Ардчилсан намыг Ардчилсан намынхнаас аврахсан!

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

Ардчилсан намыг Ардчилсан намынхнаас аврахсан!

Ардчилсан намыг Ардчилсан намынхнаас аврахсан!

Арванхоёрдугаар сарын турш улсаараа хэлэлцэж, тэмцсэн нүүрсний хулгайн хэрэг хууль, шүүхийн гарт шилжив. Товчхондоо, хууль шүүхийнхэн нүүрсний хулгайг хэрхэн илрүүлэх, хэн хэнтэй хариуцлага тооцох, ингэхдээ хэн нэгэнд ял завшуулах эсэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх үгүйг иргэд бид зөвхөн харах л үлдэж байна.

 Үнэндээ, эдийн засгийн хямралаас илүү эрх мэдэлтнүүдийн авлига, хулгай, луйвар энэ улсыг  “сүйтгэж” буйд иргэд бухимдалтай, тэдний хүсэл байгалийн баялгийг цөөн хэдүүлээ хувааж баяжих биш улсаараа хөгжих, олуулаа хөлжих тухай юм.  Наанаа, камерын өмнө шударга ёс, тэгж боломж, тэгш стандартын тухай ярих хэдий ч цаанаа ялсан намын аль нэг фракц, бүлэглэлүүд улсын мөнгийг, баялагтай нь хувааж иддэг, эрх мэдэл, идэж уух хуваарилалтаасаа болоод өөр хоорондоо талцдаг тогтолцоогоо өөрчлөх нь МАН-ын гэрийн даалгавар болсон. Тогтолцооны өөрчлөлтийг дагаад улс төр, эдийн засагт томоохон шинэчлэлт, реформууд нь хийхийг нийгэм, эдийн засаг нь өөрөө шахаж шаардаж байна.

УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш МАН засгийн эрхийг зургаан жил барьж байгаа билээ. Өмнөх алдаа, дутагдлаа Ардчилсан нам руу чихдэг байсан коммунистууд өнөөдөр “анд нөхөд”-ийнхөө хулгай, луйвартай тэмцэхээс өөр аргагүй нөхцөлд хүрчээ. Учир нь, зургаан жил гудамжинд лааз өшиглөж яваа Ардчилсан намыг “барьж авч” зоддог үе нь ард үлдэж, сөрөг хүчингүй шахуу зургаан жил засагласан МАН-ын үед Хөгжлийн банкны луйвар болоод 40 их наядын нүүрсний хулгай гэсэн нийгмийн доргиосон том хэргүүд дэлгэгдэж байна. Монголын хулгай луйврыг ярих аваас хүрээний бузар ч бараг гаагүйдээ орох бололтой дог.

Эрх баригчдын хулгай, луйварт хяналт тавих ёстой сөрөг хүчин нь дотоод хэрүүл, зодоондоо сөхөрч унаад зогсохгүй парламентад суудалтай АН, ХҮН хоёул МАН-ын нохойд барьдаг мод болцгоожээ. Жишээ нь, нэр устай нь хэлэх аваас УИХ-ын гишүүн Ш.Адъшаа, Т.Доржханд хоёр МАН-ын далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордог “утсан хүүхэлдэй” болж хувирсан нь худлаа ч гүтгэлэг биш юм.

Цагийн сайханд засгийн эрх барилцаж, барьж явсан, 200 мянган гишүүнтэй, түүнээс олон дэмжигчтэй байсан Ардчилсан нам өнөөдөр хоёр байтугай хуваагдсан нь Монголын ардчиллын гол эмгэнэл, айдас хүйдэс болсон байна. Х.Баттулгын, С.Баярцогтын, С.Эрдэнийн болоод төвийг сахигчид гэж “бутарсан” Ардчилсан нам 2024  хүртэл хоорондоо учраа олно, эвлэрч нэгдэж, их үйлсийн төлөө зүтгэнэ гэж итгэхэд бүү хэл хэлэхэд хэцүүхэн харагдаж байна.

АН-ын УИХ дахь бүлгийн дарга О.Цогтгэрэл Даваа гаригт мэдээлэл хийхдээ “АН тал талын оролцоотой байр суурийг нэгтгэж АН-ын эв нэгдлийг хангах талаар бүлэг  хуралдаж ажлын хэсэг байгуулсан. 39 хүнтэй ажлын хэсгийгЖ.Батсуурь гишүүн ахалж, нарийн бичгийн даргаар М.Тулгат төлөөлөгч ажиллахаар, тэдэнд 20 хүн зөвлөх болсон”-ыг зарласан. Ингэхдээ ажлын хэсгийн зөвлөх багт С.Эрдэнэ,  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Н.Энхболд дарга нар бүгд оролцож буйг онцолсон.

Гэтэл үүнтэй зэрэгцээд С.Эрдэнийн АН-тай М.Энхсайханы МҮАН нэгдсэн. Энэ талаар С.Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Ардчилсан намын бүлэг гэгдэж буй хэсэг нөхөд эрх баригчдын тоглоомын бүлэг” болохыг тодотгосноос харвал Ардчилсан намынхан нэг туг, нэг үзэл баримтлал, нэг малгайн дор эвлэрч нэгдэхээргүй хагарсан шаазан мэт болжээ.

Хэдийгээр Ардчилсан намын албан ёсны тамга С.Эрдэнийн гарт бий ч, энэ нь С.Эрдэнэ намын дарга мөн гэсэн баталгаа биш.  Тамга атгасан хүн хаан болдог цаг хэдийнэ улирсан. Харин хаан болсон хүн л тамга атгах ёстой. Одоогоор Ардчилсан нам даргаа тодруулаагүй, сонгоогүй байна. Иймээс С.Эрдэнэ Ардчилсан намын жирийн нэг гишүүн гэсэн үг.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа З.Энхболдоос тамга авсан С.Эрдэнийн үед Ардчилсан нам тарахдаа тулсан нь Монголын улс төрийн намуудын түүхэнд бичигдэх нь ойлгомжтой. Хэдийгээр  Х.Баттулга Ардчилсан намыг тараасан, талцуулсан гэж С.Эрдэнэ буруутгадаг ч, Ардчилсан намын өмнө, ардчиллын өмнө тэд хоёулаа буруутай, гэмтэй.

Х.Баттулга Монголын ардчиллын заналт дайсан бол С.Эрдэнэ Ардчилсан намын хувьд бул хар чулуу болсон байна.

Хэн, хэн нь хувийн жижиг эрх ашгийнхаа төлөө намын, Монголын эрх ашгийг уландаа гишгэж буй нь худлаа биш. Магадгүй Х.Баттулга, С.Эрдэнээр АН-ыг алалцуулах нь Ардын намын захиалга байхыг бас хэн мэдлээ. Ямар ч байсан АН-ын эв нэгдлээс хамгийн их айж байгаа нь МАНЖ болох нь Х.Баттулгын болоод Ардын намын троллуудын жиргээ, постуудаас тодорхой уншигдах болсон.

УИХ-ын 2020 онд намаа ялагдуулж, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө өрсөлдөөд өвдөг шороодсоныхоо хариуцлагыг уг нь С.Эрдэнэ хүлээх ёстой. Хэрэвзээ Ардчилсан намыг С.Эрдэнэ хувьчлаад авчихаагүй бол. Мөн дараалсан сонгуулиудад намаа ялагдуулсны хариуцлагыг Ардчилсан намынхан С.Эрдэнээс нэхэх учиртай. Ардчилсан нам нам мөн юм бол.

Эрх баригч МАН-ын удирдлагууд өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьж, тогтолцооны шинэчлэлт хийхээр яаравчилж байна. Тэдний хүсч буй нь, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шалтаглан, УИХ-ыг тарааж, 2023 онд ээлжит бус сонгууль явуулах. Хэрэвзээ, үнэмлэхүй олонх энэ асуудалд нэгдэж чадвал энэ нь Ардчилсан намд ашиггүй юм.

Гурван жилийн турш хол толгойгоо олж чадахгүй хэрэлдэж яваа Ардчилсан нам ахиад гудамжинд гарна гэсэн үг. Тиймээс Ардчилсан намыг Ардчилсан намынхнаас аврах цаг болжээ. Гурван тийшээ харсан, гурван толгойтой мангас 15-тай хүүд ялагддаг Ардын үлгэр байдаг. Ардчилсан намынханд үлгэрээс сурах юм даанч их байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж