УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоомжийн дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшууллыг жил бүр төсөвт суулган, шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдэд олгож буй. Тухайлбал,
- 2020 онд 46828 малчинд ноосны урамшуулал 19.4 тэрбум, 2021 онд 91977 малчинд 31.7 тэрбум төгрөг болсон.
- 2020 оноос шийдвэр гарч, сүүний урамшуулал олгож эхэлсэн бөгөөд салбарын яам сүүний урамшууллыг литр тутамд 500 төгрөгөөр тооцож олгосон. 2020 оны арваннэгдүгээр сараас эхлээд 2021 оны гуравдугаар сар хүртэл 8.5 сая литр сүүгээ нийлүүлж, тушаасан нийт 6516 малчин, мал бүхий этгээдэд 4.3 тэрбум төгрөгийн урамшууллыг тооцож олгосон байна.
- Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2020 онд 797 иргэн, аж ахуйн нэгжид 22.4 тэрбум, 2021 онд 767 иргэн, аж ахуйн нэгжид 22.7 тэрбум төгрөг олгосон.
- Арьс ширний урамшуулалд 2020 онд 37825 мянган малчин, мал бүхий иргэдэд 9.9 тэрбум төгрөг олгосон байдаг.
Дээрх төрөөс олгож буй урамшуулалд хамрагдаж байгаа малчин, мал бүхий иргэд, тариаланчдын дийлэнх нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч байнгын орлогогүй байдлаасаа шалтгаалж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдах, төлөхгүй байх зэрэг асуудал үүсдэг.
Төрөөс нэгэнт жил бүр төсөвт урамшуулалд олгох хөрөнгийг суулгаад олгож байгаа тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тухай бүр нь тогтмол төлж чадахгүй байгаа, зарим боломжгүй тэдгээр иргэдэд нэгэнт олгох урамшууллаас нь суутган тооцоод олгох нь олон талын ач холбогдолтой. Нэн ялангуяа малчдын хувьд гар дээрээсээ шимтгэл төлөхгүйгээр ирээдүйн амьдралын баталгаа болох тэтгвэр авах эрх нь үүснэ. Иймд энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага үүсчээ.
Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл 5 заалттай. Төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд зохих журамд заасан шаардлага хангаж урамшуулал авах болзол хангасан иргэд энэ хуулийн үйлчлэлд хамаарна.
Хууль санаачлагчид Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл батлагдвал иргэд болон төрд нийгэм, эдийн засгийн олон ач холбогдолтой гэж үзжээ. Үүнд:
- Малчин, саальчин, мал бүхий иргэд, тариаланчид зэрэг иргэд байнгын ажлын байргүй, байнгын орлогогүй тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх нь тогтмол төлөх нь хүндрэлтэй байдаг,
- Дээр дурдсан иргэд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байх нь ирээдүйд тэдний амьдралын баталгаанд сөрөг нөлөөтэй,
- Нийгмийн даатгалын шимтгэлээ зохих хууль тогтоомжийн дагуу төлж чадаагүй иргэд ирээдүйн амьдралынх нь баталгаа болох тэтгэвэр тогтоолгож чадахгүй. Тэгэхээр хэдий олон иргэн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхгүй байна төр төдийчинээ олон иргэнд тэтгэмж олгож, тэжээх үүрэг хүлээнэ,
- Хууль, тогтоомжийн дагуу жил бүр олгох сүүний, ноосны, арьс ширний, улаанбуудайн урамшууллын хөрөнгийг төсөвт суулгаж урамшуулал авах эрх нь үүссэн иргэдэд олгодог. Нэгэнт тэдгээр иргэдэд төрөөс урамшуулал буюу нэг төрлийн орлого өгч байгаагийн хувьд тэрхүү урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэлийг нь суутгаад урамшууллыг нь олгох нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой болно.
Энэхүү хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон бусад хууль тогтоомжид нийцжээ.
Байнгын хорооны хуралдаан асуулт, хариултаар үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.САРАНЧИМЭГ:
-Хуулийн төслийг хэлэлцэхийг зарчмын хувьд дэмжиж байна. Аливаа хуулийн нэр хуулийн утга санаа, агуулгыг илэрхийлдэг учраас "зарим урамшууллаас" гэж тодотгосон нь зүйтэй болов уу. Хуулийн төслийн найруулга, боловсруулалтад анхаарч, залруулах зүйлүүд бий. Хэлэлцүүлгийн явцад байнгын хороо илүү анхаараад яваарай. Хуулийн төсөлд төрөөс олгох урамшууллаас нийгэм болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцох, иргэн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулаагүй байх шаардлага тавьж байна. Энэ жил сүү, ноос, улаанбуудай, арьс ширний урамшуулал авдаг иргэдээс нийгмийн даатгалд албан журмаар даатгуулаагүй хэдэн иргэн байна вэ?
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
–Монгол Улсад хэрэгжиж буй хууль, тогтоомж дотор хоёр асуудал бий. Нэг нь, эрүүл мэндийн даатгал, нөгөөх нь нийгмийн даатгал хуучин нэг нэг яаманд харъяалагдаад, нэг сантай явдаг байсан. Одоо хоёр тусдаа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Эрүүл мэндийн даатгалын сан нь, Нийгмийн даатгалын ерөнхий газар Нийгмийн даатгалын сан нь нийгмийн даатгалын сан харъяалагдаж байна. Шимтгэл төлөх зохицуулалтын хувьд эрүүлм эндийн даатгалыг албан журмаар төлж байна. Монгол Улсын иргэн бүр заавал төлөх ёстой гэсэн утагтай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж төлөгдөөд явдаг. Нийгмийн даатгал сайн дурын үндсэн дээр явагддаг. Энэ хуулийн үндсэн концепц ч иргэдээсээ өөрсдийнх нь сайн дурын үндсэн дээр зөвшөөрөл авч байж, шимтгэлээс нь хоёр шимтгэлээ төлөхийг зөвшөөрсөн тохиолдолд аваад явах агуулгатай.
Монгол Улсын 140 гаруй мянган өрхөд амьдарч буй 200 мянган малчны 30 хүрэхгүй хувь нь ЭМД төлж байна.
Хэдий эрүүл мэндийн даатгал албан журмынх, төлөх хэмжээ нь бага ч гэсэн хамрагдалт ийм бага байна. Тэгэхээр энэ хуулийн үйлчлэл, албан журмын даатгал буюу урамшуулал авч байгаа иргэн бүр бага мөнгө төлөх нөхцөл үүсэх учраас ЭМД-ын төлөлт, хамрагдалт 90 хувь давах болов уу, сангийн сан хөмрөг ч нэлээн зузаарах болов уу гэсэн төсөөлөлтэй байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд 17 орчим хувьтай байж байгаад төрөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийг нэг жилийн хугацаатай баталж, иргэдийн хүсэлтээр дахин нэг жил сунгасан боловч нийгмийн даатгалын шимтгэл малчдын хувьд дөнгөн данган 20 хувьтай байна. Энэ хувь нэмэгдэх болов уу гэж бодож байна. Хуулийн төсөл батлагдвал хоёр сангийн орлого мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Хоёрдугаарт, төр байгаа учраас эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлүүдээ төлөөд, энэ үйлчилгээнд хамрагдчихвал тухайн иргэн, өрхийн амьдралын, эрүүл мэндийн баталгаа илүү хангагддаг, төр ч гэсэн үүнийг хангалцах ёстой гэсэн утгаар мэдэгдэхүйц ашиг гарна гэж үзэж байна.
Хоёрдугаарт, урамшуулал авдаг иргэд мэдээллээс, сумын төвөөс маш хол амьдардаг учраас бэлэн мөнгөний орлого сар бр тогтмол олдоггүй зэрэг нөхцлүүдээс болоод хамрагдалт бага байна. Цахим бодлогын хамгийн сайн хэрэгжиж буй хоёр зүйл нь эрүүл мэндийн даатгалын дэвтэр байхгүй болсон. Эмнэлэг дээр очоод, шууд регистрээ хэлээд, төлөлтөө харж болдог болсон. Нийгмийн даатгалын дэвтэр байхгүй, цахим болсон. Хэрвээ иргэд зөвшөөрвөл автоматаар төлөөд явах боломжтой. Малчин хүн хуулиараа эрэгтэй 55, эмэгтэй 50 нас гээд хамгийн хүнд хортой нөхцөл шиг хамгийн таатай насандаа ажиллахаа больдог.
УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Хэн ч байсан орлоготой болсон бол өөрөө л шимтгэлээ төлчихмөөр байгаа юм. Гишүүд “Тэгдэггүй юм, тэр хүн чинь хөдөө орон нутагт хол байдаг учраас шимтгэлээ төлж чаддаггүй юм. Иймд суутгачихъя” гээд, бүр тусад нь хуулийн төсөл оруулаад ирж байна. Бүх харилцаа банкаар, гар утсаар, шилжүүлэг хийгдээд явж байгаа тохиолдолд болох л ёстой юм. Хуулийн төслийн 3.2-т “нийгмийн даатгалд албан журмаар даатгуулаагүй байх” гэж байна. Хаа нэг газар гэрээ байгуулсан гэрээт малчин байлаа гэж бодоход тэр хүн энд хамрагдахгүй болж байна. Түүний эрхийг заавал хаах шаардлага байгаа юм уу? Сайн дураараа нэг байгууллагатай гэрээ байгуулаад, урамшууллаас шимтгэлээ суутгачих аа гэвэл тэд нарт ч гэсэн эрхийг нь олгоё л доо. Хүндрэл гарах уу?
Төрөөс урамшуулал авах эрх үүссэн иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлөх эрхтэй гэж байна. Ойлгомжтой энэ заалт хуулинд байх хэрэгтэй юм уу? Миний бодлоор байх хэрэггүй гэж бодож байна. Гуравд, төрөөс урамшуулал авах эрхтэй иргэний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг гэрээгээр тохирно гэж заажээ. Шимтгэлээ төлж чадахгүй хол зайтай, орон зайн хувьд хүндрэлтэй байгаа хүмүүс дахиад гэрээ байгуулах юм уу? Зүгээр л жилийнх нь шимтгэлийг авдаг байхгүй бол хүн болгон дээр янз янзын харилцаа үүсээд, нийгмийн даатгалын байгууллагууд ажлаа хийхэд хүндрэлтэй болох юм биш үү? Дөрөвдүгээрт, заавал ийм тусдаа хууль байх хэрэг байна уу? Нийгмийн даатгалын багц хуулиндаа нэмэлт, өөрчлөлт хийх замаар асуудлыг шийдэж болохгүй юм уу?
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
-"Албан журмын даатгалд даатгуулаагүй байх" гэдэг дээр хэлэхэд, нийгмийн даатгал сайн дурын даатгал, хамруулах гэж байгаа салбарын малчид, ногоочид, тариачдын хувьд сайн дурын хэлбэрээр явагддаг. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцчихээд, дараа нь анхдугаар хэлэлцүүлгийн үеэр яриад явж болох байх. Гэрээ байгуулах тухайд, албан маягийн биш байдлаар, өөрөөр хэлбэл та төрөөс авах урамшууллаасаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ суутган тооцохыг зөвшөөрч байна уу гэсэн зөвшөөрлийн тухайд яригдаж байгаа юм. Гэрээ гэдэг нь мөнгөний дүнтэй юм руу орчихсон юм шиг харагдуулж байх шиг байна. Энэ дээр анхааръя. Малчин бүр өөр өөр шимтгэлтэй. Би түрүүн хэлсэн, энэ жил хөдөлмөр хөлсний доод хэмжээ 550 мянган болсонтой холбогдуулан 2023 онд 60 мянгаас дээш гарах байх. Тэгэхээр эхний ээлжид албан журмын даатгалуудаа төлөөд явах эрх нь бараг бүх хүнд үүсч байгаа юм.
Малын тоо, тушаасан сүү, ногоо, улаанбуудайнаас хамаараад авах урамшууллын хэмжээ нь өөр өөр. Мянгат малчин юм уу, эсвэл олон га талбайтай хүн бол нийгмийн даатгалын шимтгэлээ 100 хувь төлөөд явах боломж үүсч байна. Зарим нь дутуу үлдэж байгаа юм. Тэр хүмүүст тодорхой хэмжээгээр суутгуулж, зөрүүгээ өөрөө нэмээд сайн дураар төлөх нөхцөл байдал үүснэ. Тусдаа хууль байх шаардлагатай юм уу гэж асуулаа. Шилжилтийн, завсрын буюу амьдрал дээр байгаа нөхцөлд. Юу гэхээр, хөдөө орон нутагт явж байхад манай малчид карманаасаа бэлэн мөнгөөр замын хураамж 1000 төгрөг гаргаад өгөхөд хүртэл нэлээн харам байдаг. Янз бүрийн олж буй урамшууллаа зарцуулж буйг нь харахаар ашигтай, ашиггүй зүйлд зарцуулаад явдаг. Мэдээлэлгүй, сумын төвөөс хол, тогтмол бус орлого олж буй асуудлуудыг нь зохицуулж байгаа юм. Гишүүд ярилцаж байгаад тусдаа хууль болгоод батлуулчихвал зүйтэй байх гэсэн үндэслэлээр хуулийн төсөл өргөн барьсан.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:
-Энэ хууль амьдралаас урган гарсан, нийгмийн хэрэгцээ шаардлагатай байгаа хууль юм. Иргэд болоод малчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид болоод газар тариалангийнханд асар их хэрэгцээтэй, хүлээлттэй байгаа хууль. Төсөвт ачаалал болох вий, санхүүжилт гаргах шаардлага үүсэх вий гэсэн асуудал байхгүй. Эсрэгээрээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой. Төсөвт учирдаг ачааллыг илүү бууруулах боломж бололцоо бүрдэнэ.
Малчид, тариаланчид нэг талдаа сарын тогтмол орлого байхгүй. Улирал, жилийн шинж чанартай орлогоос нь шимтгэн тооцуулах, ирээдүйд олох орлогоос нь авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Хамрагдалтыг нэмэгдүүлж буй, нийгмийн бодлогын шинж чанартай хууль байгаа юм. Мөн эдийн засагт эерэг нөлөө авчирна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үйлдвэрлэгч нараа урамшуулж байгаа, тухайн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүн нийлүүлж байгаа, өөрөөр хэлбэл арьс шир, сүү, улаанбуудай үйлдвэрлэж нийлүүлж байгаа үйлдвэрлэгч нарт, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч нарт, малчид, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг урамшуулж байгаа хэлбэр. Тиймээс эдийн засгийн зөв хөшүүрэг болж гарч ирж байгаа юм.
Холбоотой мэдээ