Монголыг хорлосон хулгай

Хуучирсан мэдээ: 2022.12.30-нд нийтлэгдсэн

Монголыг хорлосон хулгай

Монголыг хорлосон хулгай

Монголд өнчин ишиг хулгайлбал шоронд, төмөр замыг вагонтой нь, вагоныг нь нүүрстэй нь хулгайлбал ордонд залардаг нь хэвийн үзэгдэл болжээ.  Хэрэвзээ шударга ёс  Монголд байдаг аваас тэр нь УИХ-ын танхимаас эхлэх учиртай.  Харамсалтай нь,  Төрийн  ордон  хулгайчдын нуугддаг газар  болсныг  Хөгжлийн банкны луйвар хийгээд нүүрсний хулгайн хэргээс харж болно.  УИХ, Засгийн газрын гишүүд нэр холбогдсон, тэр ч бүү хэл экс Ерөнхийлөгчөө хулгайн гол сэжигтнээр хууль, шүүх нь дуудсан, эдийн засаг, улс төр, нийгэмд доргилт авчирсан авлигын том дуулиант хэргүүд 2022 оны трэнд сэдэв байлаа.  “Анд нөхдийнхөө” авлигатай УИХ, Засгийн газар, хулуь шүүх нь хэрхэн тэмцэх нь монголчуудын төдийгүй гадаадынхны анхаарлын төвд байна.

Оны эхэнд Хөгжлийн банкийг тонож идсэн гэх 1.7 их наядын хулгайд цөөнгүй улстөрч нэр холбогдож, зарим нь парламентын танхимд сууж байгаа  нь эрх баригчдаас иргэд шударга ёс нэхэх шалтгаан болсон юм.

Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, нэг ч эргэн төлөлт хийгээгүй, эзэнгүй хэдэн үхэр энд тэндээс олдсон  эрх баригч намын, цагаан захтнуудын хулгай луйврын хэргээр ял шийтгэл авсан хүн одоохондоо алга.  Хөгжлийн банкны экс удирдлагуудыг барьж хорьсноос өөрөөр парламентад суугаа улстөрчдөөс нь хариуцлага хүлээсэн хүн байхгүй.  Хууль, шүүх, олон нийттэй хамтарч тэмцсэний үр дүнд ямар байсан Хөгжлийн банк алдсан 1.7 их наядынхаа нэг их наядыг эргүүлэн төлүүлсэн юм. Улсынх нь нийт иргэдийн олонх нь саяас дээш орлогогүй, тэрбумыг том тоо гэж ойлгодог, боддог байсан монголчууд өнөөдөр их наядаар нь хулгайлдаг болсны хамгийн том жишээ бол нүүрсний хулгай. Дөчин их наяд хүртлээ “томорсон”, хууль, шүүхийнхэн нь тооцож гаргаж чадахгүй байгаа нүүрсний хулгайн хэрэгт сэжигтнээр 17 хүнийг АТГ-аас нэрлэсэн.

АТГ-аас нэрлэсэн улстөрчдийн долоо нь УИХ-ын гишүүд, тэдний тав нь эрх баригч МАН-ын бүлгийнх.  Харин  тэдгээр 17 хүний арав нь МАН-ын цагаан байрны, Ерөнхий сайдын “анд нөхдүүд” гэж хэлж болно.

Нэгэн цагт Төрийн ордны гурван давхраас шүүгч, прокуроруудад хэрэг захиалдаг байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрсний болон Хөгжлийн банкны луйварт холбон хулуь шүүхээс шалгаж эхэлсэн агаад түүнийг дуудаж байцаалт авсан. Гэвч үүнээс хоёр өдрийн дараа өвчин шалтаг тоочсон экс Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөд Солонгосыг зорьсноор нүүрсний хулгайтай хийх тэмцэл ерөнхийдөө өндөрлөх тийшээ орлоо.

Гэхдээ ямар ч юм муудсан сайжрах тал руугаа явдаг гэгчээр төрийн нууцад авсан төмөр замын оффтейк гэрээнүүд ил болж,  цаашид үндэсний бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүдийг төрийн нууцад авахыг хориглохоор болсон. Мөн авлига, албан тушаалын хэргийн ялыг хүндрүүлсэн гэх мэт  тодорхой арга хэмжээг УИХ, Засгийн газраас авах болсон. Гэвчиг авлига, албан тушаалын гол хэрэгтнүүд нь хуулийн хамгаалалт дор, хулгай луйвраа хийж, хууль батлаад сууж байгаа нь  өөрөө шударга бус юм. Иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, ажил орлого,  улсынхаа эдийн засаг, ирээдүйг нь хулгайлсан улстөрчид Төрийн ордноос яваагүй цагт Монгол шударга ёс тогтохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж