Хятадыг хамгийн сөргөөр боддог улс

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

Хятадыг хамгийн сөргөөр боддог улс

Хятадыг хамгийн сөргөөр боддог улс

Хятадын талаарх ерөнхий үзэл бодлыг нь асуухад Өмнөд Солонгосын иргэдийн 81 хувь нь сөрөг сэтгэгдэлтэй байжээ. Дэлхийн улс орнуудын дунд хийсэн судалгаагаар солонгосчууд Хятадыг хамгийн сөргөөр боддог нь нотлогдсон бол хоёрдугаарт Швейцарь, гуравдугаарт Япон оржээ. Өмнөд Солонгосын иргэд ямар учраас Хятадад ийм сөрөг ханддаг вэ?

Угтаа бол Өмнөд Солонгос нь АНУ, Хятад хоёрын хооронд алтан дунджийг баримтлан, тэнцвэртэй байдаг гэдгээрээ алдартай. АНУ нь Өмнөд Солонгосын холбоотон бөгөөд аюулгүй байдлын гол баталгаа нь болдог. Харин Хятад бол тэдний эдийн засгийн тэргүүлэгч түнш, хүчтэй нөлөөтэй ойрын хөрш юм. Энэхүү алтан дундаж үзэл баримтлал хэдэн жилийн өмнө олон нийтийн дунд ил тод байсан. Тодруулбал, 2015 онд авсан судалгаанаас харахад солонгос хүмүүс Хятадын талаар харьцангуй эерэг хандлагатай байжээ. Тэдний дөнгөж 37 хувь нь Хятадын талаар сөрөг бодолтой байсан.

Үүнээс хойш тэдний Хятадад хандах хандлага тасралтгүй сөрөг тал руугаа хэлбийсэн гэхэд болно. АНУ 2016 онд Өмнөд Солонгост баллистик пуужин эсэргүүцэгч “THAAD” системийг байршуулсантай холбоотойгоор Вашингтон ба Бээжингийн харилцаа хурцадсан. Энэ үйл явдалтай дээрх сөрөг хандлагыг холбон тайлбарлах нь бий.

Хятадын яг юу нь таалагдахгүй байна гэвэл өмнөд солонгосчууд “Тэдний дэлхийн байгаль орчинд үзүүлэх нөлөө” гэж хариулсан нь сонирхолтой. Харин бусад орон ихэвчлэн “Хятадын цэргийн хүч” гэж хариулжээ. Хятадын арми БНСУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж магадгүй гэсэн таамаглал байдагтай энэ нь зөрчилдөв. Бодит байдал дээр солонгосчуудын хувьд Хятадын байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар илүү их ярьдаг аж.

Хятадын байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар дэлгэрүүлбэл, сүүлийн хэдэн жилийн турш хил дамнасан агаарын бохирдлын асуудал хоёр улсын хооронд хурцаар тавигдах болсон. Өмнөд Солонгосын засгийн газар 2018 онд Хятадыг хил дамнасан агаарын бохирдлын төлөө хариуцлага хүлээхийг шаардсан цахим өргөдөл илгээжээ. Тус өргөдөлд 270 мянга орчим хүн гарын үсэг зурсан. Хятад улс агаарын бохирдол өөрсдөөс нь гаралтай гэдгийг үгүйсгэснээр Сөүл дэх Элчин сайдын яамны өмнө эсэргүүцлийн жагсаал өрнөж байв. Энэ сэдэвт Хятадын технологийн хөгжил ч бас багтана. Ихэнх улс орон Хятадын технологид эерэгээр ханддаг бол солонгосчууд хамгийн сөргөөр ханддаг.

Онцолж хэлэхэд, хятад хүн, хятад улс хоёрт хандах хандлага нь тусдаа асуудал гэдгийг судалгаанаас харж болно. Хятад хүмүүсийн тухайд Европ, Хойд Америкт харьцангуй эерэг үзэл бодолтой байдаг аж. Харин Өмнөд Солонгосоос судалгаанд оролцогчдын 77 хувь нь сөрөг байр суурийг илэрхийлжээ.

Өмнөд Солонгос иргэдийн Хятадын талаарх үзэл бодолд нөлөөлж буй томоохон хүчин зүйлийн нэг бол яах аргагүй Covid-19 юм. Хятадын коронавирустай тэмцсэн арга барил болон хятад вакцины талаар солонгосчууд маш сөрөг ойлголттой байна. Covid-19 – өөс гадна коммунизм, хэт их хүн ам зэрэг хүчин зүйлс ч сөрөг үзэл бодолд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.

Ерөнхийдөө солонгосчуудын Хятадын талаарх ойлголтод олон талт байдал байсангүй. Солонгосчуудын нас, хүйс, нутаг, улс төрийн сонголт нь ямар ч байсан Хятадын талаарх ойлголт нь хоорондоо хол зөрүүгүй байжээ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичсэнээр ихэвчлэн хориод насны залуус Хятадыг эсэргүүцэх нь илүү гэв. Ялангуяа залуус Хятадын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд хамгийн эмзэг ханддаг юм байна. Харин 30-аас дээш насныхны хувьд Хятад улсын бусад орны ардчилалд үзүүлэх нөлөөлөлд сөргөөр ханддаг. 50-аас дээш насныхан бусад үеийнхээ бодвол Хятадтай хийх худалдаанд бага зэрэг эерэгээр ханджээ. Энэ мэтчилэн ялгаа байх нь байгаа ч хэтрүүлж бодох шаардлагагүй үл ялиг бага зөрүүтэй гэдгийг “The diplomat” хуудас онцлов.

Нийгмийн харилцаа холбоо нь тухайн улсад хандах үзэл бодлыг илүү эерэг болгодог нь судалгаанаас тодорхой болжээ. Хятадад ажиллаж, амьдарч, аялаад ирсэн солонгос хүмүүс огт очиж үзээгүй хүмүүстэй харьцуулахад хамаагүй эерэг бодол тээж явдаг байв. Мөн өөрийн улсын эдийн засгийн байдалд сэтгэл хангалуун байдаг солонгосчууд Хятадад илүү эерэг ханддаг аж. Тэд нэг талаасаа Хятадыг боломж гэж хардаг. Нөгөөтэйгүүр нийгэм, эдийн засгийн доод түвшний хүмүүс Хятадын талаас бидэнд аюул заналхийлж байна гэж бодох хандлагатай байх нь.

Судалгаанд оролцогчдоос "Хятад гээд бодохоор юу хамгийн түрүүнд санаанд чинь ордог вэ?" гэж асуухад дээрх зургийн дагуу хариулжээ. Нэн тэргүүнд тэдний санаанд Covid-19 орж ирдэг бол араас нь коммунизм, хэт их хүн ам гэсэн үгс удаалав. Түүнчлэн, агаарын бохирдол, Ши Жиньпин, дарангуйлал, коммунист нам, муу, бохир гэх мэт олон үг байгааг эндээс харж болно.

Хятадад хандах сөрөг хандлага Өмнөд Солонгосын нийгэмд аль эртнээс гүн гүнзгий нэвтэрсэн байна. Энэ нь нийгэм, улс төрийн бүхий л хүрээг хамарч буй тул засаг солигдлоо гээд ч тийм амар өөрчлөгдөхөөргүй юм. Засгийн газрууд Хятадтай холбоотой гадаад бодлогодоо юуг анхаарах ёстой гэдгийг дээрх судалгаа харуулж байна гэж “The diplomat” хуудас дүгнэжээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж