Хятадын Коммунист намын ХХ их хурал аравдугаар сарын 16-наас 23-ны хооронд болж өндөрлөсөн. Тус хурлаар Хятадын дарга Ши Жиньпин удирдагчийн эрх мэдлээ бэхжүүлж, Коммунист намын түүхэн дэх байр сууриа дээшлүүлсэн. Тэрбээр намын Үндсэн хуульд “хоёр байгуулалт”, “хоёр хамгаалалт” гэж нэрлэгдсэн өөрчлөлтүүдийг оруулснаар намын гол цөм болов. Долоо хоног үргэлжилсэн эл хуралд Хятадын Коммунист намын олон зуун сая гишүүдийн төлөөлөл 2000 хүн Бээжин хотод хуран чуулжээ.
Хурлын төгсгөлд нам дотроо санал өгөх эрхтэй 200 орчим элитээс бүрдсэн Төв хорооний гишүүдийн нэрсийг зарлажээ. Дахин бүрдсэн намын Төв хороо нь 25 гишүүнтэй Улс төрийн хороог сонгох ба тэднээс долоон хүн нь хамгийн хүчирхэг институци болох Улс төрийн байнгын хороог бүрдүүлнэ.
Эрх мэдлийн оргил болсон тус багт түүнтэй удаан хугацаанд холбоотой явсан, мөрийн хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлж, Ши Жиньпиний үзэл суртлыг сурталчилсан албан тушаалтнууд томилогдов. Удирдагчдын шинэ бүрэлдэхүүнийг танилцуулах үеэрээ Ши "Зөвхөн зовлон зүдгүүр л агуу байдлыг авчирдаг. Зөвхөн шаргуу хөдөлмөр л илүү их алдар нэр авчирдаг" гэж хэлжээ. Байнгын хорооны долоон гишүүний гурав нь улиран сонгогдсон бол шинээр дөрвөн хүн орж иржээ. Улиран сонгогдсон гишүүдийг нэрлэвэл, намын дарга Ши Жиньпинээс гадна Жао Лэжи, Ван Хунин нар байна.
Хятад улсад цар тахлын шинэ давалгаа нүүрлэсний улмаас “covid-19-ийг тэглэх” бодлогын дагуу дахин хатуу хөл хорио тогтоож, эдийн засгийн томоохон уналтад орсон. Энэ цөвүүн цагт Ши Жиньпин удирдагч нөхцөл байдлыг буруу удирдсан гэх шуугиан дэгдэж, үүнийг дагалдаад түүнийг албан тушаалаасаа огцорч магадгүй гэсэн таамаглал гарч ирж байлаа.
Цар тахлын буруу бодлогоос гадна Хятад улсыг олон улстай сөргөөцөлдсөн хүнд нөхцөл байдалд оруулсан, Коммунист намынхны дотоод хагарал гэсэн томоохон шалтгаануудыг гадаадын хэвлэлүүд тухайн үед онцолж байв. Гэвч намын их хурлаар 69 настай Ши Жиньпин Хятадын даргаар үлдэх нь тодорхой болсон ба үүнийг ирэх хавар болох Бүх Хятадын Ардын их хурлаар батламжлах юм. Тэрбээр намын дарга, Хятадын төрийн тэргүүн, цэргийн командлагч гэсэн гурван гол албан тушаал хашиж байна.
Холбоотой мэдээ