Шинэ он айлчлан ирж, Монголчууд 2023 онтой золголоо. Ийнхүү монголчууд нэгэн түүхэн оныг ардаа орхиж, Төрийн гурван өндөрлөг уламжлал ёсоор тус тусын мэндчилгээг дэвшүүллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн мэндчилгээнээс харж байхад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулж, сонгуулийн тогтолцоо, Шинэ сэргэлтийн бодлогоо зузаатгах нь ээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд үндэсний эв нэгдэл, парламентын тогтолцоог бэхжүүлэхийг онцолсон бол, УИХ-ын дарга Г.Занданшатар тогтолцооны өөрчлөлтийг хийнэ гэв. Харин Ерөнхий сайдын зүгээс 2023 он эдийн засгийн өсөлтийг дэмжсэн жил байх болно гэлээ. Товчхондоо, тэд ҮБАЗ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулахад санал нэгджээ.
ПАРЛАМЕНТЫГ БЭХЖҮҮЛЖ, ХУВЬЦААГ АМЬ ОРУУЛНА
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ардчиллыг бэхжүүлэх талаар “Бидний сонгож авсан парламентын ардчилсан засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа мөн. Иймээс улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна" гэв.
Цааш хэлэхдээ "Баялагтаа эзэн монгол байхын тулд стратегийн орд газрууд болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд ард түмний хяналтыг тогтоож, ил тод, нээлттэй болгох ёстой. Мөн ард иргэддээ байгалийн баялгийнхаа зохих хувийг эзэмшүүлж, үр ашгийг нь шууд хүртдэг байх хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурал, Засгийн газар нэн даруй бүрдүүлж, бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл энэ онд 1072 хувьцааг амилуулж, үр өгөөжийг дээшлүүлэх бололтой. Түүний үгэндээ онцолсон өөр нэгэн санаа нь "эв нэгдэл", "эвтэй байхдаа хүчтэй" гэсэн санаанууд байсан агаад үүнийгээ Чингис хааны үгээр иш татсан нь бас нэгэн мессэж байлаа.
2023 ОНД ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙНЭ ГЭВ
УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх онд тогтолцооны өөрчлөлт хийнэ гэдгээ тодотгов. Тэрбээр “Ирэх 2023 он Монгол Улсын хувьд нийгмийн зөвшилцлийг хангаж, бугшмал асуудлуудаа даван туулах, алдаа дутагдлаа засаж, тогтолцооны шинэчлэл хийх, үнийн өсөлтийг зогсоох, экспорт, үйлдвэржилтийг идэвхжүүлэх зэрэг томоохон сорилтуудыг шийдэх жил байх болно. Энэ зорилгоор эдийн засаг, нийгэм, улс төр, засаглалын реформ хийх Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийг УИХ-аас дэвшүүлж ажиллана. Нийгэмд нэгэнт үүссэн бухимдал, ард олны тавьж буй шударга ёсны шаардлагыг биелүүлэх нь ирэх оны хамгийн чухал зорилт байх болно” гэв.
2023 ОН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ЖИЛ БАЙХ БОЛНО
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2022 он цар тахлыг даван туулж, эдийн засгийг тогтворжуулахад бүхэлдээ чиглэсэн бол 2023 он эдийн засгийн өсөлтийн жил байх болно” гэдгийг онцлов. Тэрбээр “Ардчилсан парламентыг төгөлдөршүүлж, орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө Засгийн газар тууштай ажиллаж байна.
- 2023 он Шинэ сэргэлтийн бодлогоо улам эрчимжүүлсэн жил байх болно.
- 2023 онд хилийн боомтууд бүрэн нээгдэж, иргэн аж ахуй нэгжүүд хэвийн байдалдаа шилжиж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт шийдвэрлэгдэж, экспорт нэмэгдсэн жил байх болно.
- 2023 оны эхний улиралд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, хөрөнгө оруулалт идэвхжин сэргэх болно.
- 2023 онд нийтийн тээврийг 100 хувь шинэчилж, Улаанбаатар хотыг тойрсон шинэ тойрог замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Хөшгийн хөндийн шинэ хотын бүтээн байгуулалт эхэлж, Эрдэнэбүрэн, Тавантолгойн ЦС-ын ажлыг эхлүүлж, эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргэх эхлэл байх болно.
- Аялал жуулчлалын тухай хууль батлагдсанаар түүхэндээ хамгийн их жуулчин хүлээн авсан жил байх болно.
- 2023 он сонгодог парламентын тогтолцоонд шилжих үндэсний зөвшилцлийг ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцсөн жил байх болно” гэв.