Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр он гарахаас хэдхэн цагийн өмнө Киев хотод хэд хэдэн дэлбэрэлт болж, дор хаяж нэг хүн амиа алдсаныг хотын дарга Виталий Кличко мэдэгдлээ. Нийт 20 далавчит пуужингаас 12-ыг нь Украины тал устгаж чаджээ. ОХУ шинэ жилийн баярыг далимдуулж болзошгүй гэж Украины ерөнхийлөгч Зеленский өмнө нь анхааруулж байсан. Дэлбэрэлтийн тухай хэд хэдэн өндөр албан тушаалтан цахим сүлжээндээ нийтэлсэн бөгөөд Орос улс тэдний баярыг баллаж чадахгүй гэж хэлжээ.
Киев хотод агаарын довтолгооны дуут дохио дуугарахад хүмүүс хоргодох байранд нуугдсан. Нийт 20 орчим хүн шархадсаны дотор нэгэн япон сэтгүүлч байжээ. Дэлбэрэлтэд нэрвэгдсэн хэд хэдэн дүүрэгт онцгой байдлын ажилтнууд ажиллаж байна.
Зөвхөн Киев хотоор зогсохгүй баруун хэсгийн Хмельницкий хот ч нисгэгчгүй онгоцны халдлагад өртжээ. Үүний улмаас хоёр хүн шархадсан байна. Тиймээс агаарын довтолгооноос хамгаалах системийг улс орон даяар идэвхжүүлсэн.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин цэргийнхнээр хүрээлүүлэн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ. “Оросын бүрэн эрхт тусгаар тогтносон, аюулгүй ирээдүй зөвхөн биднээс шалтгаална. Үүнийг бид хэзээнээсээ мэддэг байсан. Энэ нь өнөөдөр ч нотлогдсоор байна” гэж тэр хэлсэн. Тэгвэл Украины ерөнхийлөгч Зеленский оросуудад хандан орос хэлээр мэндчилгээ дэвшүүлэхдээ “Танай удирдагч үнэндээ нуугдаж байна. Тэр та бүхний ард нугдаад эх орон, ирээдүйг тань үгүй хийж байна. Энэ аймшигт үйлдлийг хэн ч өршөөхгүй” гэлээ. Тэрбээр Украины ард иргэдэд хандаж, мэндчилгээ дэвшүүлэхдээ Оросын давшилтыг няцаах гайхалтай хүчин чармайлтыг онцолсон юм. “Бид нэг баг болж, улс даяараа тулалдаж байна. Би та бүхнийг биширч байна” гэж тэр хэллээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ