Монголын хөрөнгийн бирж олон нийтийн компани болж, 34 хувийн IPO-г нийтэд нээлттэй арилжаад буй. Цахим хуудаст иргэд болон зарим эдийн засагчид хувьчлалыг хэн нэгний эрх ашигт нийцүүлж, стратегийн хөрөнгө оруулагчид гэж тодотгож байгааг онцолсон. Тэгвэл үнэхээр эрх ашиг бүхий хүмүүст хувьчилж байгаа эсэхийг холбогдох хүмүүсээс тодруулахад "Стратегийн хөрөнгө оруулагчдын тухайд өмнөх бүх IPO дээр байсаар ирсэн. 80:20, 70:30 гэхчлэн хувийг өндөр тогтоодог.
IPO амжилттай болохын тулд стратегийн хөрөнгө оруулагчид хамгийн эхний эрсдэлийг дааж ордог. Тиймээс хувь хэмжээг өндөр тогтоох зөвшөөрлийг авдаг.
Гэхдээ энэ удаагийн Хөрөнгийн биржийн арилжаанд оролцогч олон нийтийн идэвх өндөр байгаа учир 50:50 харьцаатай арилжина" гэсэн юм. Тэгвэл арилжаанд хэн нэгний эрх ашгийг нэгдүгээрт тавилгүй бүх талын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хангасан бол стратегийн 83 хөрөнгө оруулагчийг нийтэд ил болгохыг иргэд хүсч байна. Мэдээж Төрийн болон орон нутгийн өмчийн хуулиар хөрөнгийн бирж дээр арилжиж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын арилжаанд нэг этгээд болон түүнтэй хамаарал бүхий этгээд таваас дээш хувь авч болохгүй гэж заасан байдаг. Дээрээс нь улс төрд нөлөө бүхий этгээд арилжаанд шууд оролцох ямар ч боломжгүй. Тэгвэл стратегийн хөрөнгө оруулагчид эдгээр шаардлагад нийцэж л байгаа бол нээлттэй мэдээллийг өгч болно гэсэн үг.
Компанийн тухай хуулиар 34 хувь гэдэг хяналтын багцыг дангаар гүйцэтгэх босго хувьцаа. 34 хувийг эзэмшиж байгаа олон нийт биржийн засаглал, ТУЗ-д хяналт тавьж ажиллах бүрэн эрхтэй.
Арилжаанд оролцогч иргэдийн ихээр сонирхож буй зүйл бол стратегийн гэх тодотголтой этгээдүүдийн жагсаалт. "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар нийт хөрөнгө оруулагчдаас 57,865,745,500 төгрөгийн үнийн дүн бүхий 7414 захиалга авсан нь татан төвлөрүүлэх дүнгээс 4.8 дахин давсан үзүүлэлт болж арилжаа хаагдсан. Гэсэн ч жижиглэн хувь эзэмшигч иргэдэд 50-иас доошгүй хувийг өгнө гэсэн юм. Арилжаанд оролцогчдын тухайд Санхүүгийн Зохицуулах Хорооны "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 7.13-т заасны дагуу захиалгуудыг хянаж, тайланг эцэслэн гаргана. Гол нь тайланг эцэслэсэн ч стратегийн хөрөнгө оруулагчид нууц хэвээр байх уу?
Холбоотой мэдээ