Чингис бондын төлбөрийг хийж, дефолтоос хамгаалав

Хуучирсан мэдээ: 2022.12.30-нд нийтлэгдсэн

Чингис бондын төлбөрийг хийж, дефолтоос хамгаалав

Чингис бондын төлбөрийг хийж, дефолтоос хамгаалав

Гадаад валютын нөөц буурсан, экспортын орлого эрс саарсан, инфляци 15 хувьд хүрсэн хүнд үед Монгол Улсын Засгийн газар энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд “Чингис” бондын үлдэгдэл төлбөр болох 136.8 сая ам.долларыг барагдуулсан нь дефолтоос сэргийлж, зээлжих зэрэглэлийнхээ чанарыг олон улсад хэвээр хадгалж чадсан чухал үйл явдал болов. Монгол Улс арван жилийн өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд том төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор олон улсын хөрөнгийн зах зээлээс  1.5 тэрбум ам.долларын бондыг арван жилийн хугацаатайгаар 4.125-5.125 хувийн хүүтэй “босгосон”. Үүнийгээ төлж чадахгүй хүрэх бодит эрсдэл эдийн засагт нүүрлэсэн байлаа.

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллээр “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-н хүртэлх хугацаанд нийт 542.9 сая ам.доллар төлсөн бол 2022 оны арванхоёрдугаар сард 3.4 сая ам.долларыг сүүлийн хүүгийн төлбөрт төлж, барагдуулжээ.

Чингис бондын санхүүжилтийн 63 хувийг төсвийн шинжтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулсан бол олон жил яриад хэрэгжүүлж чадахгүй байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төсөл, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох төсөл, иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах хүрээнд “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” орон сууцны хороолол барьж байгуулах төсөл, нийслэлийн авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх, барилгын материалыг дотоодоосоо хангах зорилгоор цементийн үндэсний үйлдвэрийг барихад зарцуулжээ.

Томоохон төслүүдээ урт хугацаат, бага хүүтэй зээлээр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2011 онд Хөгжлийн банкийг байгуулсан ч 2022 оны эхэнд дампуурлаа зарлаж болзошгүй хүнд байдалд орсныг гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн нь олныг сэртхийлгэв. Учир нь, Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55 хувь нь буюу 1.7 их наядын зээл чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байлаа. Засгийн газраас Хөгжлийн банкинд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах үүрэг өгч, мөн зээлээ төлөхгүй гүрийж байсан 26 томоохон зээлдэгч нарын нэрсийг зарласнаар үр дүнд хүрсэн.

Хөгжлийн банк нь Засгийн газрын баталгаатай Евро бондын 500 сая ам.долларыг 2023 оны есдүгээр сард, Самурай бондын үндсэн төлбөр болох 30 тэрбум иенийг 2023 оны арванхоёрдугаар сард тус, тус төлөх хуваарьтай. Энэ нь Хөгжлийн банк дампуурах эрсдлээс гарсан төдийгүй зээлийн эргэн төлөлтөөр Самурай бондын төлбөрийг хийх бүрэн боломжтой болсон аж. Самурай бондын 30 тэрбум иен нь өнөөгийн ханшаар 751.5 тэрбум төгрөг болно.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны нэгдүгээр улирлаас Монголбанкан дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулж эхэлсэн бөгөөд ам.доллартай харьцах иенийн ханш 20-иод хувиар суларсан нь иен худалдан авах таатай нөхцөлийг  бүрдүүлж, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн зардлыг хэмнэх боломжийг ч бий болгожээ.  Нөгөө талдаа “Самурай” бондын төлбөрийг бүрдүүлснээр хөрөнгө оруулагч болон олон нийтэд Монгол Улсын Хөгжлийн банканд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж