Танилц: Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд

Хуучирсан мэдээ: 2023.01.01-нд нийтлэгдсэн

Танилц: Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд

Танилц: Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд

Цар тахлын хугацаанд хэрэгжиж байсан хуулийн хоригуудын хугацаа дууссанаар аж ахуй нэгж, иргэд бүсээ чангалах шаардлага тулгарч байна. Тухайлбал, иргэд ипотекийн зээлээ төлж эхлэх бол Төрийн хэмнэлтийн хууль чангарч, халамжийг бууруулах арга хэмжээ хэрэгжих болж буй. Ингээд өнөөдрөөс /2023.01.01/ хэрэгжих хуулиудыг танилцуулъя.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛНЭ

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилнэ гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд мэдээлсэн. Цар тахлын тухай хуулийн дагуу хоёр жилийн хугацаанд хойшлуулаад байсан ипотекийн зээлийн төлөлтийг дахин хойшлуулах хүсэлтийг иргэд гаргасан ч Монголбанк, МИК, УИХ-ын гишүүд болон салбар яамны аль нь ч дэмжээгүй.

УИХ-аар 2023 оны Мөнгөний бодлогыг хэлэлцэх үед УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ипотекийн зээлийн төлөлтийг 2023 оны долдугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж буйгаа мэдэгдэж нийгэмд хүлээлт үүсгээд байсан ч талаар болсон юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ипотекийн зээлийг хойшлуулахаар дараа дараагийн зээл олголтод сөргөөр нөлөөлж байгаа. Иймээс УИХ Төрийн мөнгөний бодлогыг батлахдаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг хуучнаар нь төлөлт хийхээр баталсан” гэсэн юм.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НИЙТ ХҮҮХДИЙН 91 ХУВЬД ОЛГОНО

Энэ оны улсын төсөвт Хүүхдийн мөнгийг зөвхөн нийгмийн халамж шаардлагатай өрхүүдэд өгөхөөр тусгаж оруулж ирсэн юм.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг харгалзан 0-18 насны нийт хүүхдийн 91 хувьд хамаарах хүүхдүүдэд сар бүр улсын төсвөөс энэхүү мөнгөн тэтгэлгийг олгохоор тооцсон.

Үлдсэн есөн хувь нь өндөр хэрэглээтэй өрхөд хамаарч байгаа юм. Хүүхэд бүрийг хамруулдаг мөнгөн тэтгэмжээ Засгийн газар эцэг эх, гэр бүлийнх нь орлогоос хамаарч олгохоор болсон нь нэг талаар эдийн засгаа дэмнэж байгаа ч нөгөө талаар ялгаварласан хэрэг болоод буй.

АРХИАР ШАХАЖ БАЙГАА ХҮНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Тус хуулийн шинэ зохицуулалтын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсуудын нэг. 2013 онд үйлдвэрлэсэн архины хэмжээ 3.1 литр байсан бол 2015 онд оргил үедээ буюу 11 литр хүрсэн. Одоо 8.2 литр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм.

Архидан согтууралтаас үүдэлтэй зуурдаар нас баралт манай улсад дэлхийн түвшнээс хоёр дахин их байна.

Мөн архинаас үүдэлтэй өвчлөлт их байна. "Намайг алгас" хэмээх аян өрнөж байгааг та бүхэн мэднэ. Намайг алгас гэж байхад шахаад түүний улмаас тухайн хүн ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гаргавал шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Архи уу гэж шахаж байгаа хүн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ.

Тодруулбал, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2-т Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно.

Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж заасан хэмээн заасан" гэсэн юм.

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ШИНЭ ХУУЛЬ ХЭРЭГЖИНЭ

Бизнес эрхлэгч болон аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд ихээр нөлөөлөх Зөвшөөрлийн тухай шинэ хууль 2023 онд хэрэгжиж эхэллээ. Одоо мөрдөгдөж буй 2021 онд батлагдсан аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болж оронд нь шинээр батлагдсан Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ.

Энэ хууль бизнесийнхэнд тулгардаг олон янзын зөвшөөрлийн төвөгтэй процесс, түүнийг тойрсон төрийн хүнд суртал, хээл хахуулийг бууруулна гэсэн хүлээлт үүсгээд байгаа юм.

Хууль санаачлагчид нь ч тус хууль хэрэгжсэнээр төрөөс олгодог 1600 орчим зөвшөөрөл 360 орчим болж буурна гэсэн тооцоолол буй.

ЦАЛИНГИЙН ОРЛОГООС ХАМААРАН ШАТАЛСАН ТАТВАР ТӨЛЖ ЭХЭЛНЭ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Уг өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авна. Сарын 10 сая 01 төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдэд хамаарах юм. Тодруулбал цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгах аж.

  • 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
  • 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
  • 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар.

Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын нэгтгэсэн тайлангаас харахад цалин, түүнтэй адилтгах орлого олсон 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош татвар ногдуулан, цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлөхөөр байгаа юм.

Дэлхийн 150 орчим улсад энэ тогтолцоог хэрэгжүүлж байна. Манайх шиг, татварын нэг шатлалтай улс цөөн, 10-аад улс л бий. Илүү боломжтой хэсэг нь боломжгүй хэсгээ дэмжих,  орлогын тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн тогтолцоонд шилжиж, энэ татварыг нэвтрүүлэв.

Дэлхий нийтээр мөрдөж буй шинэчлэлийг нэвтрүүлэх нь зөв гэж эрх баригчид үзсэн.  Ирэх оны төсвийн орлогод энэ шинэчлэлийн нөлөө бага. Нэг сард арван сая төгрөгөөс дээш цалинтай иргэн 1300 орчим бий. 10-15 сая хүртэл төгрөгийн цалингийн орлоготой бол давсан хэсгээсээ 15 хувь, 15-аас дээш сая төгрөгөөс дээш цалинтай бол давсан хэсгээсээ 20 хувийн  ХХОАТ төлнө. Жишээ нь 14 сая төгрөгийн цалинтай хүн 10  саядаа 10 хувийн татвар төлнө. Үлдсэн 4 сая төгрөгтөө 15 хувийн татвар төлнө. Олон нийтэд  цалингийн нийт хэмжээнээсээ 15 эсвэл 20 хувийн татвар төлөх нь гэсэн буруу ойлголт байх шиг байсан. Энэ татвараас улсын төсөвт нийт 8 тэрбум төгрөг төвлөрнө.

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДЭНЭ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оноос 550 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцсэн байна.

Тодруулбал, улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоожээ. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байна. Үүнийг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 2024 онд мөрдөх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан шинэчлэн тогтоохоор болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж