"Намайг өвөө, аав хоёр маань загварын дамжаанд хөтлөн оруулж байлаа. Тэр цагаас хойш гоо зүй, загварын талаар ойлголттой болж, эмэгтэй хүн биеэ сайхан авч явах ёстой юм байна гэдгийг ойлгож, мэдэрсэн" хэмээн өгүүлэх бүсгүй бол Б.Баярцацрал. Түүнийг "Гоёл" наадмын отгон Топ модель гэдгээр нь эчнээ таних биз. Сурагч наснаасаа загварын дамжаанд суралцаж, өдийг хүртэл тууштай загварын тайзнаа алхаж буй түүнтэй танилцахаар зочноор урьж, ярилцлаа.
–Хэдхэн хоногийн дараа шинэ он гарлаа. Шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Шинэ оноо угтах мөч үнэхээр гайхалтай. Мэдээж хайртай дотны хүмүүстэйгээ шинэ жилээтэмдэглэн өнгөрүүлэхээр хүсэн хүлээж, догдолж сууна. Тухайн жилдээ хийж, бүтээсэн ажлаа дүгнэж, шинэ зорилго, мөрөөдлийнхөө төлөвлөгөөг гаргадаг.
Шинэ жилээр хайртай хүмүүстээ чин сэтгэлийн бэлгээ өгдөг. Манай гэр бүл жил болгон хүүхдүүдэд бэлэг тараадаг. Саяхан арванхоёрдугаар сарын 25-нд 1000 хүүхдэд бэлэг тараах төсөлд хамтран оролцсон. Маш сайхан санагдсан.
-Та энэ жил амжилтаар дүүрэн байлаа. Загвар өмсөгч болгоны хүсэн хүлээдэг топ моделиор шалгарсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл” наадам өмнөх жилүүдийнхээс онцлог болж өндөрлөлөө. Миний хувьд наадамдаа 13 дахь жилдээ оролцож, энэ эрхэм хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна.
“Гоёл” наадам маань хоёр жил завсарласны дараа байршлаа өөрчилж, шинэлэг байдлаар зохион байгуулсан.
Өргөн, урт тайз засахаас гадна энэ жил залуу загвар өмсөгч олноор оролцсон. Нийтдээ 160 модель оролцож, тэднээс 60 гаруй нь “Гоёл” наадмын тайзнаа алхсан.
-"Гоёл" наадамд та олон жил оролцсон. Энэ жил шилдгийн шилдэг болно гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Энэ сайхан нэр хүндтэй титмийн эзэн болох нууцхан хүсэл мөрөөдөл байсан. Гэхдээ энэ жил өөрийгөө шалгарч, Топ модель болно гэж бодоогүй. Маш сайхан байна. Мэргэжил болгон өөр өөрийн стандарт, ур чадвар шаарддаг. Мэргэжлийн загвар өмсөгчийн биеийн хэлэмж, ур чадвар, туршлагыг нь харж энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулдаг.
Аливаа амжилтын ард хариуцлага дагалддаг. Тэр утгаараа надад асар том хариуцлага ирж байна. Цаашдаа ур чадвараа дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээнэ.
“Гоёл” наадмыг 1988 оноос эхлэн өдийг хүртэл тасралтгүйгээр 30 гаруй жил зохион байгуулж ирсэн. Монгол Улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн наадмын нэр хүндтэй шагнал гэж боддог.
-Тайзан дээр дуучин Ариана Грандтай төстэй харагдсан шүү?
-“Гоёл” наадам дээр хэд хэдэн модель надад бас тэгж хэлсэн. Би тэр өдөр Ариана Грандтай адилхан үсээ засуулсан учраас тэгж харагдсан юм болов уу.
-Энэ мөчид загварын тайзнаа анх алхсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Би 17 насандаа “Шилмэл загвар” агентлагийн загварын дамжаанд суралцаж эхэлсэн. Тэр цагаас хойш загварын ертөнцтэй амьдралаа холбосон. Хүүхэд байхдаа сагсан бөмбөг тоглодог эршүүд охин байлаа. Намайг өвөө, аав хоёр маань загварын дамжаанд хөтлөн оруулж байлаа.
Тэр цагаас хойш гоо зүй, загварын талаар ойлголттой болж, эмэгтэй хүн биеэ сайхан авч явах ёстой юм байна гэдгийг ойлгож, мэдэрсэн. Би өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө маань намайг гоё сайхан байлгах гэж аавд маань шивнэсэн юм шиг байгаа./инээв/
-Загвар өмсөгчийг гоё сайхан хувцас өмсч, тайзан дээр алхдаг хүмүүс гэж хардаг. Энэ мэргэжлийн бэрхшээл нь юу байдаг вэ?
-Аливаа мэргэжил өөрийн давуу тал, хүндрэл бэрхшээлтэй. Зоосны хоёр тал шиг. Тухайн хүн өөрөө чин сэтгэлээсээ хүсч, зорьж чадвал тэр бүхнийг бэрхшээл гэж хардаггүй.
Би мэргэжилдээ хайртай учраас тэр бүхнийг жаргалтайгаар даван туулдаг. Загвар өмсөгчөөс маш их тэвчээртэй шаарддаг.
Бид олон цаг өндөр өсгийтэй гутал өмсч, алхана. Сүүлдээ хөл бол зүгээр “буцална” шүү дээ. Хөл хэдий өвдөж байгаа ч өвдөхгүй байгаа юм шиг тэсвэр тэвчээрийг гаргана. Мэргэжлийн онцлог талаасаа өөртөө анхаарч, гоё сайхан байна. Тухайн дизайнерын ур ухаан шингэсэн хувцсыг тайзан дээр амилуулах үүрэгтэй хүмүүс. Ердийн амьдрал дээрээ пүүзээ өмсөөд, үүргэвчээ үүрнэ явах жишээтэй. Гэхдээ хувийн бэлтгэлээ маш сайн базааж, стандартаа бариад явна.
-Хүмүүс тэр бүр мэдэхгүй шүү дээ. Жишээлбэл, яаж бэлтгэл хийдэг юм бэ?
-Анх туранхай биетэй л байвал сайхан харагддаг гэж боддог байсан бол одоо эрүүл байх нь чухал гэдгийг ойлгосон. Хүн эрүүл байснаар зорьсон зорилгодоо хүрч чадна. Хайртай хүмүүстэйгээ хамт байх ёстой. Миний хувьд эрүүл амьдралын хэв маягийг баримтлах гэж хичээдэг.
Тэгэхийн тулд зөв хооллож, дасгал хөдөлгөөнтэй байж, маш сайн унтаж амрах хэрэгтэй. Хүн байнгын төгс төгөлдөр байж чадахгүй. Хааяа амттай бууз, цуйвангаа хийж иднэ. Гэхдээ тэрийгээ хэрхэн шатаах вэ гэх мэтчилэн өөрийгөө маш сайн мэдэрсэн байх хэрэгтэй. Би сүйдтэй хоолны дэглэм барьдаггүй, хүссэн үедээ бага багаар иддэг.
-Тайзны ард хөгжилтэй зүйл хэр тохиолддог бол?
-Тайзны ард жинхэнэ буцална шүү дээ. Тайзан дээр гоё хувцас өмсөөд юу ч болоогүй юм шиг гардаг боловч ард нэлээн юм болно. Гутал, хувцсаа хайна. Загвар өмсөгчдийн хувьд тайзан дээр гараад уначихвий гэж их санаа зовдог.
Би нэг удаа маш урт даашинз өмсөөд гарах гэсэн чинь ард талын модель мэдэхгүй хормойн дээр гишгэснээс бүдэрч унасан. Тухайн үедээ нэлээн эвгүй байдалд орсон ч дизайнерынхаа хувцсыг муухай болгох вий гэдэгт их санаа зовж байлаа.
Одоо ч тэр айдас байдаг. Үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж. Тайзны голоос арай өөр болж, сандрах нь багасч эхэлдэг дээ.
-Загвар өмсөгч бүсгүй маань газар зохион байгуулагч мэргэжилтэй гэсэн үү?
-Тийм ээ. ХААИС-ийг газар зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. Гэхдээ мэргэжлээрээ огт ажиллалгүй, загварын карьераа хөөсөн. Тухайн үедээ сонирхлоороо энэ мэргэжлээр суралцсан.
Одоо сүүлийн хоёр жил гоо зүйн багшаар ажиллаж байгаа. Эрэгтэй, эмэгтэй хүн гоё сайхан байхыг хүсдэг. Залуу өсвөр үеийнхэн амьдралын хэв маягаасаа болоод биеийн хэлэмжгүй, гоо зүйн мэдрэмж дутмаг, өөртөө итгэх итгэлгүй болох асуудал тулгардаг. Загвар, гоо зүй гэхээр тайзан дээр л байх ёстой юм шиг нийтлэг ойлгох нь бий. Цаана нь маш том философи байдаг. Хүн өөр өөрийгөө бүтээж, хүссэн зорилгодоо хүрэх замын эхлэл гэж боддог.
-Сүүлд Дубайд зохион байгуулсан олон улсын загварын шоунд оролцсон гэсэн. Ер нь олон улсын ямар тэмцээн уралдаанд оролцож, амжилт гаргаж байв?
-Цаг үеэ дагаад загварын салбар маш хурдацтай хөгжиж байна. Хүмүүсийн өмнө олон боломж гарч ирж байна. Дэлхийн хаана ч тайзнаа алхах боломжтой болсон энэ цагт загвар өмсөгч хүн өөрийгөө хөгжүүлэх нь чухал. Бүх боломж өмнө нь нээлттэй байна. Хамгийн сүүлд Монголоос долоон модель Дубайд болсон олон улсын загварын шоунд амжилттай оролцоод ирлээ. Тэнд эх орноо сурталчилж, үндэсний хувцсаа танилцуулсан.
Мөн Азийн супер модель тэмцээний оролцогч, “Miss earth” тэмцээний спорт, бикини мисс, топ таван оролцогчийн нэг, Европын “Miss the Glam” дэд байр, “Хаврын гоёл” наадмын шилдэг загвар өмсөгчийн шагнал хүртсэн. Мөн үндэсний үйлдвэрлэгч "Gobi" болон "Evseg" ноолууран брэнд, "Cosmopolitan" сэтгүүлийн нүүр царайгаар сонгогдож байсан.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Гурван хүүхэдтэй ээж гэж сонссон?
-Нөхөр, гурван хүүхэдтэй. Ээж хүн байх асар том хариуцлага. Бас мэргэжлээрээ ажиллахын хажуугаар сайн ээж байхын тулд тодорхой хэмжээний ачаалал байдаг. Тэр болгоныг зохицуулна аа. Хань минь хувийн бизнес эрхэлдэг. Ер нь одонтой ээж болохыг хүсдэг.
Том хүүгээ төрүүлээд нэлээн жин нэмсэн. Өмнө нь хэзээ ч таргалж байгаагүйгээр тэр мэдрэмжийг авсан ч эргээд өөрийгөө бүрэн дайчилж турсан.
Дараагийн төрөлт дээрээ илүү туршлагажиж, хоололтдоо анхаарч, дасгал хийж эхэлсэн. Тиймээс нэг их жин нэмээгүй. Би спортоор хичээллэх дуртай. Жишээлбэл, бокс, явган аялал, усан спортод сонирхолтой. Гэр бүлээрээ хөдөө аялах дуртай.
-Ирэх жил ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж байна вэ?
-Ирэх жилийнхээ төлөвлөгөөг эхнээсээ гаргасан. Миний хувьд гоо зүйн сургалтаа илүү хөгжүүлж, олон хүүхэд залуус, бүсгүйчүүдэд түгээхийг зорьж байна. Өөр бас олон ажил байна. Миний амжилтын ард хүүхдүүдийг минь өсгөж буй аав, ээж минь бий. Тэд маань миний дээлний зах мушгиад, залбираад сууж байдаг. Миний хань энэ мэргэжлийг маш сайн ойлгож дэмждэг. Хайртай бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлаж явдгаа илэрхийлье.Тун удахгүй шинэ он гарах гэж байна. Та бүхний хүссэн хүсэл бүхэндээ заавал биелэх болтугай гэж ерөөе.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ