Оны хүн: МОНГОЛЫН “АЛТАН ГУРГАЛДАЙ”

Хуучирсан мэдээ: 2022.12.30-нд нийтлэгдсэн

Оны хүн: МОНГОЛЫН “АЛТАН ГУРГАЛДАЙ”

Оны хүн: МОНГОЛЫН “АЛТАН ГУРГАЛДАЙ”

Устай торхонд толгойгоо хийгээд, цангинатал дуулдаг хүүгийн мөрөөдөл биелж, тэр хэдийнэ дэлхийн тайзнаа гарчээ.  Талын Монголын алтан гургалдай, Э.Амартүвшин өнөөдөр  дуурийн эх орныг дуу хоолойгоороо бишрүүлж, урлагийн оргил өөд тэмүүлж явна.

“NEWS агентлаг 2004 оноос эхлэн жил бүр “ОНЫ ХҮН”-ийг тодруулж ирсэн билээ. Тухайн жил үг, үйлдэл, бодлого шийдвэр, үйл ажиллагаа, уран бүтээлээрээ олон нийтэд эерэг, сөргөөр нөлөөлсөн болон нийгмийн анхаарлын төвд байсан эрхмүүдийг энэхүү номинациараа онцолдог. Энэ жилийн буюу 2022 оны “ОНЫ ХҮН”-ээр ЭНХБАТЫН АМАРТҮВШИНГ нэрлэж байна.

Тэрбээр наран мандах зүгт, Сүхбаатар аймгийн Халзан суманд багш Энхбатын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Гурван хүүтэй айлын дундах нь агаад дуучин болох  нь түүний насан багын мөрөөдөл нь байв. Гэрийнхээ орны хөшгийг ярж, “Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуулна” хэмээн өөрөө өөрийгөө зарлаж явсан бяцхан хүүг өнөөдөр тив дэлхий зарлаж байна. Түүнийг 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр тодруулсан юм.

Монгол хөвгүүд, монгол хүүхдүүдийн адил багадаа хурга ишиг хариулж, хурдан морь унаж өссөн хүүгийн өвөө нь манлай уяач А.Ухна. Харин аав нь аймгийн алдарт уяач Л.Энхбат.  Адуу нь зүсээрээ налайдаг, адууны удамт монгол хүүг дуурийн урлагт тод мөртэй, дэлхийд данстай дуучин болно гэж хэн ч төсөөлөөгүй байх.

Э.Амартүвшин Сүхбаатар аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуулийг төгссөн. Хар багаасаа тэрбээр нутагтаа од хүү байсан гэдэг.  Аравдугаар ангидаа “Хадган цэнхэр аялгуу” анхны тайлан тоглолтоо хийж, нутаг усныхаа ах дүүсийг баярлуулж явсан их эд.

“Монгол Улсын залуу баритон Э.Амартүвшин дөнгөж 30 настай боловч “Риголетто” дүрийн нууц далд санаа, онцлог болгоныг хэдийнээ таньж мэдсэн мэт санагдлаа. Дуурийн гол дүрийн хамгийн зовж шаналсан хэсгүүдийг тодотгосон дуулалтын үг хэллэг, дуудлага нь төгс байсан бөгөөд маш их гашуудан эмгэнэж буй эцэг хүний дүрийг гайхалтай бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээн, нижигнэсэн алга ташилтыг зүй ёсоор хүртлээ’ хэмээн 2017 онд Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Энхбатын Амартүвшингийн талаар Италийн “Өглөөний сонин”-д магтан бичсэн байдаг.

Ийнхүү тал нутгийн хүү Э.Амартүвшин Италийн хамгийн эртний алдартай задгай тайз болох Верона хотын Аренад Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрээр танигдаж, дуурийн эх орныг уулга алдуулж явна.

Түүний багш Ц.Ерөө “Риголетто” дуурийг нэлээн нас ахисан, туршлагатай дуучид дуулдаг. Гэхдээ чи Х.Уртнасан багштайгаа хичээллээрэй” гэж зөвлөсний дагуу энэ дуурийг анх хамгийн залуу буюу 25-хан насандаа анх дуулсан байдаг. Мэдээж залуу уран бүтээлчийн хувьд авьяас, чадал сорьсон олон зүйлтэй нүүр тулсан ч зогсолтгүй хичээсний үр дүнд олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, амжилтын гараагаа эхлүүлсэн.

Тэрбээр анх 2010 онд Оросын алдарт дуучин Галина Вишневскаягийн нэрэмжит уралдаанд оролцоод, нэгдүгээр түүврээсээ хасагдсан байна. Үүний дараа Парист болсон уралдаанд шилдэг 20 дуучны нэгээр шалгарчээ. Ийнхүү тэрбээр амжилт руу алхам алхмаар дөхсөөр л байв. Харин 2011 онд Буриадад болсон “Вайкаль” олон улсын уралдаанд түрүүлж, тэр жилдээ Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс хоёрдугаар байр болон үзэгчдийн нэрэмжит шагналыг эх орондоо авчирсан юм. Үүнээс хойш монгол залуугийн нэр дэлхийд шуугиан тарьж эхэлсэн түүхтэй.

Э.Амартүвшин 2015 онд дуурийн урлагийн оргил, дэлхийн шилдэг дуучин шалгаруулах “BBC Cardiff Singer of the World” наадмын хоёр том шагналын нэгийг хүртсэн билээ. Э.Амартүвшин одоо дэлхийн алдартай тайзан дээр жинхэнэ мэргэжлийн дуучин гэдгээ харуулахаар хөдөлмөрлөж буй. Хэдхэн хоногийн дараа дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын нэг АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа түүний дуу хоолой цуурайтна. Дуу бол түүний амьдрал, амьдрал бол түүний дуу юм.

NEWS агентлагийн “ОНЫ ХҮН”

  • 2004 он: Долгорсүрэнгийн ДАГВАДОРЖ
  • 2005 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
  • 2006 он: Миеэгомбын ЭНХБОЛД
  • 2007 он: Мөнхбатын ДАВААЖАРГАЛ
  • 2008 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  • 2009 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
  • 2010 он: Сүхбаатарын БАТБОЛД
  • 2011 он: Доржсүрэнгийн БОЛД
  • 2012 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  • 2013 он: Ринчиннямын АМАРЖАРГАЛ
  • 2014 он: Батхуягийн МӨНГӨНТУУЛ
  • 2015 он: Зандаахүүгийн ЭНХБОЛД
  • 2016 он: Доржсүрэнгийн СУМЪЯА
  • 2017 он: Халтмаагийн БАТТУЛГА
  • 2018 он: Ухнаагийн ХҮРЭЛСҮХ
  • 2019 он: Хөх Монголын ХҮННҮ РОК
  • 2020 он: Covid-19
  • 2021 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж