Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болжээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Софья Акатьева гэх 15 настай охин түрүүлж, аваргаа хамгаалагч Камила Валиева, туршлагатай Елизавета Туктамышева нар удаалжээ.
Акатьева богино үзүүлбэр дээрээ 85.59 оноо авч, бүх тамирчдыг тэргүүлж эхэлжээ. Улмаар чөлөөт үзүүлбэр дээрээ 164.15 оноо цуглуулж, нийт 249.74 оноотой аваргын алтан медаль хүртсэн аж. Харин Валиева 247.32 оноотой мөнгөн медаль, Туктамышева 241.72 оноотой хүрэл медаль тус тус хүртжээ.
Шинэхэн аваргын хувьд Оросын өсвөр үеийн хоёр удаагийн аварга бөгөөд Валиевагийн адилаар алдарт дасгалжуулагч Этери Тутберидзегийн шавь гэнэ.
Түрүүлснийхээ дараа Акатьева “Үнэндээ өөрөө цочирдлоо. Өөгүй үзүүлбэр байсангүй. Гурвалсан аксель дээрээ илүү ажиллах хэрэгтэй гэдгээ ойлголоо. Дасгалжуулагч нартаа баярлалаа” гэжээ.
Камила Валиевагийн тухайд аваргаа хамгаалах боломжтой байсан ч богино үзүүлбэр дээрээ тааруу оноо авч, тэргүүн байраас ердөө хоёр оноо дутлаа. Түүний допингийн хэрэг намжиж, тамирчин бүсгүй ч сэтгэл зүйн хувьд тэмцээн уралдаанд ороход бэлэн болжээ.
Тэгвэл Елизавета Туктамышева гэх 26 настай бүсгүй 15 дахь удаагаа улсынхаа аваргад оролцож, хүрэл медаль хүртлээ. 19 насандаа л дэлхийн аварга болж, цуу алдраа дуурсгаж байсан тэрбээр өдийг хүртэл их спортдоо үнэнч хэвээр. Түүнтэй хамт өрсөлдөж байсан тамирчид, түүний дараа үеийнхэн хэдий зодог тайлсан ч тэр дүү нартайгаа өрсөлдсөөр байна.
Елизавета Туктамышева 2013 онд улсынхаа аваргаар тодорч, 2015 оноос хойш медалийн тавцанд зогсоогүй байсан юм.
Олимпийн мөнгөн медальт Александра Трусова тэмцээний өмнө өвдсөн бол олимпийн аварга Анна Щербакова өвдөгний бэртлээ эдгээж байгаа учир энэ удаагийн тэмцээнийг өнжжээ. Дашрамд дуулгахад, Оросын уран гулгалтын тамирчид олон улсын тэмцээнд оролцох боломжгүй хэвээр буй.
Холбоотой мэдээ