Сурвалжлага: Чихрээр бөмбөгдсөн шинэ жилийн бэлэг

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Чихрээр бөмбөгдсөн шинэ жилийн бэлэг

Сурвалжлага: Чихрээр бөмбөгдсөн шинэ жилийн бэлэг

Хүүхэд бүрийн догдлон хүлээдэг шинэ жилийн баяр болоход хэдхэн хоног үлджээ. Цасан охиноо хөтөлсөн, цаа бугаа дагуулан орж ирэх өвлийн өвөөгөөс бэлэг авах агшныг хүүхэд бүр догдлон хүлээдэг.

Баярын уур амьсгал орж, эцэг эхчүүд албан байгууллагууд хүүхдийн бэлэгний эрэлд гарч буй. Үүнийг дагаад багачуудаа баярлуулах бэлэгний асуудал сөхөгддөг. Мэргэжлийн байгууллагаас жил бүр хүүхдийн бэлэг сонгохдоо сахарын агууламж бага, хугацаа нь дуусаагүй бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж, уриалга дэвшүүлдэг ч бэлгэнд ихэвчлэн амттаны цуглуулга байдаг. Энэ нь сахрын агууламж өндөртэйн зэрэгцээ хүүхдийн шүдэнд халтай. Түүний оронд оюун ухааныг нь хөгжүүлэх тоглоом, хэрэгцээтэй эдлэл хэрэглэл зэрэг бэлэглэвэл өгөөжтэй гэцгээх нь бий. Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар шинэ жилийн баяраар олонх нь хүүхдэд өгөх бэлгээр амттан сонгодог бөгөөд тухайн бэлгэнд ойролцоогоор 12 нэр төрлийн бүтээгдэхүүн агуулагддаг байна.

Ийм бэлгэнд ойролцоогоор 300-400 грамм сахар агуулагддаг аж. Энэ нь 30 гаруй халбага сахартай дүйцэх юм.

Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хүүхэд өдөрт 5-8 грамм сахар хэрэглэх стандарттай юм. Өөрөөр хэлбэл хүүхдийн сахарын хэрэглээ шүдний өвчлөлөөс эхлээд, хоолны дуршил бууруулах, өөрт тохирсон шим тэжээлийг авч чадахгүйгээс дархлаа сулрах зэрэг сөрөг үр дагавартай. Ялангуяа ээж аавууд хүүхдээ эрхлүүлэх нэрийдлээр ууттай бэлгээс татгалздаггүй.

БЭЛЭГНИЙ ДУНДАЖ ҮНЭ 20 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Хүнсний сүлжээ томоохон дэлгүүрүүдэд ууттай бэлэгний төрөлжсөн худалдаа гарчээ. Тухайлбал, “Оргил”, “Номин”, “Миний сүлжээ” дэлгүүрээр ороход бэлэгний дундаж үнэ ханш 20-5 мянган төгрөгийн үнэтэй байна. Хамгийн хямд буюу “Оргил” худалдааны төвд хүүхдийн бэлэг 7-29 мянган төгрөгийн сонголттой байлаа. Ихэвчлэн хүүхдэд зориулсан чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн харагдлаа. Нэг уут бэлгэндшоколад, ундаа, өнгө өнгийн ууттай резинен чихэр, пэчээнь гээд шүдэнд халтай зүйлсийг багцалжээ. Харин “Номин” супермаркет хүүхдэд зориулсан хайрцагтай болон ууттай бэлгийг эгнүүлэн өржээ. Хайрцагтай бэлэг нь дотроо олон янз байлаа. Үнэ нь хайрцагтай бэлэг арай үнэтэй буюу 25 мянгаас эхэлж байна. “Миний сүлжээ” дэлгүүрт хүүхдийн бэлэг 7900 төгрөгөөс эхэлж, 24 мянган төгрөгийн хооронд сонголттой байлаа.

Бэлэг сонгож буй эцэг эхчүүдээс тодруулахад хүүхдийн цэцэрлэгийн бэлгийг аль болох сахар багатайг нь сонгосон. Сүү сүүн бүтээгдэхүүнээр дагнасан бэлэг байна лээ. Үнэ нь 28 мянга байсан. Ер нь хүүхдэдээ амттай юм өгчихөөр хоол идэхээ байчихдаг гэлээ.

Өөр нэгэн эмэгтэйгээс тодруулахад “Хүүхдийнхээ эрүүл мэндийг анхааралгүй яах вэ. Эмээ өвөө нар л эрхлүүлж ууттай бэлэг өгдөг” гэлээ.

САХАРЫН ӨНДӨР АГУУЛАМЖТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН АВАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Хүүхдийн бэлэгний талаарх МХЕГ-аас дараах зөвлөмжийг өгч байна. Хүүхдийн бэлэг бэлтгэхдээ үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтрээгүй, сав, баглаа боодол нь бүрэн бүтэн, шошгын мэдээлэл бүрэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгон авна уу.

Манай улсад худалдаалж буй хүүхдийн баярын нэг  уут бэлгэнд 1 ширхэг жүүс, 1 ширхэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, 1 ширхэг шоколад зэрэг ойролцоогоор 6 ширхэг хүнсний бүтээгдэхүүн ордог бөгөөд эдгээр хүнсний бүтээгдэхүүнд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг. ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдаг бөгөөд дээрх 1 уут бэлэгний сахарын хэмжээ үүнээс даруй 16 дахин их байна. Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдийн шүдийг өвчлүүлэх ба хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршил бууруулдаг. Иймээс эцэг эхчүүд, сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж хүүхдүүддээ эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөлөө.

 "ХҮҮХЭДДЭЭ ТАВИХ АНХААРАЛ СУЛРААД ИРЭХЭЭРЭЭ ХАЙР, ХАЛАМЖАА ЧИХРЭЭР ОРЛУУЛДАГ БАЙХ ТАЛТАЙ"

“Эцэг эхчүүд хүүхдээсээ шинэ жилийн баярын  бэлгэнд ирсэн чихэр жимсийг нь харамлаж чадсангүй гэдэг. Нөгөө хэсэг нь хүүхдээ буруу эрхлүүлж чихэр, сахарын агууламжтай хүнсийг хяналтгүй өгчихөөд "өөрөө л идээд байсан" гэж хүүхдээ буруутгадаг гэдгийг “Oral Care” шүдний эмнэлгийн Ерөнхий эмч, АУ-ны магистр Б.Баярмаа хэлж байв.

Тэрбээр "Нэг хүүхдийн 20 шүд бүгд цооролттой, үүний 10 нь идээт үрэвсэлтэй тохиолдол байсан. Үнэхээр амьдралын боломж муутай айлын хүүхэд шүдээ эмчлүүлэх боломжгүйгээс болсон уу гэхээр бас тийм биш. Боломжийн амьдралтай айлын хүүхэд харагддаг. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхэддээ тавих анхаарал сулраад ирэхээрээ хайр, халамжаа чихрээр орлуулдаг байх талтай" гэдгийг ч онцолсон юм. Иймээс баяр бүрээр хүүхдэдээ өгөх бэлгээ зөв сонгохыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж