Үндэсний дээд лигийн шинэ жилийн онцгой тоглолтууд өчигдөр/2022.12.31/ “UG” аренад боллоо.
М ГАРЬД 61 – 69 ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД
Эмэгтэйчүүдийн дээд лигийн хоёр хүчирхэг баг учраа таарсан. Тоглолтын эхний үед М Гарьд илүүрхсэн ч Эрдэнэтийн Уурхайчид хоёрдугаар үед хариуг нь барив. Харин гуравдугаар үед хоёр баг ойрхон тоглолтыг үзүүлж, ялагч дөрөвдүгээр үеийн төгсгөлд тодорсон. Тодруулбал, Э.Чимэддолгорын алсын зайн шидэлтүүд багаа ялалтад хөтөлсөн гэхэд буруудахгүй. М Гарьд хоёр оноо илүү байхад тэрбээр хоёр дараалсан гурван онооны шидэлтийг амжилттай болгон Уурхайчид дөрвөн илүү гарч, улмаар ялалт байгуулав.
М Гарьдын сэлгээнийхэн нийлээд ердөө ганцхан оноо авсан бол Уурхайчидын сэлгээ 20 оноо авсан нь илүү гарах шалтгаан байлаа.
ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД 102 – 65 IHC APES
Нэг ч хожигдоогүй байсан лигийг тэргүүлэгч хоёр баг хэн нь илүүгээ үзсэн. Энэ удаад Уурхайчид залуу “Apes”-т хичээл заалаа. Нэгдүгээр үеэс л илүүгээ мэдрүүлж, тоглолтын мөч, байрлал, үзүүлэлт бүр дээр давамгайлав. Ордонд цугласан үзэгчид ийм тоглолт болно гэж төсөөлөөгүй нь лавтай.
Ямартай ч Эрдэнэтийн Уурхайчид өнөөдрийн байдлаар аварга авах хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байна. Магадгүй тэд энэ байдлаараа нэг ч хожигдолгүй улирлыг өндөрлүүлж, плей-оффыг эхлүүлж болзошгүй. Өчигдрийн тоглолтод Г.Баттөр тоглолтыг гараанаас эхлүүлж, Э.Дорж-Арилд, Г.Болор-Эрдэнэ нар тоглолтод оролцсонгүй. Ингээд л харахаар тэдний бүрэлдэхүүн тун хүчирхэг байна.
Эсрэг талд “Apes” дутуугаа мэдэрч, алдаа дутагдлаа ухаарсан биз ээ.
ЗАВХАН “BROTHERS” 89 – 101 ХАСЫН ХҮЛЭГҮҮД
Даймонд Стөүн хоёр тоглолт дараалан 40 болон түүнээс дээш оноо авч, багийнхаа будагтай талбайг хамгаалж байгаа ч баг нь хожил гээчийг авсангүй явна. Өчигдрийн тоглолтод Хүлэгүүд эхний хоёр үе илүү тоглосон ч “Brothers” гуравдугаар үед онооны зөрүүг ойртуулсан. Гэвч тэнцүүлж чадаагүй. Эгзэгтэй мөчүүдэд Хүлэгүүдийн алсын зайн шидэлт амжилттай болж, оноо тэнцүүлэх боломжийг өрсөлдөгчдөдөө өгсөнгүй.
Аваргуудаас тэргүүн тоглогч Б.Билгүүн 32 оноо авч, багаа тэргүүлсэн бол Завханаас Стөүн 40 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Стөүн ирснээр Ц.Отгонжаргалын оноо авалт мэдэгдэхүйц буурсан. 24 оноо дунджилж байсан тэрбээр өчигдөр ердөө 10 оноо авчээ.
Э.Дөлгөөн бэртлээсээ эргэн ирвэл эрүүл Завхан “Brothers” аваргын төлөө өрсөлдөх хангалттай нөөц бололцоотой билээ.
Холбоотой мэдээ