Уушгины хатгалгаа, амьсгалын замын үрэвсэлт өвчний нийтлэг шалтгаан бол синцитиал вирус (RSV) юм. Энэхүү вирус нь амьсгалын замын нийтлэг вирус бөгөөд ханиадтай төстэй шинж тэмдэгтэй.
Тус вирусийн халдвараар өвчилсөн хүүхдүүд Европ, АНУ даяар эмнэлгийн орыг дүүргэж байна. Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, Франц, Ирланд, Испани, Швед, АНУ-д хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо эрс нэмэгджээ. Бусад оронд ч синцитиал вирусийн халдвар эрс нэмэгдэж буйг онцлон тэмдэглэсэн байна.
“Covid-19 цар тахлын нөлөөлөл үргэлжилж, амьсгалын замын бусад эмгэг төрүүлэгчдэд нөлөөлж байгаа тул энэ өвөл хэрхэхийг урьдчилан таамаглахад хэцүү байна” гэж Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв, Европын комисс, ДЭМБ-ын хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Энэхүү вирус Канад, Мексик, Бразил, Уругвай, АНУ-ын эрүүл мэндийн системд дарамт учруулж буй бөгөөд тэр дундаа нэг нас хүрээгүй нялх хүүхдүүдэд онцгой нөлөө үзүүлж байна. Ердийн жилүүдэд ч гэсэн АНУ-д 60-120 мянган ахмад настан эмнэлэгт хэвтдэг ба тэдний 6-10 мянга нь синцитиал вирусийн халдвараар нас бардаг.
Хүүхдүүдийн хувьд дэлхий даяар жил бүр 3.6 сая орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж, тав хүртэл насны 100 мянга гаруй хүүхэд энддэг. Баян чинээлэг орнуудад ч гэсэн эрүүл саруул 56 хүүхэд тутмын нэг нь амьдралынхаа эхний жилд синцитиал вирусийн улмаас эмнэлэгт хэвтдэг аж.
АНУ-д 2021 оны долдугаар сараас 2022 оны хоёрдугаар сарын хооронд синцитиал вирусийн халдвар тогтмол өндөр байсан. Гэвч энэ оны 7, 8 дугаар сард тоо нь улам бүр нэмэгджээ. Өдгөө синцитиал вирусийн халдвараар эмнэлэгт хэвтэх нялх хүүхдүүдийн тоо 2018 оныхоос долоо дахин их байгаа нь анхаарал татаж байна.
Эх сурвалж: THE GUARDIAN
Холбоотой мэдээ