Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр маргааш /2022.12.28/ тохиож буй. Энэ өдрийн талаар Монгол бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал тодрууллаа
-Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр ямар ач холбогдолтой вэ?
-Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Мөн тухайн үед тусгаар тогтноход Гандантэгчэнлин хийдийн олон лам нар тэмцэн манлайлал үзүүлсэн байдаг. Тиймээс монголчуудын хувьд түүхэн чухал өдөр хэмээн үзэж, УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон юм.
-Энэ өдөр Гандантэгчэнлин хийдэд ямар үйл ажиллагаа болох талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Гандантэгчинлэн хийдээс энэ өдрийг тусгайлан тэмдэглэн баярын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Маргааш Монгол бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Чойжамц ламтны уриалгын дагуу Монгол Улсын бүх сүм хийдүүд нийлэн Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Цагийг тохинуулагч залбирал”-ыг ээлж ээлжээр хурах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Мөн маргааш 11:00 цагаас есөн “Есөн богдын дончад” 1000 тахилт хурлыг Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд хийхээр төлөвлөөд байна. Түүний дараагаар 16:00 цагт Төр төвшин амгалан, улс орон хагаралдан бутрахгүй байхын тухайд “Цагийг тохинуулагч залбирал”-ыг уншиж түүний тайлбарыг н.Бямбажав ламтан хийж сүсэгтэн олон нийлэн хурах арга хэмжээ явагдана.
-Иргэд энэ өдөрт зориулан ном хуруулах нь хэр их байдаг вэ?
-Иргэд энэ өдрийн талаарх мэдлэг дутмаг байдаг. Гандантэгчэнлин хийдийн зүгээс энэ өдөрт зориулан сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаа зохион байгууллаж байна. Монголчууд шинэ жилийн баяртаа хэт анхаарал хандуулаад энэ өдрийг тоодоггүй. Гэтэл 111 жилийн ой болоод байдаг. Харин төр бол энэ өдрийг чухалчилж үзээд хүндэтгэн УИХ-ын чуулган хуралддаг . Түүнчлэн Ерөнхийлөгчийн цомын барилдаан болдог. Хүмүүс энэ өдрийг бөх үзэхээс өөрөөр мэдэхгүй байгаа.
Тусгаар тогтнолоо мэдэхгүй бол ирээдүйд муугаар нөлөөлнө.
Тухайн үед Манж Чин гүрний дарлалд байсан улс орнуудаас ганцхан Монгол Улс тусгаар тогтнол эрх чөлөөгөө зарлаж чадсан байдаг. Бусад Манжийн дарлалд байсан улсуудаас тусгаар тогтнол эрх чөлөөгөө улсууд нь одоо хүртэл Хятадын улс болоод явж байгаа. Энэ өдөр бол Монголчуудын хувьд үнэхээр ач холбогдолтой өдөр юм.
-Энэ өдөр иргэд ямар зан үйл хийх ёстой вэ?
-Энэ өдөр шашин төрийг хослон барьсан Богд хаан залагдаж байсан. Түүнээс гадна төрийн далбай, дуулал гэх мэт шашны их холбогдолтой. Бага хаадын их хагаралдаж байсан үеэс Өндөр гэгээн Занабазар “Цагийг тохинуулагч залбирал”-ыг зохиож энэ тоондоо хүрсэн тохиолдолд Монгол Улс мандан бадарна гэж айлдаж байсан билээ. Тиймээс лам гэхгүй хүн бүр уншвал зохистой. Энэ залбирал нь Монгол Улс бат оршин тогтноход зохиосон ерөөл байдаг.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ