Хойд Солонгосын эрх баригч Ажилчны нам ирэх оноо тодорхойлох чухал уулзалтаа хийж байна. Уулзалтын хоёр дахь өдөр удирдагч Ким Жон Ун армийн шинэ зорилтуудаа танилцуулжээ. Энэ нь зэвсгийн туршилт эрчимжиж, бүс нутгийн хурцадмал байдал үргэлжлэх дахин нэг жилийг илэрхийллээ гэж ажиглагчид үзэв.
Тус улсын “KCNA” агентлагийн мэдээлснээр “Ким Жон Ун нам, засгийн газрын бүрэн эрх, үндэсний эрх ашгийг хамгаалахын тулд гадаад харилцааны зарчмууд болон дайсны эсрэг тэмцлийн чиглэлээ нарийвчлан тодорхойлсон. Мөн улс төрийн янз бүрийн нөхцөл байдалд бэлтгэлтэй байхын тулд ирэх онд зайлшгүй хэрэгжүүлэх өөрийгөө хамгаалах чадавхийн хүрээний шинэ зорилтуудаа танилцуулсан” аж. Хойд Солонгос, Өмнөд Солонгос, АНУ-ын хооронд хурцадмал байдал үргэлжилсээр буй энэ үед Пёньяны дээд хэмжээний уулзалт боллоо. Хамгийн сүүлд л гэхэд Даваа гаригт Хойд Солонгосын нисгэгчгүй нисэх онгоцууд Өмнөдийн хилээр нэвтэрсэн.
Армийн шинэ зорилтоос гадна ирэх онд шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбар дахь ноцтой дутагдлуудыг арилгахыг зорьж байна.
Энэ жил БНАСАУ олон тооны баллистик пуужин харвасан. 2021 оны эхээр намын их хурлаа хийхдээ стратегийн зэвсэг турших, хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилтоо гэж тодорхойлсон. Энэ хүрээнд тактикийн цөмийн зэвсэг, тив хоорондын шинэ баллистик пуужин, хэт авианы нисдэг цэнэгт хошуу, цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц, цэргийн тагнуулын хиймэл дагуул зэргийг туршиж хөгжүүлэх юм.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ