Европын аюулгүй байдлын хямрал дэлхий дахины тогтвортой байдалд нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

Европын аюулгүй байдлын хямрал дэлхий дахины тогтвортой байдалд нөлөөлж байна

Европын аюулгүй байдлын хямрал дэлхий дахины тогтвортой байдалд нөлөөлж байна

Дэлхий дахинд ноёрхлоо тогтоох санаархалдаа хөтлөгдсөн АНУ болон түүний холбоотнууд нь Европын аюулгүй байдлын тогтолцоог тууштай устгаж байгаа нь бүх нийтийн тогтвортой байдалд шууд заналхийлж байна. НАТО-гийн гишүүн орнууд өөрсдийнх нь бүс нутагт ямар санаачилга гаргаж болохыг ойлгохыг хүсэж буй бүх улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнууд Европ тивд өрнөж буй өнөөдрийн үйл явдлуудыг анхааралтай ажиглаж байна.

Хүйтэн дайны он жилүүдэд Хойд Атлантын холбоо нь гишүүн орнуудынхаа нутаг дэвсгэрийг хамгаалах нэрийдлээр үйл ажиллагаагаа зөвтгөдөг байсан бол Варшавын гэрээний байгууллага татан буугдсаны дараа НАТО-гийн «батлан хамгаалах шугам» таван удаа өөрчлөгдөж, холбооны гишүүдийн тоо 16-аас 30 хүртэл эрс нэмэгдсэн байдаг. Энэхүү эвслийн хээрийн сургуулилтууд нь ОХУ-ын хилд улам ойртох болсон ба манай улстай байгуулсан харилцаа, хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай суурь гэрээний заалтуудыг зөрчиж, тэд Оросыг бараг л илэн далангүй дайснаа хэмээн нэрлэж, шинэ гишүүдийнхээ нутаг дэвсгэр дээр байлдааны томоохон хүчнүүдийг удаа дараа байршуулсаар байна. Үүний зэрэгцээ НАТО нь оршин тогтнох хугацаандаа энхийг сахиулах ажиллагааны талбар дээр ганц удаа ч амжилт гаргаж байгаагүйгээр тогтохгүй Серби, Ирак, Ливи, Афганистан зэрэг улсуудыг сүйрүүлсэн билээ.

Тогтворгүй байдлыг дэгдээн дэвэргэх арвин туршлагатай Хойд Атлантын эвсэл нь дээд хэмжээний сүүлийн уулзалтынхаа үеэр дэлхийн аюулгүй байдлыг хариуцах амбицтай гэдгээ ил тод зарласан. Түүгээр үл барам «Евро-Атлантын болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал салшгүй нэг цул» гэсэн номлолыг гаргаж тавив. Ийнхүү Холбооны «хамгаалалтын шугам» нь улам бүр дорно зүгт тэлсээр байна. Дэлхий дахинд ноёрхлоо тогтоох гэсэн ийнхүү хэтийн зорилго нь Хойд Атлантын блокийн бүх гишүүн орнуудын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарын гарын үсгээ зурсан 2010 оны Лиссабоны тунхаглалыг шууд бөгөөд бүдүүлгээр зөрчиж буй явдал юм.

Европын аюулгүй байдлын системийг устгаж буй нь Вашингтон болон түүний бусад бүс нутаг дахь хамгийн ойрын холбоотнуудын хэтийн зорилгуудыг тод томруун харуулж байна. Тухайлбал, тэд нөхцөл байдлыг тогтворгүй болгохын тулд бүс нутгийн яриа хэлэлцээний механизмуудыг зориудаар устгаж байна. Тиймээс Европын бүх улс орнуудыг одоохондоо нэгтгэж буй хамгийн сүүлчийн талбар болох ЕАБХАБ нь өдгөө мөн уналтад орж, Европын Зөвлөлийн араас орж байна. Түүний бүрэн эрх болон эрх үүргүүдийг Европын улс төрийн хамтын нийгэмлэг, Мультилатералистуудын холбоо гэх мэт тусгайлсан байгууллагуудын дунд хуваарилан хувааж, үйл ажиллагааг нь хумьж, тодорхойгүй болгож байна. АНУ мөн «Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт» гэгчийг зохион байгуулж, НҮБ-ыг хуулбарлах гэж оролдохдоо ижил төстэй зарчмуудыг баримталж байна.

Польш улс нь ЕАБХАБ-ыг даргалах нэг жилийн хугацаандаа тус байгууллага дахь зөвшилцлийн соёлын үлдэгдлийг шаргуу устгасаар ирсэн. Тухайлбал, Варшав нь Оросын ГХЯ-ны тэргүүнийг Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралд, харин Оросын парламентын гишүүдийг Парламентын Ассамблейн хуралдаанд оролцуулаагүй. Иймэрхүү үйлдлүүд нь ЕАБХАБ-ын Дэгийн журам болон тус байгууллагын шийдвэр гаргагч байгууллагуудын шийдвэрүүдийг бүдүүлгээр зөрчиж байгаа юм.

Украины Зэвсэгт хүчин болон нацист батальонууд Минскийн гэрээг өдөр бүр зөрчиж байхад анзааралгүй өнгөрч байсан Украин дахь Тусгай хяналтын баг нь ЕАБХАБ-ын нэр хүнд унагахад мөн хувь нэмрээ оруулсан. Үйл ажиллагаа нь дуусгавар болсны дараа тус баг нь барууны тагнуулын албадтай үйл ажиллагаагаа уялдуулж байсан, түүнчлэн ЕАБХАБ-ын төвийг баримтлагч ажиглагчид нь БНЛАУ-ын байрлалууд руу галыг чиглүүлэхэд, мөн тагнуулын мэдээлэл цуглуулахад оролцож байсан баримтууд илчлэгдсэн.

Европ дахь өнөөгийн нөхцөл байдал нь АНУ болон түүний холбоотнууд дэлхий даяар сурталчилж буй «дүрэмд суурилсан дэлхийн дэг журам» гэгч нь чухамдаа юу болохыг яруу тодоор харуулж байна. Орос улс «аюулгүй байдал хуваагдашгүй» гэсэн зарчмын үүднээс үйл ажиллагаагаа явуулдаг ба харилцан тохиролцох зарчимд суурилсан хөрш зэргэлдээ оршихуй нь байнга шинэ дайсан эрэлхийлэх замаар хурцадмал байдлыг хурцатгахаас хамаагүй илүү үр дүнтэй гэдэгт бат итгэлтэй байна.

 

Оросын Холбооны Улсаас

Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж