"Эрдэнэс Монгол" ХХК -ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ажлын хэсгээс тайлбар өгч, өнөөдрөөс /2023.01.02/ ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа талаар мэдээллээ. Тус компани нь нийт 88 ажлын байр бүхий нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар, үйлдвэр технологи, дотоод хяналт эрсдэл, төслийн судалгаа, үнэлгээний газар, хууль эрхзүй, захиргаа удирдлагын газар зэрэг нийт долоон газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулах юм. Эдгээр ажлын байран дээр нийт 88 хүнийг сонгон шалгаруулж авах бөгөөд ахлах менежер 9-12 сая төгрөг, менежер 6.5-8.5 сая төгрөг, ахлах мэргэжилтэн 4-6 сая төгрөг, мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарчээ. Нэгжүүдийг тодруулбал, нэгдсэн стратеги хөгжлийн газар дотроо хоёр хэлтэстэй 13 хүний орон тоотой. Санхүү нэгдсэн удирдлагын газар мөн хоёр хэлтэс 14 хүний бүрэлдэхүүнтэй гэхчлэн алба, хэлтэс бүрийг орон тоог нарийвчлан заажээ.
Ажлын байранд тавигдах шаардлагын тухайд “Эрдэнэс Монгол” компанид ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 2-16-ны хооронд нээлттэйгээр явуулах юм.
Боловсролын хувьд:
- Бакалавр болон түүнээс дээш
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
- Ахлах менежер нь улсад найм ба түүнээс дээш жил ажилласан байх
- Менежер нь тав болон түүнээс дээш жил төрийн болон хувийн хэвшилд мэргэжлээрээ ажилласан байх шаардлагатай.
Бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүй, төрийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестээр шалгалт авах аж. Мөн их, дээд сургуулийн мэргэжлийн профессоруудыг зөвлөхөөр авч, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын систем дээр суурилан явуулах юм байна.
Шалгаруулалтын хоёр дахь шатанд:
Эхний шаардлага хангасан боловсон хүчнүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар нүүр тулсан ярилцлага авах аж. Ингэхдээ иргэдийн төлөөлөл, улс оронд амжилттай явж буй томоохон компанийн төлөөлөл, МҮХАҮТ-ын төлөөллийг оролцуулж, нүүр тулсан ярилцлага хийх юм байна.
Бүртгэл дууссаны дараа тест шалгалтыг нэгдүгээр сарын 20, 21-нд явуулах аж.
Нүүр тулсан ярилцлагыг нэгдүгээр сарын 23-28-нд зохион байгуулж, хоёрдугаар сарын 1-нээс багаа бүрдүүлж, үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлнэ гэдгийг ажлын хэсгээс мэдэгдлээ.
Холбоотой мэдээ