ЭЗБХ: Нүүрсний экспорт, тээвэртэй холбоотой сонсголын тайланг сонслоо

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

ЭЗБХ: Нүүрсний экспорт, тээвэртэй холбоотой сонсголын тайланг сонслоо

ЭЗБХ: Нүүрсний экспорт, тээвэртэй холбоотой сонсголын тайланг сонслоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2022.12.28) хуралдаж, дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн билээ. Үүнд:

  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/Байнгын хорооны тогтоолын төсөл/
  • “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсох багтсан.

Тус байнгын хорооны хуралдаанаар нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан. Нийтийн сонсголын тухай Монгол Улсын Их хурлын Хяналт шалгалтын тухай Монгол Улсын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасан журмын дагуу олон радио, телевиз, УИХ-ын цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсгол болохоос 14 хоногийн өмнөөс эхлээд сонсголын тов, сонсгол явуулах сэдэв, сонсголыг "Жанжин Д.Сүхбаатар" танхимд зохион байгуулах талаар болон оролцогчдын бүртгэл сонсголд оролцогчдын эрх үүргийн талаар олон нийтэд зориулсан мэдээллийг бэлтгэн, тогтмол давтамжтайгаар олон нийтэд мэдээлсэн.

Сонсголд тухайн сэдвээр мэдээлэл өгөх эрх бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтнуудыг сонсголд дуудан, мэдэгдэл хүргүүлсний дагуу нийт 110 тушаалтан сонсголд оролцох саналаа илэрхийлсэн. Сонсголыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих, сонсголд өөрийн биеэ оролцон, тодорхой асуудлаар санал хэлэх, сонсголд зайлшгүй зайлшгүй оролцох шаардлагатай, сонсголд оролцох хүсэлт гаргасан нийт 225 иргэн, хуулийн этгээд бүртгүүлснээс 58 иргэн сонсголын үеэр санал, хүсэлтээ урьдчилан ирүүлсэн бөгөөд хэвлэл мэдээллийн 17 байгууллагын 43 ажилтан сонсголын ажиллагааг сурвалжлах хүсэлтээ ирүүлсэн.

Сонсгол зохион байгуулах ажлын хэсгээс шийдвэрлэсний дагуу сонсголд оролцогчдын тоог хязгаарлахгүйгээр оролцогчдыг сонсголд оролцох боломжоор тэгш хангахын тулд сонсгол явуулах байршлыг өөрчлөн, Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар"-ын, "Их эзэн Чингис хааны танхим"-д нэгэн зэрэг явуулахаар төлөвлөсөн ч оролцогчид сонсголыг нэг танхимд зохион байгуулах шаардлага тавьсан тул "Их Монгол" танхимд зохион байгуулж, сонсголын үйл ажиллагаа 9 цаг 30 минут тасралтгүй үргэлжилж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хүргэсэн.

Ерөнхий хяналтын сонсгол явуулахаар олон нийтэд зарласан үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, "Эрдэнэс Тавантолгой" компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Улсын ерөнхий прокурорын Хэрэг мөрдөлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал нар сонсголд оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн.

Сонсголд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 15 гишүүн, УИХ-ын 36 гишүүн оролцсоноос УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Раднаасэд, Д.Өнөрболор, О.Цогтгэрэл, Д.Цогтбаатар нарын долоон гишүүн асуулт асууж, үг хэлсэн. Сонсголд оролцохоор урьдчилан бүртгүүлсэн 55 иргэн саналаа илэрхийлж, тэдний асуусан асуулттай холбогдуулан холбогдох албаны хүмүүс давхардсан тоогоор 44 удаа тайлбар, мэдээлэл өгсөн болно.

УИХ-ын гишүүд болон сонсголд оролцсон гишүүдийн гаргасан саналыг тоймлон авч үзвэл дараахь 6 чиглэлээр санал гаргасан болно. Үүнд:

  1. Нүүрсний хулгайг ил болгох олон нийтийн мэдэх эрхийг хангах чиглэлээр. Засгийн газраас байгуулсан нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг буюу штабад ард түмний төлөөллийг оролцуулах. Нүүрсний хулгайтай холбогдсон этгээдүүдийг зарлах. "Тавантолгой"-н нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг шалгах, шаардлага бол УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах, 1 км төмөр замыг олон улсын жишгээс өндөр үнээр барьсан нь хулгай хийх боломжийг бүрдүүлсэн болон төмөр замтай холбоотой авлига, хээл хахуулийн хэргийг шалган тогтоох, оффтейк гэрээнүүдийг ил болгоод зогсохгүйгээр ажил гүйцэтгэх, туслан гүйцэтгэх гэрээнүүдийг ил болгох 2012 оноос хойших 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын хурлын бүх тэмдэглэл, тушаал, шийдвэр, Худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбар зэргийг ил болгох талаархи саналуудыг гаргасан болно.
  2. Хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр. Төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, байгалийн баялгийг олон нийтийн хяналтад оруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах хүрээнд УИХ-аас төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай Эрдэс баялгийн ил тод байдлын тухай Улс төрийн намын тухай бие даасан хуулийг батлах, татварын болон сонгуулийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн шинэчлэн батлах, коронавирус халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, сөрөг нөлөөллийг бууруулах тухай болон Засгийн газарт онцгой дэглэм тогтоосон хуулиудыг хүчингүй болгох саналуудыг гаргасан болно.
  3. Хяналт тавих хариуцлагын тогтолцоог сайжруулах олон нийтийн хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх чиглэлээр. Төрийн байгууллагуудын мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй байгаад дүгнэлт хийж, Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг холбогдох байгууллагуудаас тээвэрэлттэй холбоотой статистик мэдээллийг үнэн зөвөөр гаргаж, нүүрсний үнийн зөрүүний асуудлыг тусад нь авч үзэж, нүүрсний хулгайч ямар нөлөөлөл үзүүлснийг судалж, дүгнэлт гаргаж ил тод болгох, оффтейк гэрээг нууцад хамруулсан шийдвэр гаргасан болон бүртгэлгүй нүүрсийг улсын хилээр гаргасан этгээдийг олон нийтэд зарлах, хариуцлага тооцох, хуулийн байгууллага хяналт шалгалт хийхдээ хөндлөнгийн нөлөөнд автахгүй, хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх саналууд гаргасан болно.
  4. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах чиглэлээр. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулах, ард түмэнд ноогдол ашиг хуваарилах, төрийн өмчийн засаглалыг өөрчлөх, хяналтыг сайжруулах, олон нийтэд нээлттэй болгох, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төрийн эзэмшлийн бүх хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй шилжүүлэх, жижиг, том Тавантолгой компанийг нэгтгэж, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлж, тус сангийн нийт аймагт тэгш хуваарилах, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүртгэлтэй байгаа "Зүүнбаян төмөр зам"-ыг "Монголын төмөр зам" ТӨХК-д шилжүүлэх, Тавантолгойн орд ашиглалтын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд түүхий нүүрсийг боловсруулж хилээр гаргах, Тавантолгойн орд газрын хамгаалж хашаалж иргэдийн өмчийг хамгаалах, төмөр зам, цахилгаан эрчим хүчний бүтээн байгуулалтад анхаарах, Оюутолгойн орд ашиглахтай холбоотой УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, түр хороотой адил Тавантолгойн асуудлаар  түр хороо байгуулж, мэргэжлийн экспертүүдийг татан оролцуулж, үр дүнг УИХ-д танилцуулах, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30 хувийг маш хямд үнээр IPO хийн арилжаалах гэж байгаа бол түүнийг зогсоох зэрэг саналуудыг гаргасан болно.
  5. Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хэлбэрийг сайжруулах чиглэлээр. Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах, хамрах хүрээ, үр дүнг тайлагнах хүрээнд УИХ-аас зохион байгуулсан нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудлаар ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдыг заавал оролцуулдаг байх. Зөвхөн нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулаад зогсохгүй цаашид нефть, зэс болон уул уурхайн салбарын бусад бүтээгдэхүүний талаар хил гаалийн хяналтын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах, сонсголоос гарсан үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газарт хүргүүлдэг байх саналуудыг гаргасан болно.
  6. Төрийн байгууллагын тогтолцоог өөрчлөх чиглэлээр. Төрийн байгуулалтын харилцан хяналт тэнцлийг хангах хүрээнд УИХ нь Засгийн газарт тавих хяналтаа сайжруулах, шүүх, прокурорын байгууллагын томилгоог өөрчлөн шинэчлэх, УИХ-ын гишүүдийн халдашгүй байдал, эрх мэдлийг бууруулах, ард түмний төлөөлөл сонгогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг саналуудыг гаргасан болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж