Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг баярын нэг хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Хотын утаа, түгжрэлээс жаахан ч болов холдож, гэр бүл, найз нөхдөөрөө он солигдох мөчийг угтах сонирхолтой хүн олон бий. Тиймдээ ч арванхоёрдугаар сард хаус түрээсийн үйлчилгээний эрэлт ихэсдэг. Хоногоор түрээслэх хаусны тренд улирал дуусах дөхөж, 30, 31-ний захиалгын эрэлд хүмүүс гарчээ. Үүнийг дагаад наймаас дээш хүний багтаамжтай хаусны үнэ өсч доод тал нь хоногийн нэг сая төгрөг байна. Мөн байршлаас хамаарч үнэ өөр, өөр байгаа аж.
Ресторан болон бусад үйлчилгээний газар цагийн хуваарьтай, тодорхой дүрэм журамтай байдаг учир олуулаа тав тухтай байх орчин нь цэвэр агаарт тохилог байшинд гэж үзэх хүмүүс нэмэгдсэн.
Тиймдээ ч хаусны үнэ ханш байршил болон орчноосоо шалтгаалан түрээсийн үнийн хувьд ялгаатай. Мөн түрээсийн үйлчилгээ байршил, орчин, дотоод засал, нэмэлт зүйлсийг танилцуулж байгаагаас гадна хүний тоо заадаг байна. Тодруулбал, гэр бүлээрээ буюу цомхон тохиолдолд 2-5 хүний нэг давхар хаус караоке, нэмэлт үйлчилгээгүй 250-400 мянган төгрөг, 6-9 хүнийх 450-600 мянган төгрөг, 10 болон түүнээс дээш хүний караоке, биллиардтай хоёр давхар хауснууд 1-1,5 сая төгрөгийн үнэтэй байна.
ХАУС ТҮРЭЭСЛЭГЧДИЙН ШААРДЛАГА ӨНДӨРСЧЭЭ
Хаус түрээслэгчид Covid-19 халдварын улмаас хоёр жил хүмүүс хүлээж аваагүй учраас түрээсээ өнгөрсөн жил 100-200 мянган төгрөгөөр нэмээд байсан. Харин энэ жил үнээс гадна түрээслэгчдэд тавих шаардлагаа өндөр болгожээ. Тухайлбал, хотын төвөөс 10 км зайд байрлах хүлээн авалтын заалтай 15-25 хүний багтаамжтай найман өрөө комплекс хаус түрээслүүлэх зараар холбогдлоо. Түрээслүүлэгч “Чингэлтэйн Зүрх уулын лагерт цэвэр агаарт ой модны төгөлд комплекс хаус түрээслүүлнэ. Шинэ жилийн бүрэн тохижолт хийгдсэн хүлээн авалт хийхэд тохиромжтой. Хүлээн авалтын заал караокетай, хоёр давхар найман өрөө цоо шинээр бүрэн тохижуулсан хаус. Өрөө болгон нойл, халуун ус, душтэй. Мөн интернет, гал тогооны бүрэн тавилга хэрэгсэл, дулаан граш, хүүхдийн тоглоомын талбайтай. Хоногийн 1,2 сая төгрөг.
Түрээслэгчид эд хогшил эвдлэх, хариуцлага хүлээхгүй байх зэрэг тохиолдол гардаг учир хоногийн түрээс дээр барьцаа авдаг болсон.
Барьцаа хоногоос шалтгаалж 100-300 мянган төгрөг” гэв. Олон хүний багтаамжтай бусад хаус түрээслүүлэх зарууд руу холбогдоход мөн л барьцаа авна гэж байлаа. Өнгөрсөн жилүүдэд хаус түрээс хоногийн үйлчилгээнд барьцаа авдаггүй байжээ.
Гэхдээ барьцаа төлсөн ч мэдээж хэрэг байшингаа хүлээлгэж өгөхөд нь ор, дэрний цагаан хэрэглэлийг бохирдуулсан тохиолдолд 50 мянган төгрөг, хаусны эд хэрэгслийг эвдэлсэн бол 100 мянган төгрөгөөс дээш торгууль төлөх гэнэ.
УРЬДЧИЛГАА ШИЛЖҮҮЛЖ БАТАЛГААЖУУЛАХ НЭРИЙДЛЭЭР ЗАЛИЛАХ НЬ ИХЭСЧЭЭ
Нэг талдаа түрээслэгчдийн тавих шаардлага нэмэгдсэн ч эрэлтийг дагаад залилагчид ихэссэн байна. Энэ сард цагдаагийн байгууллагад түрээсийн байшин, хаусны урьдчилгаа шилжүүлж залилуусан гэх мэдээлэл олон иржээ. Нарийвчлан тоог гаргаагүй ч уг хэргүүдийг цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа аж. Хуурамч зар тавьж урьдчилгаа нэрийдлээр 200-400 мянган төгрөг авч иргэдийг залилсан тохиолдолд тухайн цахим залиланг цагдаагийн байгууллага ч тоодоггүй гэдгийг иргэд мөн цахим хуудастаа бичжээ.
Ямартай ч арванхоёрдугаар сарын 30, 31-ний баярын өдрүүдэд хаус түрээслэх бол сайтар нягталж байж төлбөрөө шилжүүлэхийг түрээслэгчид ч мөн зөвлөлөө. Учир нь өөр хүний зарын зургийг ашиглаж бодит юм шиг захиалга авч байгаа олон тохиолдол гарсан байна.
Холбоотой мэдээ