Үндэсний дээд лигийн ээлжит тоглолтууд өчигдөр/2022.12.28/ “UG” аренад боллоо.
Аравт 65 – 76 ОТИС Шилүүснүүд
Аравтын тааруу улирал үргэлжилж байна. Өчигдөр тэд Шилүүснүүдэд хожигдсоноор улиралд 0-5 гэсэн амжилттай болов. Тэд тоглолтыг сайн эхлүүлж, улмаар эхний гурван үе ойрхон өрсөлдөөн үзүүлсэн. Гэвч Шилүүснүүд шийдвэрлэх үед илүүрхэж, улирлын хоёр дахь ялалтаа байгууллаа.
Шилүүснүүд багаараа 11 удаа алсын зайн шидэлтийг амжилттай болгож, сэлгээ нь 40 оноо авчээ.
Хасын Хүлэгүүд 107 – 82 Баянгол Харцага
Хүлэгүүд учраа олоод эхэлчихжээ. Улирлыг тааруу эхлүүлж, гарааны холбон тоглогчоо бэртэлд алдсан тэд 3-3 гэсэн амжилттай боллоо.
Өчигдөр лигийн талбайд Б.Билгүүн-Б.Мөнхтүвшин гэх ах дүүсийн тулаан өрнөв. Б.Мөнхтүвшин багаа манлайлан, тоглолтыг сайн эхлүүлсэн ч хэмнэлээ удаан хадгалж чадсангүй. Т.Мэндбаяр, О.Сэргэлэн нарын гарааны үүргийг хуваан гүйцэтгэж буй С.Мөнхбаатар, Г.Насанжаргал ажлаа сайн гүйцэтгэв.
Аваргууд нэгдүгээр үеэс 12 онооны зөрүү үүсгэж, үүнийгээ хадгалсаар итгэл төгс ялалт байгуулав. Харцага эргэн ирэх оролдлого хийсэн боловч Вүден Жуниор, Стэнфорт Жуниор гэх Хүлэгүүдийн легионер тамирчид багийнхаа оноог асуудалгүй ахиулж, баригдсангүй.
М Гарьдад ирсэн ч гэнэт Харцагатай нэгдсэн ч Трой Бакстер Жуниор хоёрдугаар хагаст талбайд гарч Монголд ирсэн гэдгээ харуулж, гайхалтай тохолт, хаалтыг гүйцэтгэсэн. Ирэх тоглолтоос тэрбээр багтаа уусч, Харцагууд учраа олох биз.
М Гарьд 80 – 78 Завхан “Brothers”
Даймонд Стөүн лигийн дебют тоглолтдоо тодоор гялалзсан ч баг нь ялалт байгуулж чадсангүй. Багийн ахлагч нь эргэн ирсэн М Гарьд хүндхэн тоглолтын төгсгөлд Б.Мөнхболдын хожлын шидэлтээр ялалт байгууллаа.
Тоглолтын эхний үед М Гарьдын хамгаалалт сайн ажиллаж, Стөүнийг хазаарлаж чадсан ч цагтаа Клипперст зүтгэж явсан тэрбээр 48 оноо 19 самбараас бөмбөг авалттай тоглолтыг дуусгажээ.
Харин эсрэг М Гарьдаас өмнөх тоглолтыг өнжөөд байсан Малколм Ретт эргэн ирж, 19 оноо 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэв. Үүнээс гадна гурван хаалт, гурван бөмбөг таслалт хийжээ. Улирлын анхны тоглолтдоо оролцсон багийн ахлагч О.Эрдэнэцогт 13 оноо авч, долоон ашигтай дамжуулалт өгч, үндсэн ажилдаа онц дүн авчээ.
Тооны харьцаа 78-72 М Гарьд илүү, тоглолт дуусахад хоёр минут дутуу байхад Завханаас Стөүн, Д.Мөнхтүвшин нар дараалсан алсын зайн шидэлтийг амжилттай болгож, тоог тэнцүүлсэн. Улмаар тоглолт өндөрлөхөд таван секунд дутуу байхад Б.Мөнхболд хожлын шидэлт хийж, багаа ялалтад хөтөллөө.
М Гарьд, Хүлэгүүд зэрэг лигийн баялаг түүхтэй багууд эргэн учраа олж эхлэв. Харин Завхан “Brothers” 1-5 гэсэн амжилттай лигийн хомоол хамж байна. Ирэх тоглолтуудаас багийн лидер Э.Дөлгөөн ирж, учраа олох нь лавтай.
Холбоотой мэдээ