Д.Энхбатын хүүхдүүд Төрийн өндөрлөгүүдэд өргөдөл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

Д.Энхбатын хүүхдүүд Төрийн өндөрлөгүүдэд өргөдөл гаргажээ

Д.Энхбатын хүүхдүүд Төрийн өндөрлөгүүдэд өргөдөл гаргажээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдаж, улмаар амь насаа алдсан Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ.

Э.Золбоо, Э.Золбообаяр: Монгол Улсад ТӨР ЗАСАГ, ХУУЛЬ гэж байдаг юм бол аавыг минь Франц улсаас хууль бусаар баривчлан, эрүүдэн шүүж, амийг нь хөнөөсөн хэргийг “Улсын нууц”-аас гаргаж, жинхэнэ “захиалагч”-ыг илрүүлж гардан гүйцэтгэсэн Батын Хурц нарыг шударга шүүх, хуулийн дагуу шийтгэл оногдуулж ард нь үлдсэн хань, үр хүүхэд бидний 18 жилийн хүлээлт, гомдлыг барагдуулж, шийдвэрлэж өгнө үү

Бидний аав Д.Энхбатыг гадаадаас хууль бусаар баривчлан, эрүүдэн шүүж аминд нь хүрсэн Б.Хурц нарыг шалгуулах талаар ӨРГӨДӨЛ гаргах нь:

2022 оны 12-р сарын 26                                                                               Берлин хот

– Одоогоос 18 жилийн өмнө, биднийг бага байхад хайрт аав Дамирангийн Энхбат руу тухайн үед Франц улсад амьдарч байсан Цэрэнчимэд гэдэг эмэгтэй утсаар ярьж “Тантай уулзаж тусламж гуйх хэрэг байна” гэхээр нь аав маань юу ч бодолгүй “Хүний нутагт буй Монгол хүндээ туслахаар халуун сэтгэл өвөрлөн” товлосон газарт нь очиход Монгол Улсын ТЕГ-ын ажилтан Батын Хурц гэгч нь хамтрагч Сийзхүү, Бат-Эрдэнэ, Эрдэнэбат нарын хамт аавыг 2 талаас нь цахилгаан бороохойгоор цохиулж унагаад тал талаас нь өшиглөж хэрцгийгээр бүлэглэн зодож (аавын толгойны оройн хэсгийн хуухийг зад өшиглөсөн тул тэр хэсгийн үс ургахгүй болсон нь аавын ярилцлага өгсөн видео бичлэг дээр тод харагддаг) машинд чихэж шингэн зүйлсээр байнга тарьж, ухаан алдуулж Бельги, Франц, Герман улсуудын нутгаар зөөвөрлөн явахдаа тэдгээр улсуудад байдаг Монгол Улсын Элчин Сайдын Яамдууд болон Консулын газруудын байруудаар дамжуулан тамлаж, яргалж дипломат дугаартай машинууд, ажилчдыг ашиглаж (зам зуур явахдаа байнга тэдэнтэй утсаар холбогдож заавар өгч явсан байдаг) хуурамч дипломат паспортоор хулгайгаар хил давуулан МИАТ-ын онгоцоор Монголд аваачсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиуд, Европын холбооны хэд хэдэн улсуудын хууль тогтоомжууд, НҮБ-ын холбогдох шийдвэрүүд, Олон улсын конвенцуудыг зөрчсөн хууль бус балмад үйл ажиллагаа болсон бөгөөд Монголын ТЕГ нь Европын улсуудад сууж байсан ЭСЯамдууд, консулын газруудтайгаа хамтарч Европын холбооны улсуудын нутаг дэвсгэрт хүн хулгайлах, барьцаалах, тамлах террорист үйл ажиллагаа явуулж Монгол улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаж Монгол улсын гадаад харилцаанд засаж болшгүй сэв суулгасан юм. Батын Хурц гэгч нь тухайн үүргийг гүйцэтгэж байх үедээ бусдаасаа илүү аавд маань дэндүү харгис хэрцгий, зэрлэгээр, хүнлэг бусаар хандан, элдэв муу аргаар тамлан тарчлааж, эрүүдэн шүүж байсныг аав маань амьдадаа ярьдаг байсан нь одоо ч бидний ой санамж, сэтгэл зүрхэнд хадгалагдан хар дарсан аймшигт зүүд болон үлджээ…

– МИАТ-ын онгоц Улаанбаатарт газардахад аавыг хулгайлж аваачсан хүмүүс аавыг хөх өнгийн дипломат паспортаар хил нэвтрүүлээд тагнуулын машинд суулгахад баг өмссөн ТЕГ-ын тусгаагийн ажилтнууд аавын гэдэс рүү өшиглөж дэвсэж зодоод ТЕГ-ын доорх хонгилд аваачихад хуучин модон ширээний ард маск зүүсэн 3 хүн хүлээж байсан бөгөөд тэдний өөдөөс харсан өндөр сандал (1930-аад оны Их хэлмэгдүүлэлтийн үед Онцгой комиссынхон ийм өндөр сандлыг эрүүдэн шүүх, тамлах үйл ажиллагаандаа хэрэглэдэг байсан гэдэг) дээр аавыг суулгаад аавын нүүр рүү нь хүчтэй прожекторууд тусгаж “Ч.Энхтайван, М.Энхсайхан нарын захиалгаар С.Зоригийг хөнөөсөн” гэдэг зохиомол хэргийг хүлээхийг шаардаж олон хоног маш аймшигтайгаар тамласан байдаг. Аавын нүүр рүү 2 хүчтэй прожектороор олон цагаар шарахад нүүр бие нь түлэгдэж байгаа мэт болон хөлс гоожиж дотор бачимдаад амьсгалахад маш хэцүү байсан тухай мөн жижиг тавцантай, догонцдог 3 урт хөлтэй сандал дээр удаан суулгахад хөл газар хүрэхгүй тул 2 гуя тасрах мэт өвддөг, сандлын хөл нь догонцдог тул тэнцвэрээ олох гэж хамаг биеэ чангалсаар байгаад хүч тамираа бардаг байсан ба өөрийн эрхгүй тэсэхгүй болоод сандлаас унахаар нь 2 талаас нь өшигчиж сугадан өргөөд (аавын 2 гарыг ард нь гавласан байсан) дахин өндөр сандалд хүчээр суулгадаг байсан. Аав маань тэднээс “Та нар миний гэдэс, элэг рүү битгий цохиочээ! Би элэгний церрозтой тул миний гэдэс ийм том болсон байгааг харж байгаа биздээ өөр газар зодоочээ! Би үхнэ шүү дээ!” гэж гуйсаар байхад Хурц нар “Чамайг хэргээ хүлээтэл элэг рүү чинь цохино хэргээ хүлээхгүй бол үхнэ биз. Чамайг Германаас авч ирснийг хэн ч мэдэхгүй” гэж байнга элэг рүү нь автомат бууны хошуугаар цохиж өшиглөдөг байсан. Өдөржин ээлжилж яргалж тамлаад шөнө нь өндөр сандал дээр суулгаад унтуулдаггүй байсан өөрийн эрхгүй дуг хийхээр гэдэс рүү нь цохиж сэрээдэг байсан…. гэх зэргээр хүний санаанд ормооргүй зэрлэгээр яргалж тамладаг байсан тухай ярьдаг байсан нь одоо хүртэл бидний бодлоос салдаггүй юм.

– ТЕГ-ын хонгилд олон хоног тамласны дараа хэвлэл мэдээллээр “аавыг Германаас хулгайлж авчирсан” мэдээлэл цацагдсанаас болж өөр байранд аваачиж үргэлжлүүлэн тамласан. Тус байрны дээр байдаг нарийн цонхоор цагаан хэрмэн хашаа харагддаг, хажуугаар нь галт тэрэг явдаг, хоол үнэртсэн барилга байсан гэж аав ярьдаг байсан.

– Олон хоног зэрлэгээр тамлуулсны улмаас аавын бие маш муудаж ойр ойрхон ухаан алддаг болсон тул тэд аавыг хээр хөдөө аваачиж ухсан нүхний дэргэд сөгтгөж суулгаад 2 нүдийг нь боогоод “Ч.Энхтайван нарын захиалгаар С.Зоригийг алсан гэж хэргээ хүлээхгүй бол одоо чамайг буудаж алаад газарт булна!” гэж сүрдүүлэхэд нь аав зөвшөөрөөгүй тул тэд “Д.Энхбат нь С.Зоригийг хөнөөсөн хэргээ хүлээхгүй байгаа тул буудан хороосугай!” гэсэн утгатай зарлиг уншиж аавын толгойны дээгүүр болон 2 чихний хажуугаар хэд хэдэн удаа буудахад олон хоног нойргүй тамлуулсан тул аав маань огт айж сандраагүй харин унтах юмсан, хурдан үхэж амрах юмсан гэж маш их хүсэж байсан … гэдэг. Олон хоног тамлуулаад хилс хэрэг хүлээхгүй мөн бие нь муудаад ойр ойрхон ухаан алддаг болж үхчих гээд байсан тул тэд “яргаллаа” түр зогсоогоод дараа нь аавыг Туул голын эрэг дээр аваачихад газар дээр бүтээлэг дэвсээд хоол унд, архи дарс өрж зугаалгын байдалтай бэлдсэн байсан бөгөөд аавыг архиар шахаж, хүчээр уулгаж “Чи их гүргэр нөхөр байна. Чи С.Зоригийг алсан хэрэг хүлээхгүй их гүрийж байна. Тэгвэл чи Ч.Энхтайван, М.Энхсайхан нар надад С.Зоригийг алах санал тавьсан боловч би зөвшөөрөөгүй гэж мэдүүлэг өг! Тэгээд 500 сая төгрөг аваад саятан болоод Франц руугаа яв! 500 сая төгрөгөөсөө хэдийг нь өөртөө авч явах хэдийг нь гэр орондоо үлдээхээ өөрөө мэдээрэй! гэж хэлээд Чиний билет, паспорт гээд аавын зурагтай хөх өнгийн дипломат паспорт үзүүлээд “Билетний чинь үнэнд онгоцны буудлын хураамж орсон! Нэмж мөнгө төлөх шаардлагагүй шүү! (гэж санаандгүй юм шиг хэлсэн энэ үг нь намайг үнэхээр явуулах гэж байгаа юм болов уу? гэж итгэл өгч ихэд эргэлзүүлдэг юм билээ гэж ярьдаг байсан.) Чи бидэнд итгэхгүй байгаа бол манай даргатай уулз!” гээд нэг маск зүүсэн хүнтэй уулзуулж элдвээр ятгасан.” Аав тэдэнд “Би эдгээр хүмүүсийг хилс хэрэгт гүтгэж чадахгүй. Тэд надад ямар нэгэн тийм үүрэг шахалт өгч байгаагүй” гэхэд тэд “Тэгвэл чамайг маргааш ална! Монголын тагнуулынхан чамайг хулгайлж авчраад чи хэрэг хүлээхгүй эсвэл Энхтайван, Энхсайхан нарыг гэрчлэхгүй бол чамайг амьд гаргана гэж байхгүй. Чамайг амьд үлдээвэл чи бидний бүх үйл ажиллагааг илчлэх тул бид чамайг алахаас өөр зам байхгүй. Чамайг Монголд авчирсныг мэдэх хүн байхгүй” гэж хэлээд буцааж нөгөө газартаа аваачаад ухаан алдтал зодож тамласан.

– Шөнө дунд тагнуулын Бат-Эрдэнэ нь нэлээд халамцуу 1 шил архи барьж орж ирээд “Манайхан чамайг маргааш алах гэж байна. Би чиний дүүгийн чинь сайн найз (Дараа нь судлахад аавын дүүгийн найз биш байсан) тул чамайг алуулмааргүй байна. Чамд амьд гарах ганц боломж бий. Тэр нь чи ТЕГ-ын нууц мэдээлэгчээр элсээд Авдрантын шоронд очиж Ч.Энхтайваныг тагнавал чамайг 2 сарын дараа гаргая!” гэж тулган шаардахад аав маань амьд гарахын тулд зөвшөөрсөн дүр эсгэхэд маргааш нь ТЕГ-т “Нууц ажилтан”-аар элсүүлэх бичигт гарын үсэг зуруулж “Өөрөө нууц нэрээ сонго!” гэхээр нь хүүхдүүдийн маань заяа ивээж магадгүй гээд “Золбоо” гэж нэр авсан. Ингээд Авдрантын шорон руу аавыг хүргэхэд Хорихын төв эмнэлгийн “Тусгай даалгавартай сувилагч” хамт дагаж явсан бөгөөд тэрээр маргааш нь аавд 2 ампел Эйфлин тариаг шингэлэхгүйгээр хийхэд аав шоконд ороод үхэх шахсан ба 1 ш Эйфлин тариаг өөр тариатай хольж шингэлж хийх ёстой байтал шууд хоёроор нь аавд хийсэн нь шууд алах гэсэн оролдлого байсан гэж олон мэргэжлийн хүмүүс нотолдог. Аав олон жил уушгины багтраа өвчтэй явсан тул байнга Эйфлин хийлгэж байсаар дасал болсон тулдаа л арай гэж амьд гарсан гэж өөрөө ярьдаг байсан. Тэр үед аавыг үхээд сэрсэн гэж дэргэд нь байсан аавын найзууд болон албан хаагчид ярьдаг юм. Эдгээр үйл ажиллагаа нь Б.Хурц нар нь “Аавыг Ч.Энхтайваны захиалгаар С.Зоригийг хөнөөсөн хэргээ хүлээсэн” мэтээр хуурамч гарын үсэгтэй мэдүүлэг, хавтаст хэрэг бэлдээд аавыг Авдрантад хүргэсний маргааш нь 2 давхар Эйфлин тариа хийж үхүүлээд “Д.Энхбат нь хэргээ хүлээгээд Ч.Энхтайван дээр очиход нь Ч.Энхтайван мэдээд хорлочихлоо. Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийхэд хороор хордуулж хөнөөсөн байна гэсэн дүгнэлт гарч, нэгжлэг хийхэд Ч.Энхтайваны цүнх савнаас Д.Энхбатыг хорлосон хор олдсон гэж гүтгээд С.Зоригийн хэргийг Ч.Энхтайван, М.Энхсайхан нарт хилсээр тохох зорилго нь биелэгдэх байсан.” гэж Ч.Энхтайван ах Авдрантын шоронгоос бичсэн 2004.06.24-ны захидалдаа бичсэн. Аав үхэх цагтаа үхээгүйгээс ТЕГ-ын бүх ажиллагаа нурж эхэлсэн гэж аав болон найз нөхдүүд, өмгөөлөгч нар нь ярьдаг байсан нь эдүгээ олон зүйлээр батлагдсаар байна.

– 2017 оны 11 сарын 20-нд ТЕГ-ын дарга асан Хошууч генерал Б.Хурц нь “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Германы тал Д.Энхбатыг хилээр гаргаж өгсөн. Доктор Vietze гэдэг хүн өөрөө түрээд онгоцонд суулгаж өгснийг би харж байсан” гэж улаан цайм худал ярьж байна билээ.

– Хурц нар аавыг хилээр авч гарах гэж байхад нь Dr. Hans Peter Vietze нь “Яагаад энэ хүнийг гавлачихсан байгаа юм бэ? Яагаад гавыг нь бүтээчихсэн бас энэ хүн яагаад ухаангүй байгаа юм бэ?” гэж асуухад Б.Хурц нар “Энэ этгээд бол хүн амины гэмт хэрэгтэн байгаа юм” гэж Доктор Vietze болон Германы хилийн шалган дээр мэдүүлсэн. Германы тал саатуулахад Элчин Сайдын Яам руу холбоо барьж байж арай гэж аавыг Германы хилээр авч гарсан. Доктор Vietze нь сэжиг авсан учраас ухаангүй яваа хүнийг шалгах гэж зориуд тэргийг нь 2-3 м түрсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. “Б.Хурц нар хууль зөрчиж хулгайлсан хүн авч гарах гэж байсан нь хүний хулгай. Доктор Vietze –г талийгаач болсон тул үхсэн хүн дуугарч чадахгүй гэж улаан цайм худлаа гүтгэж байна” гэж тухайн үед дэргэд нь байсан хүмүүс гэрчилдэг. Дараа нь Доктор Vietze нь 2008 оны 10 сарын 08-нд толгойдоо гэмтэл авч нас барсан байдаг. Түүнийг Монголын тагнуулынханд хорлогдсон гэсэн яриа Германд гарч байсан.

– Аавыг Германаас онгоцоор Монголд авч ирэхэд нь тэр нислэгийн онгоцны үйлчлэгч Б.Чимэдмаа “Онгоцны арын суудалд нэг ядруухан хүн сууж ирсэн, хамт явсан хүмүүс нь надаас нэг удаагийн хутга гуйж гарыг нь хүлсэн скочыг нь тасалсан” гэж мэдүүлэг өгч “Бид авчраагүй онгоцоор ч ирээгүй” гэж мэдэгдэж байсан ТЕГ-ыг илчилчихсэнээс хойш удалгүй тэр эмэгтэй нөхөр Бат-Эрдэнийн хамт гэрээсээ хотын төв рүү явж байх үедээ өндөр эрэг (7 буудлын) дээрээс машинтайгаа нисэж ослоор нас барсан. Үүнийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “захиалгат аллага” байж магадгүй гэж бичицгээж байсан. Онгоц, машины осол бол тусгай албаныхны хийдэг сонгодог аллагын төрөл, тусгай албадад осол аваар, золгүй явдал гэх мэт энэ тэр онгорхой хаалга олон байдгийг би мэддэг тул машин унадаггүй. Хурдан явсан үед тоормос нь барихаа болих, руль нь гацах зэрэг олон арга байдаг гэж аавын өмгөөлөгч асан Санжаасүрэн гуай ярилцлагадаа хэлсэн байдаг.

– Мөн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо Б.Хурц “Талийгаач Д.Энхбат хүнд гар байсан шүү дээ” гэж хэлсэн. Мөн түүний эхнэр Ү.Сарнай өдрийн сонины № 073 дугаарт “Д.Энхбат агсан олон хэрэгт холбогдож, 47 жил 6 сар хорих ял сонссоноос 16 жилийн ялыг биеэр эдэлсэн. Д.Энхбат агсны хувьд эрүүл мэндийн шалтгаанаар хугацаагүй ял хойшлуулсан байх үедээ хүний бичиг баримтаар хил даваад өөр хүний нэрээр тухайн улсаас иргэншил хүссэн байсан тухай учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ” гэж ярьсан нь энгийн хүн хулгайлж авч ирсэн биш, тийм “онц ноцтой гэмт хэрэгтэн” хүнийг хулгайлж авчраад алчихсан нь юу нь буруу гэж тэдний хууль бус үйлдлийг зөвтгөсөн өнгө аястай ойлголт өгөх зорилготой мэт санагдсан. Аав маань бага залуудаа алдаж онож явсан нь үнэн. Тэглээ гээд ТЕГ-ынхан Монгол улсын иргэнээ гадаадаас хулгайлж хүн амины хилс хэрэг хүлээлгэх гэж тамлаж, яргалж хөнөөж болдог юм уу? Б.Хурцын энэ нэвтрүүлгийн дараа тэдний хөлсний комментчид цахим мэдээллийн хэрэгслүүдээр “Аавыг гэмт хэрэгтэн байсан тул хулгайлж авчирч, тамлаж алахад яадаг юм хохь нь” гэх мэтээр элдвээр дайрч Хурц нарын үйл ажиллагааг зөвтгөх гэж оролдсон үйл ажиллагаа явуулж байсан.

– Мөн уг нэвтрүүлгээр Б.Хурц: “Би сүүлд нь судалж байхад Д.Энхбат нь элэгний церроз өвчтэй байсан байна лээ” …, мөн Сонин.мн (2021-03-23-ны) сайт дээр: “Миний ойлгосноор, сүүлд нь сонсож байхад талийгаач элэгний хатуурал, хавдартай байсан юм байна лээ…” гэж бодлоготойгоор дахин худлаа ярьсан. Түүний эхнэр Ү.Сарнай Өдрийн сонин (2021-04-13)-д өгсөн ярилцлагадаа “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байхдаа эрүүл мэндийн байдал нь улам доройтож, архаг хууч нь сэдрэн амь насаа алдсан гэдгийг мэргэжлийн эмч нар баталж байна. Гуурсан хоолойн багтраа, элэгний церроз нь хүнд шатандаа орохдоо шууд үхэлд хүргэдэг болохыг анагаахын шинжлэх ухаан баталжээ.” гэж хэлсэн зэрэг тэдний удаа дараагаар “онцолж, үгээ нийлүүлэн ярьцгааж байгаа нь Хурц нарын эрүүдэн шүүлтээс болж талийгаач үхээгүй, өөрийн өвчнөөсөө болж үхсэн” гэсэн ойлголт өгөхийг хичээж “гэмт хүн гэлбэлзэж” байгаа нь тодорхой байна. Үнэндээ Монголын тагнуулынхан аавыг хулгайлахаасаа өмнө аавын тухай маш сайн судалгаа хийсэн байдаг нь олон зүйл дээрээс батлагддаг. Аавыг анх зодож машинд хүчээр чихэж суулгахад аав багтраа өвчтэй байсан тул амьсгаадаж багтрах үед Б.Хурц нь багтраа өвчинд цацдаг цацлага гаргаж ирж аавын аманд цацахдаа “Чиний бүх өвчин болон хэрэглэдэг эмүүдийг бид судалсан тул хэрэглэдэг цацлагыг чинь хүртэл авчирсан” гэж хэлсэн байдаг.

– Аавыг хулгайлж Монголд авчрахаасаа хэдэн сарын өмнөөс зохион байгуулалттайгаар Монголын хэвлэл мэдээллээр удаа дараа С.Зоригийн хэргийн гол сэжигтэн Д.Энхбат нь нөлөө бүхий хүний дэмжлэгтэйгээр 1998 оны 12 сард Европ руу зугтаагаад Францын Каен хотын элэгний эмнэлэгт үнэтэй эмчилгээ хийлгэж байна. Тэр үнэтэй эмчилгээний зардлыг хэн төлж байна вэ? гэх мэт мэдээллүүд байнга цацаж байсан байдаг. Энэ нь “Ч.Энхтайван, М.Энхсайхан нар нь Д.Энхбатаар С.Зоригийг алуулаад Франц руу гаргаад түүнийг байнга мөнгөөр цутгаж байдаг” гэсэн сэтгэгдэл нийгэмд төрүүлэх зорилготой үйл ажиллагаа байсан. Тагнуулынхан аавын ямар өвчтэй (элэгний церроз, багтраа гэх мэт) хаана эмчлүүлж байгаа гэх мэт бүх мэдээллийг маш сайн судалсан нь тодорхой байдаг. Хулгайлагдахаасаа өмнө аавын гэдэс элэгний церроз өвчний улмаас маш том болсон байсан ба алхаж явахдаа ч амьсгаадаад их хэцүү байсан. Харин дэлхийд элэгний эмчилгээгээрээ хоёрт ордог Францын Каен хотын эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн хяналтад эмчлүүлээд маш сайн болж байсан. Аав Франц улсаас орогнол хүссэн байсан тул үнэгүй эмчлүүлж байсан. Гэтэл Б.Хурц нар нь аавын өвчнийг мэдсээр байж хэрцгийгээр яргалж байхдаа аавын гэдэс элэг рүү байнга өшиглөж, гараар болон буугаар цохиж байсан нь санаатайгаар үхүүлэх зорилготой байсан нь тодорхой байдаг. Гэтэл Б.Хурц, Ү.Сарнай нар нь “… Юун эрүү шүүлт … Д.Энхбатыг “өндөг” шиг бөөцийлж авчирсан.” … гэж ярилцлага өгсөн байна. Өмгөөлөгч Санжаасүрэн хурандаа болон аавын найз Чимэдийн Энхтайван нар нь “аавын гэдэс хэвлий нь нэлийхүйдээ хөх няц болсон байсан” тухай ярьж бичиж байсан. Энэ бүхнээс Б.Хурц нар нь аавыг эрүүдэн шүүж есөн бүрээр тамлаж яргалж байж “Ч.Энхтайваны захиалгаар Энхбат С.Зоригийг агсныг хөнөөсөн” гэсэн зохиомол хэргийг хүлээлгээд дараа нь аавыг хорлож хөнөөгөөд өвчний улмаас үхсэн болгохоор төлөвлөж байжээ.

Энэ тухай тэр үед Ч.Энхтайван ах 2004 оны 6 сарын 24-нд Авдрантын шоронгоос бичсэн захидалдаа “С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Д.Энхбатыг золиослох гэж оролдоод баригдлаа. Одоо ичсэн хүн хүн ална гэгчээр Д.Энхбатыг өвчнөөр нь үхүүлэх гэж байна” гэж бичиж байсан. Яг үнэхээр тийм юм болж аавын бие муудаж байсан тул “Эрх мэдэл бүхий захиалагч”-ийн даалгавраар Монголын шүүх прокурор аавыг шоронд үхүүлсэн гэдэг нэр авахгүйн тулд маш яаралтай шоронгоос сулласан. Суллагдсаны дараа эмнэлэгт эмчлүүлж байсан боловч 60 орчим хоногийн дараа эмнэлэгт цусаар (элгээрээ) бөөлжиж нас барахад ээж бид нар болон аавын найз Ч.Энхтайван, Ц.Энхтүвшин ах нар хамт байсандаа. Байнга элэг рүүгээ цохиулж, өшиглүүлж, мансууруулах болон хортой шингэнээр тариулж байсан нь аавыг маань үхэлд хүргэсэн. Б.Хурц нарын тооцоолж төлөвлөсөн цаг хугацаанд нь аав маань нас барсандаа. Аав минь “Тагнуулынхны хордуулсан хор нь 2 сарын дотор намайг үхүүлэх байсан. Хорихын эмнэлгийн сайн эмч нарын эмчилгээ нь миний үхэх хугацааг хойшлуулсан. Тэд намайг хэрцгий муухайгаар тамлаад тэдний тулгасан хилс хэргийг хүлээхгүй гэдгийг мэдэж байсан тэгээд намайг үхэхийг хүлээж байна. Миний бие маш их муудаж байна.” гэж аав маань ярьж байсан.

– Аав өөрт тохиолдсон аймшигт явдлын талаар Авдрантын шоронд очингуутаа Ч.Энхтайван ахад мэдэгдэж, мөн Санжаасүрэн өмгөөлөгчөөрөө дамжуулж өөрийг нь С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэх мөн бусдыг захиалгаар гүтгүүлэх гэсэн оролдлого болон Европын улсуудаас хүн хулгайлсан хэргийг олон улсад ил болгосон тул тагнуулынхан маш их сандралдаж аавыг “Чи Санжаасүрэн өмгөөлөгчөөсөө татгалз! Түүний хийсэн мэдэгдлийг худал гэж зарла! Тийм үйлдэл болоогүй гэж мэдэгдэл хийхгүй бол чамайг улсын нууц задруулсан хэргээр олон жилийн хорих ялаар шийтгүүлээд шоронд чинь алуулна!” гэх зэргээр заналхийлж, шахан дарамталж байсан байдаг. Аав тэдний шаардлагыг зөвшөөрөөгүй тул тагнуулынхан болон тэдний ард буй “Эрх мэдэл бүхий захиалагчийн даалгавраар” Монголын шүүх хууль хяналтынхан аавыг “Улсын нууц задруулсан (Тагнуулын байгууллагад элсэхгүй бол ална.. гэж хүчээр элсүүлчхээд) гэмт хэрэгт” хамаатуулан хилсээр ял шийтгэн, тэр ч байтугай олон улсад аавыг минь ТЕГ-т нууц мэдээлэгч байсан гэж зарлаж байсан нь үнэхээр ичгэвтэр гутамшигт явдал бөгөөд 1930-аад онд Монголд үйлдэгдсэн “Их хэлмэгдүүлэлт” давтагдсан төдийгүй, олон улс дамнан хүн хулгайлсан хэрэг Монгол улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн явдал болсон.

– Аавын өмгөөлөгч хурандаа Санжаасүрэн өмгөөлөгчийнхөө ажлыг онц сайн гүйцэтгэж, тагнуулынханы хууль бус үйл ажиллагааг шударгаар илчилснийхээ төлөө “Улсын нууц задруулсан” зохиомол хилс хэргээр хорих ялаар шийтгүүлж ажил амьдралаараа хохирсон.

– 1998 оны 10 сард С.Зориг агсан зэрлэгээр хөнөөгдсөний дараа ЦЕГ-ын ажлын хэсэг маш шаргуу ажиллаж хэрэг төвөгт орооцолдож явсан маш олон хүмүүсийг хорьж тухайн аллагын үед байсан байрлалыг тогтоох, гэрчүүдтэй уулзаж, гарын хээ, үс, цусны шинжилгээ хийх зэргээр маш нарийвчлан шалгах ажиллагааны үеэр аавыг хорьж шалгаад “С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт огт холбогдолгүй гэсэн дүгнэлт” гаргаад сулласан байдаг. Үүнийг тухайн үед ажлын хэсэгт ажиллаж байсан хүмүүс ч нотолдог юм билээ. Гэвч аавыг хулгайлж авчрах үед нөгөө аавыг шалгасан дүгнэлт гарсан хавтаст хэрэг “учир битүүлгээр алга болсон” (С.Зоригын аллагын хавтаст хэргээс аавыг шалгасан хавтаст хэрэг алдагдсан гэж зарласан мөртлөө дараа нь ТЕГ-ынхан зарим гэрч нарыг байцаахдаа “Алдагдсан хавтаст хэрэг”-ийг үзүүлж байсан) байдаг. Үнэхээр шалгаж байсан бол тэр үед тус ажлын хэсэгт байсан хүмүүсээс тодруулж болох байсан. Яг үнэндээ тэр хавтаст хэрэг нь аавыг хилс хэрэгт гүтгэхэд саад болох байсан тул зориудаар алга болгосон юм билээ. Аавыг хулгайлж Монголд авчрахаас 1 жил гаруйн өмнөөс буюу 2002 оны эхнээс буюу Ч.Энхтайван ахыг “Центрпойнтын зодооны хэрэг”-ээр хоригдсоны дараахнаас Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зохион байгуулалттайгаар, захиалгаар … С.Зоригын хэргийн гол сэжигтэн Дамирангийн Энхбат 1998 оны 12-р сард Европ руу зугтааж гарсан … Монголын хууль хүчнийхэн барьж чадахгүй байна … Д.Энхбат нь дандаа хүн хутгалдаг (С.Зориг агсан хутгалуулж үхсэн тул аавыг хутгаар С.Зориг агсныг хөнөөсөн болгох гэсэн зохиол … , гэвч аав хүн хутгалсан хэргээр шийтгэгдэж байгаагүй) гэх мэтээр аавыг аймшигтай гэмт хэрэгтэн мэтээр харлуулж харагдуулах зорилготойгоор бичүүлэхдээ маш нарийн мэдээлэл баримтуудыг дэлгэсэн байдаг. Энэ бүхэн нь энгийн сурвалжлагч нар мэдэх боломжгүй нарийн мэдээллүүдийг том эрх мэдэл бүхий хүмүүс хэвлэл мэдээллийнхэнд өгч “аавыг хилс хэрэгт гүтгэх төлөвлөгөө”-гөө хэрэгжүүлэхийн тулд ард түмний сэтгэл зүйг бэлтгэх зорилготой компанит ажиллагаа явуулж байсан нь тодорхой болсон.

-Гэтэл аав Монголдоо байж байгаад С.Зориг агсны хөнөөгдсөнөөс 2 жил гаруйн дараа буюу 2000 оны 12-р сард биеэ эмчлүүлэхээр Герман руу явахад Монгол улсын хил дээр аав дээр ямар нэгэн хилийн хориг байгаагүй тул хилээр чөлөөтэй нэвтрүүлсэн байдаг. Үнэхээр Монголын Тагнуулын Ерөнхий газар нь аавыг шалгах шаардлагатай байсан бол аав гэмт хэрэгт холбогдсон байсан бол яагаад хууль журмын дагуу Интерполоор баривчлуулж болоогүй юм бэ? Яагаад заавал “нууцаар хулгайлж” авчирч хууль зөрчиж, хүнлэг бусаар тамлаж албадан хилс хэрэг хүлээлгэхийг оролдож аавыг маань үхэлд хүргэвээ?

– Яагаад тагнуулынхан аавыг нууцаар хулгайлж авчраад олон хоног тамласан хэрэг нь илрэхлээр сандарч “Бид авчраагүй Цагдаагийнхан авчирсан” гэж худал мэдэгдэл хийж Цагдаагийн Ерөнхий газар руу чихэх гэж оролдсон бэ? Гэтэл сүүлийн үед Б.Хурц “Хэргээ үнэнээр хүлээж” Сонин.мн (2021-03-23)-д Намайг Монгол улсаас Унгар улсад суугаа элчин сайдын яаманд Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхад “Монголоос Энхбатыг баривчлах гэж төвөөс хүмүүс ирнэ. Д.Энхбат тийм газар байх шиг байна. Тэр хүмүүст Улаанбаатар луу авч явахад нь туслах хэрэгтэй л гэсэн. Миний оролцоо Францаас барьж, Монгол руу нисгэх хүртэл л үргэлжилсэн. Юун тэр эрүү шүүлт” гэж мэдүүлжээ.

– Дахиад л Б.Хурц, Ү.Сарнай нар нь хэвлэл мэдээллээр “Лавтайяа Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын үед л Д.Энхбат агсныг Европоос авчирсан, Монголд хүргэж ирмэгц нь цагдаагийнхан авч явж эрүүдэн шүүсэн гэсэн яриа байдаг. Цагдаа, ШШГЕГ Хууль зүй, Дотоод хэргийн яамны харъяа байгууллагууд..” гэж ярилцлагадаа худал хэлсэн. Энэ тухай Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдоржын 2010-11-29-ны 02/281 тоот дүгнэлтэд “Д.Энхбатыг хууль бусаар баривчилсан, түүнийг 5-р сарын 18-ны өдрөөс 5-р сарын 25-ны өдөр хүртэл нууц газар ямар ч хяналтгүй, хууль бусаар хорьж энэ хугацаанд зодох, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх зэргээр эрүүдэн шүүх ажиллагаа явуулж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх болон бусдыг гүтгэхийг албадсан гэж үзэх бүрэн үндэстэй байна. ТЕГ-ын ажилтнууд Д.Энхбатыг 5-р сарын 25-ны өдөр Алтанбулаг боомтоор нэвтрүүлж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэдэг боловч түүнийг 5-р сарын 18-ны өдөр онгоцоор авчирсан нь тодорхой болсон. Иймээс Д.Энхбатыг 7 хоног нууц газар, ямар ч хяналтгүйгээр хорьж, цагдан, эрхийг нь зөрчсөн гэж үзэхээс өөр аргагүй юм” гэж бичжээ.

– Тагнуулынхан Олон улсын хууль журам, конвенцууд зөрчиж, Европын холбооны хэд хэдэн улсуудын нутаг дэвсгэр дамжуулан хүн хулгайлж авчраад хилс хэрэгт гүтгэх гэж хууль бусаар эрүүдэн шүүж, тамлан, хүний аминд хүрээд онц ноцтой гэмт хэрэг нь илэрч дэлхий дахинд Монгол улсын нэр хүндийг гутааж байхад 18 жилийн хугацаанд Монголын төр засаг, Хууль хяналтын байгууллагууд яагаад Б.Хурц нарын тагнуулынханд хариуцлага тооцож, хуулийн дагуу шийтгэл оногдуулаагүй юм бэ? Хэн хамгаалаад байсан бэ? Аавыг хилсээр хэлмэгдүүлж амь насыг нь хөнөөсөн энэ хэрэг одоо ч ирээдүйд ч хэзээ ил тод болж, хэзээ тэдэнтэй хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Хэрэв тэр үед тэдэнд хариуцлага хүлээлгэж шийтгэсэн бол тэд дахин Чимгээ, Содномдаржаа нарыг хэлмэгдүүлэн олон хүмүүсийг зовлонд унагаахгүй байсан шүү дээ !!!

– Монголын тагнуулынхан Европын Холбооны улсын нутаг дэвсгэрт хүн хулгайлж болдог юм уу? Европын Холбооны улс дахь Монгол улсын элчин сайдын яам, Консулын газруудын байруудыг ашиглаж дамжуулан гэмгүй Монгол улсын иргэнийг тамлах, эрүүдэн шүүх ажиллагааг явуулж болдог юм уу? Тэр байрууд нь хүн тамлах зориулалттай юм уу? Дипломат үйл ажиллагаа явуулах зориулалттай юм уу?

– Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиудад хүнийг эрүүдэн шүүх, амь насыг нь хөнөөх гэмт хэрэг хийсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж байдаг. Гэтэл тэр хууль яагаад Б.Хурц тэргүүтэй тагнуулынханд үйлчилдэггүй юм бэ? Эсвэл тэдэнд хууль үйлчилдэггүй тусгай эрхтэй хүмүүс юм уу? Монгол улсын үндсэн хуульд… Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэсэн байдаг. Үндсэн хуулиас дээгүүр тусгай албадад зориулсан хууль байдаг юм уу?

– Тагнуулынхан гадаад улсаас хүн хулгайлж авчирч, тамлаж хүний аминд хүрчхээд “Улсын нууц”-д орсон гэдэг шалтгаанаар хамгаалалтад байдаг юм байна. Тэр “Улсын нууц” гэдэг нь тагнуулын ажилчдын хийсэн гэмт хэргийг халхавчилж, ял завшуулдаг арга зам юм уу?

– Тэр “Улсын нууц” гэдэг нь хугацаатай юм уу? Тэр үеэс хойш 18 жил өнгөрлөө. Одоо улсын нууцаас гаргах цаг нь болоогүй юм уу? Б.Хурц нь “Цензургүй яриа” нэвтрүүлэг болон Сонин.мн сайт (2021-03-23) дээр ярилцлага өгөхдөө … “Хэрэв энэ хэргийг нууцаас гаргачихвал бүх хүнд юу болсныг яриад өгмөөр байна. Ямар ч байсан Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Д.Гэрэлд 2017 оны 12-р сард “Д.Энхбатын хэргийн нууцаас гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг бас л би өөрөө бичгээр өгсөн. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл гаргасангүй. Д.Энхбатын гэх хэрэг, Ц.Нямдоржын тагнуулын гэх хэрэг ер нь бол бүгд л ил болчихсон, гадуур тавигдчихсан нэг их нуугаад, хаагаад байх юмгүй болсон хэргүүд. Ийм хэргүүдийг нэгмөсөн нууцаас гаргачих хэрэгтэй.” гэж ярьсан байна. Олон жилийн өмнөөс Монгол улсын Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтнууд “Энэ хэргийг улсын нууцаас гаргана” гэж мэдэгдэл хийж байсан боловч одоо хүртэл гаргаагүй л байна. Одоо энэ хэргийг улсын нууцаас гаргах цаг болсон юм биш үү? Гаргахгүй байх ямар сонирхол хэнд байна вэ?

– Цаашид тусгай албадынхан Шударга бусын хонгилын эздийн захиалгаар дахин олон хүн алж, тамлаж, гэмт хэргүүд хийсээр бас улсын нууц гэдгээр хамгаалагдан ял завшсаар л байх уу? Дахиад л Б.Хурц нар нь гэмгүй хүмүүсийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлж хуурамчаар С.Зоригийн хэргийг илрүүлээд “Улсын нууц”-д оруулчихсан байсан нь илэрч сая шүүхээр шийтгэгдлээ. Яагаад С.Зориг агсны амь насыг хороосон аллагын хэрэг илрүүлэх ажиллагаа дандаа “Улсын нууц”-д хамрагддаг. Бусад аллагын хэргүүд “Улсын нууц”-д ордоггүй юм бэ? Энэ олон жил дуулиан шуугиан болсон энэ аймшигт хэргийн үнэн мөнийг Монголын ард түмэн ч мэдэх эрхтэй шүү дээ.

– Монголын ард түмэн өнөөдөр Ардчилсан нийгэмд байна уу? Дарангуйллын тогтолцоотой, коммунист нийгэмд байна уу? Шударга бусын хонгил байсаар байна уу гэсэн маш олон асуултыг асууж тодруулмаар байна.

– Бид Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Ерөнхий Прокурор зэрэг хүмүүст аавыг маань хулгайлж тамлаж амь насанд нь хүрсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгөхийг, мөн аавынхаа нэр төрийг цагаатгаж өгөхийг хүсэж олон жил, олон захидал бичсэн. Гэвч Б.Хурцад хариуцлага тооцох нь байтугай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг Англи, Германы шоронгоос суллагдаад ирэхэд нь шагнаж урамшуулан АТГ-ын Дэд дарга, ТЕГ-ын дарга болгож Хошууч Генерал цолоор шагнасан. Хууль үйлчилдэггүй дархлагдсан Б.Хурц генерал нь хэрхэн УИХ, ЗГ-ын гишүүдийг дарамталж, загнаж айлгадаг болсон гэдгийг Монголын ард түмэн ТВ-ээр харсан. Тэр байтугай УИХ-ын гишүүнийг (Батзандан, Лу.Болд нарыг) Төрийн ордон дотор “Чамайг оронд чинь ална шүү” гэж заналхийлдэг болсон. Хэрэв энгийн иргэд УИХ-ын гишүүнийг “Ална” гэж заналхийлсэн бол олон жилийн ялаар шийтгүүлэх байсан. Шударга ёс хаана байна вэ? Шударга гишүүд эсэргүүцсээр байтал Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн ихэнх нь Б.Хурцыг Солонгос улсад суух элчин сайд болохыг дэмжсэн. Гэвч Монгол улсын төр засаг, Хууль хүчний байгууллагууд аль нь ч Б.Хурцад хариуцлага тооцож чадахгүй байсныг ард түмэн ч харж байсан.

– Сүүлийн хэдэн жил Б.Хурц нар дахиад л С.Зориг агсны амь насанд халдсан хэргээр 2 иргэнийг хэлмэгдүүлсэн тухай ар гэрийнхэн нь өргөдөл гомдол гаргаж, хэвлэлийн хурлууд хийлгэсээр байсан. Зарим УИХ-ын гишүүд болон маш олон шударга иргэд “Б.Хурцын илрүүлсэн хэрэг”-т итгэхгүй байгаа тухайгаа мэдэгдсээр байсан. Уг хэргийн зарим материалыг хэсэгчлэн улсын нууцаас гаргаж иргэдийг хэрхэн хэлмэгдүүлж байсныг Монголын ард түмэн харсан. Улсын нууц задруулсан хүнийг шоронд хийнэ гэж айлгадаг хуулийн заалтаар хүмүүсийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилсан эрхийг боомилдог арга зам байсан бололтой!

– Бид нар ч С.Зоригийн амь насанд халдсан хэргийг илрүүлсэн гэдэгт итгэхгүй байсан. Энэ хэргийг илрүүлсэн гэх “арга барил” нь бидэнд их танил байсан.

– Олон жил Монгол улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр захиалгатайгаар Б.Хурц нь агуу суут тагнуулч, баатар, тусгай ажилтан, Чингис хаанаас хойш түүн шиг агуу тагнуулч төрсөнгүй. Европын холбооны болон Английн тагнуулынхан түүнийг Гранд мастер гэж шүтдэг тухай бичиж, магтаж байсан. Үнэхээр Монгол улсын дайсныг хулгайлж баривчилж авчирсан бол баатар гэх байх. Харин Францын Каен хотын эмнэлгийн сэхээний тасгийн хяналтад эмчлүүлж байсан хүнд өвчтэй Монгол улсын иргэнээ тамлаж, тарьж ухаан мэдрэлгүй болгоод Элчин Сайдын Яамдууд, Консулын газруудыг ашиглан хуурамч нэр, паспортоор хил давуулан авчирч тамлаж үхэлд хүргэсэн нь ямар авьяаслаг тагнуулч, Гранд мастер, баатар байх вэ дээ!

– Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Б.Хурц нар болон тэдний хууль бус ажиллагааг “Төрийн төлөө … Төрийн даалгавраар үүргээ гүйцэтгэсэн … Монгол улсын төлөө … Ард түмний төлөө гавьяа байгуулсан гүйцэтгэх ажиллагаа явуулаад хэлмэгдлээ” гэх мэтээр өмөөрсөн өнгө аястай ярилцлага, сэтгэгдлүүд цацагдсаар байна.

– Б.Хурц нь Сонин.мн (2021-03-23) сайт дээр “Тусгай албадын дарга нараар оролддог, гүйцэтгэх ажиллагааны материалыг ухдаг, задалдаг энэ бүх муу муухай одоо дуусах, зогсох хэрэгтэй. Энэ хэвээр үргэлжилбэл цаашид бүр эвгүй нөхцөл байдалд хүрэх аюултай. Ерөөсөө Тагнуулын тухай хуулиа Сонгуулийн тухай хууль шиг байнга оролдож болдоггүй юм. Улстөрчид Монгол банкны мэдээллийг ухаж болно. Тагнуулын архив, тагнуулын гүйцэтгэх ажлыг ухаж болохгүй. Аав ээжийнхээ үйлдлийг хүүхэд шүүдэггүй гэдэгтэй адил манайх шиг хоёр их хөршийн дунд хавчуулагдсан улс тагнуулынхаа байгууллагаар ингэж оролдох нь хортой. Бүр ор тас мартах хэрэгтэй. Цагийн уртдаа сайн үр дагавар авчрахгүй.” гэж өөрсдийнх нь хууль зөрчсөн ажиллагааг “илрүүлсэн” нь Монгол улсын тусгаар тогтнолд “хортой” … тэдний хууль зөрчсөн гүйцэтгэх ажиллагааг ухаж задалж болохгүй … бүр ор тас мартах хэрэгтэй … гэх мэтээр хэлсэн байна. Хэрэв Монгол улсын тусгаар тогтнолын гадаад, дотоод аюулгүй байдлыг хамгаалах “Үндсэн үүрэг зорилго”-оо баримтлан ажилладаг бол түүний ярьж буй үнэн. Гэтэл сүүлийн 20 гаруй жил Монголын тагнуул, тусгай албад нь “Эрх мэдэл бүхий” улс төрчид, Олигархи бүлэглэлүүдийн “гар хөл” болж тэдний захиалга болон өөрсдийн хувийн эрх ашгийн үүднээс Нам, Улс төрийн өрсөлдөгчид, Төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид, Аж ахуйн нэгж, Бизнесменүүд, Ард иргэдийг хилсээр хэлмэгдүүлдэг, дарамталдаг, шорон гянданд хийж эрүүл мэнд, амьдрал, амь насаар нь хохироодог. Улсын болон хувийн өмч хөрөнгө, компани, бизнес, лицензүүдийг нь булаан дээрэмддэг “зэвсэг” болсон тухай мэдээлэл судалгаа, нотолгоо баримтууд хөвөрсөөр байна. УИХ-ын гишүүдийнхээ “Халдашгүй байдал”-д халдаж тэднийг тагнаж чагнадаг болсон тул УИХ-ын гишүүд утсаар ярихаасаа айдаг болсон тухай ярьж мэдээлдэг болсон. Иргэн Чимгээг аймшигт хилс хэрэгт гүтгэхийн тулд мансууруулах бодис уулгаад нүцэглэж “Гүйцэтгэх ажиллагаа” явуулж буй бузар үйлдэл, Чимгээ, Содномдаржаа нарыг хэрхэн эрүүдэн шүүж тамласан үйлдлүүд нь эхнээсээ тогтоогдсоор байна. “Тагнуул, тусгай албаны хууль”-ийг зөрчих, буруугаар ашиглавал хуулийн хатуу шийтгэл оногдуулдаг байх ёстой баймаар юм.

– Бид өөрсдийн амьдардаг Герман болон Европын холбооны улсууд, дэлхийн ардчилсан улсуудын төр засгийн эрх мэдэлтэн, тагнуул, хууль хүчний байгууллагуудын тухай судлахад ийм аймшигт гэмт хэрэг хийвэл хуулийн дагуу маш хатуу шийтгэдэг юм байна. Ийм гэмт хэрэг хийсэн хүмүүсээ шагнаж урамшуулдаг хачин дарангуйллын тогтолцоотой дэлхийн хэдхэн улсуудын нэг нь Монгол улс болчхоод байна.

– “Хонгил”-ын шүүгч, өмгөөлөгч, АТГ-ын ажилчид, прокурорууд эхнээсээ илэрсний хүчинд Монгол улсын шүүх Б.Хурц нарыг Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр шийтгэлээ. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Б.Хурц нь АТГ, ТЕГ-ын дарга байхдаа маш олон хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорьж, ажил амьдралаар нь хохироосон, өмч хөрөнгийг нь дээрэмдсэн гэх зэрэг олон гомдол өргөдлүүд ирсээр байгаа тухай мэдээллүүд цацагдсаар байсан. Яагаад дээрхи гэмт хэргүүдийг шалгаж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэггүй юм бэ? Хэрэг хуучирдаггүй гэдэг Монголын ард түмэн харж, хүлээж байгаа шүү!

– Олон жилийн турш бидний бодолд аавыг маань Хэний захиалгаар яах гэж хэлмэгдүүлж зовоож, үхэлд хүргэж, биднийг өнчрүүлэв ээ? гэдэг асуулт байнга эргэлддэг байсан. Аавыг минь хулгайлж авчрах үүрэг тагнуулынханд өгөх, Европын холбооны улсуудад байдаг элчин сайдын яамдууд, Консулын газрынханд “Тагнуулынхны хууль бус ажиллагаанд туслах” үүрэг өгч чадсан, аавыг хулгайлсан хэрэг олон улсад ил болж Монгол улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөөр байтал Б.Хурц нарыг хуулийн хариуцлагаас хамгаалж чадсан, аавыг тэдний тулгасан хилс хэргийг хүлээхгүй болохоор урьд нь өвчний улмаас суллагдсан шийдвэрийг хүчингүй болгож чадсан, тагнуулынхны хэргийг илчлэнгүүт аав болон түүний өмгөөлөгч Санжаасүрэн гуайд “Улсын нууц” задруулсан хэргээр ял өгөх зарлигийг шүүх, прокурорын удирдлагуудад өгч чадсан, аавын бие муудаж нас барах нь тодорхой болмогц аавыг шоронгоос “яаралтай суллах” үүргийг шүүх, прокурорын удирдлагуудад өгч суллуулж чадсан, тагнуулынхны хууль бус үйлдлийг хамгаалж “Улсын нууц”-д авах үүргийг өгсөн тэр эрх мэдэл бүхий том захиалагч хэн бэ?

– Тэр хүний энэ аймшигтай зорилго, шуналын төлөвлөгөөнд нь хөөрхий аав маань өртсөн юм билээ. Аав маань бага залуугаасаа хэрэг төвөгт орооцолдож явсан, мөн бага залуугаасаа Ч.Энхтайван ахтай найз байсан зэрэг нь аавыг маань “сонгоход” нөлөөлж, С.Зоригийг алсан хэргийг зохиомлоор илрүүлж, Ч.Энхтайван, М.Энхсайхан нарыг гүтгүүлэх төлөвлөгөөний золиос болсон юм билээ. Эцэст нь үнэнд гүйцэгдэж Б.Хурц нь Сонин.мн (2021-03-23) сайтад өгсөн ярилцлагадаа “Миний бодлоор Ц.Нямдоржын үүрэг даалгаврын дагуу л Д.Энхбатыг Францаас авчир гэж тушаагаа байлгүй. Эргээд харахад тэр баривчилгааны үед тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж хоёр байсан байна л даа. Намайг Германд баригдах үед манай өмгөөлөгч “Чамд улс төрийн зорилгоор хүн хулгайлсан гэдгээр ял тулгаж байгаа. Чи Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрыгоо хэлчихэд суллагдана” гэж хэлж байсан.” гэж ноцтой мэдэгдэл хийсэн. Өдрийн сонин №073 дугаарт Ү.Сарнай “Н.Энхбаяр тэгэхэд Монголын улс төрд ид хаанчилж байсан. Лавтайяа “Энэ 2 хүний үед л Д.Энхбат агсныг Европоос авчирсан, Монголд хүргэж ирмэгц нь цагдаагийнхан авч явж эрүүдэн шүүсэн” гэсэн яриа байдаг. Цагдаа, ШШГЕГ Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд. Эндээс харвал, Д.Энхбат агсныг онгоцны буудал дээр хүлээлгэж өгсөн манай хүн биш, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж л тэр үед чухам юу болсныг сайн мэдэх учиртай.” гэж ярьсан нь Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарыг “захиалагч” гэж бараг л зарлачихлаа.

– Бидний аав Д.Энхбат нь бага залуу насандаа алдаж онож явсан ч бидэндээ сайн аав, сайн хань байсан. Анд нөхдийнхөө дунд нэр хүндтэй жинхэнэ эр хүн байсан гэдгийг амьдралынхаа сүүлчийн мөчид С.Зоригийг алсан хэрэгт хилс гүтгэгдэн аймшигтайгаар тамлагдаж байхдаа анд нөхрөө болон бусдыг хилс хэрэгт гүтгэлгүй, Монголын ард түмэнд үнэнийг хүргээд амь насаа золиосолж чадсан үйл хэрэг нь батлан харуулсан гэдэгт хань ижил, үр хүүхэд бид бат итгэлтэй байдаг ч “Аавыг маань Монголын төр цагаатгаасай, аав минь муу хүн байгаагүй юм шүү!” гэж үгээ хэлэх тэр мөчийг хүлээж байсан үе нь одоо ирсэн гэж бид нар үзээд та бүхэнд хандаж байна.

– Аавын анд нөхдүүд, өмгөөлөгч, танилууд нь “Аав чинь Хир баргийн хүн даахааргүй зовлон тамлалыг давж амь насаараа Монголын Ардчиллыг аварсан” гэж хэлдэг юм.

– Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдоржын 2010-11-29-ны 02/281 тоот дүгнэлтэд “… Д.Энхбатын өмгөөлөгч Л.Санжаасүрэн 2003 оны 8-р сарын 18-ны өдөр өргөдөл гаргасны дагуу шалгах ажиллагаа явуулахад ТЕГ, УЕПГ болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтнаас хариу тайлбар авах, зарим баримт бичигтэй танилцах хүсэлт тавьсан боловч тухайн байгууллага, албан тушаалтнууд тайлбар өгөх, баримт бичигтэй танилцуулахаас “Улсын нууц” хэмээн үндэслэлгүйгээр татгалзаж байсан тул уг асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг УИХ-ын дарга С.Төмөрочирт 2004 оны 1 сард, УИХ-ын дарга Н.Энхбаярт 2004 оны 11 сард тус тус тавьсан боловч энэ асуудлаар ямар нэгэн шийдвэр гараагүй өнгөрсөн… Иймээс ТЕГ-ын ажилтнууд Монгол улсын үндсэн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын “Монгол улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч дур мэдэн нэгжих, баривчлах, хорих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий  хандаж, нэр төрийг нь доромжлон харьцаж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж Д.Энхбатыг Франц улсаас хулгайлан, хуурамч бичиг баримт ашиглан Монгол улсын хил нэвтрүүлж, нууц газар, ямар ч хяналтгүйгээр 7 хоног цагдан хорьж, эрүүдэн шүүх үйл ажиллагаа явуулж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг албадаж, талийгаач С.Зоригийн хэрэгт бусдыг гүтгүүлэхийг оролдож хүний эрхийг зөрчсөн…” гэсэн МАШ НОЦТОЙ “Дүгнэлт” гаргасан байна!!!

– Иймээс Монгол улсад ТӨР ЗАСАГ, ХУУЛЬ гэж байдаг юм бол аавыг минь Франц улсаас хууль бусаар баривчлан, эрүүдэн шүүж, тамлан зовоож Монгол эх оронд нь авчраад амь насыг нь хөнөөсөн хэргийг “Улсын нууц”-аас гаргаж, жинхэнэ “захиалагч”-ыг илрүүлж Батын Хурц нарын хамт шударга хуулийн дагуу шийтгэл оногдуулж ард нь үлдсэн хань, үр хүүхэд бидний гомдлыг барагдуулж хариу өгнө үү гэж энэхүү өргөдлийг бичлээ. Олон жилийн турш бидний зүгээс Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон хуулийн байгууллагын удирдлагуудад бичсэн олон удаагийн өргөдөл гомдолд одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй, шийдвэрлэсэн тухай хариу өгөөгүй хууль зөрчсөөр байгааг анхаарч үзнэ үү. Та бүхний Монгол улсад шударга үнэнийг тогтоохын төлөө хийж байгаа тэмцэл тодорхой үр дүнд хүрч байгаад бид бүхэн итгэж найдан талийгаач аавыг минь хэлмэгдүүлж амь насыг нь хороосон онц ноцтой хэргийг шударгаар шалгуулж өгөхийг дахин дахин хичээнгүйлэн хүсэж байна.

Жич: Холбогдох 16 хуудас материал болон ХЭҮК-ын 2010/11/29-ны 02/281 тоот “Дүгнэлт”-үүдийг тус тус хавсаргав.

Өргөдөл гаргасан: Герман улсын иргэн Д.Энхбатын Золбоо, Д.Энхбатын Золбообаяр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж