Дэлхий суут хүмүүсээ алдсаар байна. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан ширээнд хамгийн удаан заларсан хатан хаан II Элизабетийн үхэл, Японы засгийн газрыг хамгийн олон жил тэргүүлсэн ерөнхий сайд Шинзо Абэгийн аллага энэ оны дуулиант үйл явдлууд байв.
Японы Либерал Ардчилсан намын кампанит ажлын хүрээнд Нара хотын галт тэрэгний буудлын гадна үг хэлж байхад нь зэвсэгт этгээд гар аргаар хийсэн буугаар Абэгийн амийг хөнөөсөн эмгэнэлт хэрэг дэлхийг цочирдуулсан билээ. Абэд яаралтай тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэсэн боловч зүрх нь зогссон байжээ. Ийнхүү ерөнхий сайд асан, төрийн нэр хүндтэй зүтгэлтэн Шинзо Абэ 67 насандаа долдугаар сарын 8-нд бусдын гарт амиа алдаж, япончуудыг уй гашуу, үл итгэх байдал нөмөрсөн юм.
Сэжигтэн 41 настай Тэцүяа Ямагами нь 2002-2005 оны хооронд Японы өөрийгөө хамгаалах хүчний тэнгисийн цэрэгт алба хаасан нэгэн байв. Тэрбээр ээжийнхээ санхүүгийн асуудалд Нэгдлийн сүмийг буруутгаж, Абэг өс хонзонгийн сэдлээр амийг нь хөнөөжээ. Гэвч тус сүмтэй Абэ ямар ч холбоогүй, сэжигтний ээж нь ч гишүүн биш гэдгийг Японы хэвлэл мэдээлсэн.
Шинзо Абэ 2006-2007 онд Японы Ерөнхий сайдын албыг хашсан бөгөөд 2013, 2020 онд эрүүл мэндийн шалтгаанаар огцорсон. Түүний оршуулах ёслолд Их Британийн хатан хаан тэргүүтэй олон улсын төр, засгийн тэргүүнүүд оролцож хүндэтгэл үзүүлсэн юм.
Үүнээс хоёр сарын дараа буюу есдүгээр сарын 8-нд Их Британийн хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгссөн. Тэрбээр зуныг өнгөрүүлсэн Шотландын Балморал цайздаа амар тайвнаар тэнгэртээ дэвшсэнийг албаныхан мэдээлсэн.
Тэрбээр 21 насандаа 1952 онд хаан ширээнд сууж, 70 жил засагласан бөгөөд энэ хугацаанд дэлхий маш олон өөрчлөлтийг даван туулсан. Түүний засаглал 1874 онд төрсөн Уинстон Черчиллээс эхлээд 1975 онд 101 жилийн дараа төрсөн хатагтай Трасс зэрэг 15 ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Мөн тэрбээр дэлхийн II дайныг нүдээр үзсэн нэгэн. Эцэг нь тэднийг Канад руу нүүлгэн шилжүүлэхээс татгалзсаны дараа Их Британи нацист Германтай дайтсан гурван жилийн хугацааг тэрбээр Виндзорын шилтгээнд өнгөрүүлжээ.
Хатан хаан Хааны тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан гурав дахь үеэл, Грекийн хунтайж Филипптэй хайр сэтгэлийн холбоотой болж, хосууд 1947 онд Вестминстерийн сүмд гэрлэсэн юм. Тэд дөрвөн хүүхдийн эцэг эх болж, 8 ач зээ, 12 зээнцэртэй болсон байв. Эдинбургийн гүн, хунтайж Филипп 2021 оны дөрөвдүгээр сарын 9-нд таалал төгссөн нь хатан хаанд маш хүнд цохилт болжээ.
Хатан хааны таалал төгссөн албан ёсны шалтгааныг “хөгшрөлт” гэж бүртгэсэн байдаг ч амьдралынхаа сүүлийн хэдэн сард хорт хавдартай тэмцэж байсан аж. Түүнийг миелома буюу ясны чөмөгний хорт хавдартай байсныг намтрыг нь бичсэн эрхэм мэдээлжээ.
Холбоотой мэдээ