгжрэл, утаа гээд ярихгүй сэдэв үгүй. Нэг нутгийн зүс мэддэг хүмүүсийн бүр ч ондоо, хувь хүн рүү чиглэсэн гэхэд хилсдэхгүй.

Улаанбаатар өртөөнөөс хөдлөөд Хонхор өнгөрөхөд л өнөөх асуудал болоод буй утаа арилж, зөвхөн цэнгэг агаар, одод цонхоор харагдана.

Төмөр замын зорчигч тээврийн үнэ өнгөрсөн аравдугаар сард нэмэгдсэн. Үүнийгээ дагаад галт тэрэгний эдлэл, хэрэглэгдэхүүн сайжирч, үйлчилгээ нь чанаржсан гэхэд буруудахгүй. Гагцхүү Оросын хуучин галт тэрэгний эд анги, бүрэлдэхүүн хэсгүүдийг солих боломжтой бол бүр мөсөн шинэчлэх хэрэгтэй мэт.

Галт тэрэгний цуваа жижиг, том гэлтгүй бүхий л өртөөн дээр зогсч, зорчигчдоо буулгаж, суулгана. Эхний томоохон өртөө болох Чойр дээр ирэхэд гадаа хэдийнэ харуй бүрий болж, зорчигчид эхнээсээ гүнд нойрондоо автжээ. Провидникууд энэ хооронд халуун ус, цай зөөж, ариун цэврийн өрөө, хогийн савыг цэвэрлэн “тамбер”-аас нүүрс зөөн галлана. Тэдний ажил барагдана гэж үгүй. 296 дугаар галт тэрэг 31-ний өдөр эргээд Улаанбаатар хот руу аялалд гарах учир тэд вагондоо 2023 оны угтана. Нэг бодлын сонирхолтой сонсогдох ч нөгөө талдаа хайртай хүмүүстэйгээ онцгой мөчийг тэмдэглэж чадахгүй гэхээр харуусмаар.

Чойр өртөөнөөс хөдлөх үед хэдийнэ вагоны гэрэл бүдгэрч, унтах цаг болсныг үгээр бус үйлдлээр зарлана. Унтах сонирхолгүй хүмүүс бүдэг гэрэлд ном уншиж, хөзөр тоглож, хууч хөөрнө. Өнгөрсөн намар их сургуулийн дөрөвдүгээр курст орсон залуу оюутан болсноосоо хойш анх удаагаа гэртээ он гаргахаар нутаг зорьж байгаа гэв. Мөн нэгэн эмээ, өвөө хоёр хүргэнийдээ шинэ оныг угтахаар Сэлэнгээс Сайншанд руу аялалд гарчээ. Тэд хотод түр саатахдаа ач хүү, охиндоо бялуу авах гэж хоёр цаг оочерлож, бараг л галт тэрэгнээсээ хоцрох дөхсөн тухайгаа ярив. Яг энэ үетэй зэрэгцэн галт тэрэгний цонхоор сарны гэрэл туссан цэлийсэн тал харж яваа ээж, хүү хоёр өвлийн өвгөн гэж байдаг эсэх талаар ярилцана. Ээжийн хэлснээр өвлийн өвгөн зөвхөн ээж, аавынхаа үгэнд сайн ордог, хичээл номоо сайн хийдэг хүүхдүүдэд бэлэг өгдөг ажээ.

Ингэж явсаар шөнө дунд Сайншандад хүрэхэд буух ёстой нь бууж, ихэнхи нь гүн нойрондоо автжээ. Хаа нэгтээ шивнэн ярилцах хүмүүсийн ганц үг тодорно. Бусдаар бол анир чимээгүй байдал ноёлжээ. Хүргэнийхээ гэрийг зорьсон эмээ, өвөө хоёр ч санасан газартаа ирж, суудал доороосоо нандигнасан ганц бялуугаа аваад буулаа.

Өглөөний наран мандаж, галт тэрэгний цуваа Борхойн тал дээр бат бэхлэгдсэн төмөр замаар ажрахгүй өртөөлөн явсаар эцсийн зогсоолдоо ирлээ. Галт тэрэг ирэхийг хүлээсэн өчнөөн хүн өртөөн дээр саатжээ. Ийнхүү 31-ний өдөр гэр дүүрэн инээд, хайр бэлэглэхээр 296 дугаар галт тэрэг үүргээ онц дүнтэй биелүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж