Тойм: Авлигын эсрэг ард түмэн гудамжинд гарав

Хуучирсан мэдээ: 2022.12.29-нд нийтлэгдсэн

Тойм: Авлигын эсрэг ард түмэн гудамжинд гарав

Тойм: Авлигын эсрэг ард түмэн гудамжинд гарав

Хөгжлийн банкны луйврын хэрэг үнийн өсөлт, эдийн засгийн хямралд нэрвэгдсэн иргэдийн бухимдал дээр тос нэмж, авлигачдын эсрэг залуус гудамжинд гарч, Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн юм. Ерөнхийдөө 2022 онд иргэд бухимдалтай, эрх баригчид донсолгоотой байсан гэж хэлж болно. Жагсаалын салхийг хагалж, залуус төв талбайд гарч ирэхдээ эрх баригчдаас Монголдоо сайхан амьдармаар байгаагаа шаардав, нэхэв, жагсав.

Ковидизмын жагсаалаас хойш ажин түжин, унасан амьдралаа босгох, болгох гэж чармайсан залууст төрийн бодлогогүй зохицуулалт, судалгаагүй шийдвэрүүд гай болсоор буйг тэвчилгүй тэсэрчээ. Аливаа асуудлыг аргацаадаг, асуудал гарвал бусад руу бухдаг эрх баригчдад элдэв сүржин үгтэй, цүнх баригчдын даржин жагсаалаас огт өөр жагсаалыг орчин үеийн оюутан залуус үзүүлэв. Тэд дунд, ахмад үеийнхэн шигээ халамж  нэхсэнгүй, харин ажилтай, орлоготой байлгана гэсэн амлалтаа биелүүлэхийг Засгийн газраас шаардсан.

Сүхбаатарын талбайд гурван өдөр тайван жагсаалаар эсэргүүцлээ илэрхийлсэн Монголын залуусын өмнө Монголын Ерөнхий сайд өөрийн биеэр гарч ирж, тэднээс уучлалт гуйхдаа авлига, албан тушаалын хэргүүдтэй нам харгалзахгүй тэмцэхээ амлаж байв.  Жагсаалын шаардлагын дагуу Эдийн засгийн хямралыг даван туулах бодлогоо Засгийн газар УИХ-аар батлуулж, төрийн хэмнэлтийг хэрэгжүүлсэн.

Тэдний тэмцэл нийт 15 зүйл бүхий шаардлага байснаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн. Тэгвэл нүүрсний хулгайн асуудлаар иргэд хөхөө өвлийн хүйтнийг үл анзаарах төв талбайдаа жагссан. Өөрөөр хэлбэл, авлига, хулгайг эсэргүүцсэн иргэд ахиад гудамжинд гарсан юм.

Нүүрсний хулгай гэх монголчуудын баялгийг цөлмөсөн  дуулиант хэргийг шударгаар шийдэхийг тэд одоо ч шаардаж буй. Эрх баригчид, улс төрийн намууд, улстөрчид энэхүү жагсаалыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг оролдсон ч, эцэстээ жагсагчдыг албадан тараахад хүрсэн юм.

Хэдэн их наядын нүүрс хулгайлсан хулгайчдын нэрсээ жагсагчид зарлахыг шаардсан юм. Жагсагчдын тавьсан шаардлагыг дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа гарч ирэхдээ мөн л анд нөхдийнхөө авлига, албан тушаалын хэргүүдийг өршөөхгүй, тэмцэхээ илэрхийлсэн билээ. Жагсаал зорилготой, зорилгогүй, санхүүжилттэй, санхүүжүүлэлтгүй гэж олон нийт маргаж буй ч ямартаа ч үүний үр дүнд АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт 50 гаруй хүнийг шалгаж байгаа талаар мэдээлсэн. Мөн 17 улстөрчийн нэрсийг зарласан. Ийнхүү энэ жилийн хоёр ч том жагсаал эрх баригчдыг багагүй бажигадуулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж