Хятад улс ирэх сарын 8-наас гурван жил үргэлжилсэн “Тэг ковид” бодлогоо үндсэндээ цуцлахаар болсон. Тодруулбал, Хятадад зорчигчид хилээр нэвтрэхдээ шинжилгээ өгөх шаардлагагүй бөгөөд хорио цээрийн дэглэмд хамрагдахгүй.
“Тэг ковид” бодлого өөрчлөгдөх тухай мэдээлэл цацагдсанаас хойш ердөө 30-хан минутад аяллын цахим хуудсууд ачааллаа дийлэхээ байжээ. Гадаадад аялах захиалга сүүлийн гурван жилд байгаагүй дээд хэмжээндээ хүрэв.
“Trip.com” аялал захиалгын хуудаст мэдээлснээр, нэгдүгээр сарын сүүлээр сар шинийн баярыг тохиолдуулан хятадууд хилийн чанадад аялахаар яарч байгаа аж. Хятадын сар шинийн баяр буюу хаврын баяр энэ жил нэгдүгээр сарын 21-нээс 27-ны хооронд таарч байна.
Хятадуудын аялахыг хүсч буй шилдэг 10 чиглэлд Япон, Тайланд, Өмнөд Солонгос, АНУ, Сингапур, Малайз, Австрали, Их Британи, Макао, Хонгконг оржээ. Сонирхолтой нь, энэ жагсаалтад Европ тивээс нэг ч улс багтаагүй байна.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ