БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнөөдөр /2023.01.01/ АНУ-ын заналхийллийн эсрэг шинэ тив алгасагч баллистик пуужин болон илүү том цөмийн зэвсэг бүтээхийг үүрэгдлээ. "Үүсээд байгаа нөхцөл байдал нь АНУ болон бусад дайсагнагч хүчний түгшүүртэй цэргийн ажиллагааны хариуд хоёр дахин их хүчин чармайлт гаргахыг шаардаж байна. Өмнөд Солонгос нь аюултай зэвсгийг нэмэгдүүлэх гэх мэт дайсагнасан алхмуудаараа эргэлзээгүй бидний дайсан болсон. Тиймээс тактикийн цөмийн зэвсгийг бөөнөөр нь үйлдвэрлэх нь ач холбогдолтой бөгөөд хэрэгцээтэй зүйл юм. Эдгээр нь 2023 оны цөмийн болон батлан хамгаалах стратегийн үндсэн чиг хандлага байх болно" гэж Ким хэлэв.
Төлөвлөгөөний хүрээнд тус улс анхны цэргийн хиймэл дагуулаа нэн тэргүүнд хөөргөх бөгөөд бэлтгэл ажил эцсийн шатандаа байгаа аж.
Эрх баригч Ажилчны намын хурал дээр тэрбээр Хойд Солонгосын бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалахын тулд цэргийн асар их хүчийг баталгаажуулах шаардлагатайг онцолжээ. Уг хурал Хойд Солонгосын нисгэгчгүй онгоцууд Өмнөд рүү нэвтэрснээс үүдэлтэй хил дамнасан хурцадмал байдлын үеэр болсон юм. "Өмнөд Солонгос улс АНУ-ын цөмийн зэвсгийн хүчээр Умардыг тусгаарлах гэж оролдож байна" гэж тэр буруутгасан.
Хойд Солонгосын хувьд 2022 он пуужингийн туршилтын дээд амжилт тогтоосон жил болж байна. "KCNA" агентлагаас мэдээлснээр тус улс цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай 600 мм-ийн пуужин харвагчийг туршиж байгаа аж. Хамгийн сүүлийн пуужинг нийслэл Пёньян хотын Рёнсонг орчмоос харвасны дараа 400 км зайд ниссэн гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэв. Японы эргийн хамгаалалтын албаныхны мэдээлснээр пуужин 100 орчим км өндөрт хүрчээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ