ТОЙМ 2022: Монголд өрнөсөн таван онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

ТОЙМ 2022: Монголд өрнөсөн таван онцлох үйл явдал

ТОЙМ 2022: Монголд өрнөсөн таван онцлох үйл явдал

NEWS агентлаг 2022 онд Монгол Улсад өрнөсөн “Оны онцлох таван үйл явдал”-ыг нэрлэж байна.


МОНГОЛЫГ ХОРЛОСОН ХУЛГАЙ

Монголд өнчин ишиг хулгайлбал шоронд, төмөр замыг вагонтой нь, вагоныг нь нүүрстэй нь хулгайлбал ордонд залардаг нь хэвийн үзэгдэл болжээ.  Хэрэвзээ шударга ёс  Монголд байдаг аваас тэр нь УИХ-ын танхимаас эхлэх учиртай.  Харамсалтай нь,  Төрийн  ордон  хулгайчдын нуугддаг газар  болсныг  Хөгжлийн банкны луйвар хийгээд нүүрсний хулгайн хэргээс харж болно.  УИХ, Засгийн газрын гишүүд нэр холбогдсон, тэр ч бүү хэл экс Ерөнхийлөгчөө хулгайн гол сэжигтнээр хууль, шүүх нь дуудсан, эдийн засаг, улс төр, нийгэмд доргилт авчирсан авлигын том дуулиант хэргүүд 2022 оны трэнд сэдэв байлаа.  “Анд нөхдийнхөө” авлигатай УИХ, Засгийн газар, хулуь шүүх нь хэрхэн тэмцэх нь монголчуудын төдийгүй гадаадынхны анхаарлын төвд байна.

Оны эхэнд Хөгжлийн банкийг тонож идсэн гэх 1.7 их наядын хулгайд цөөнгүй улстөрч нэр холбогдож, зарим нь парламентын танхимд сууж байгаа  нь эрх баригчдаас иргэд шударга ёс нэхэх шалтгаан болсон юм.

Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, нэг ч эргэн төлөлт хийгээгүй, эзэнгүй хэдэн үхэр энд тэндээс олдсон  эрх баригч намын, цагаан захтнуудын хулгай луйврын хэргээр ял шийтгэл авсан хүн одоохондоо алга.  Хөгжлийн банкны экс удирдлагуудыг барьж хорьсноос өөрөөр парламентад суугаа улстөрчдөөс нь хариуцлага хүлээсэн хүн байхгүй.  Хууль, шүүх, олон нийттэй хамтарч тэмцсэний үр дүнд ямар байсан Хөгжлийн банк алдсан 1.7 их наядынхаа нэг их наядыг эргүүлэн төлүүлсэн юм. Улсынх нь нийт иргэдийн олонх нь саяас дээш орлогогүй, тэрбумыг том тоо гэж ойлгодог, боддог байсан монголчууд өнөөдөр их наядаар нь хулгайлдаг болсны хамгийн том жишээ бол нүүрсний хулгай. Дөчин их наяд хүртлээ “томорсон”, хууль, шүүхийнхэн нь тооцож гаргаж чадахгүй байгаа нүүрсний хулгайн хэрэгт сэжигтнээр 17 хүнийг АТГ-аас нэрлэсэн.

АТГ-аас нэрлэсэн улстөрчдийн долоо нь УИХ-ын гишүүд, тэдний тав нь эрх баригч МАН-ын бүлгийнх.  Харин  тэдгээр 17 хүний арав нь МАН-ын цагаан байрны, Ерөнхий сайдын “анд нөхдүүд” гэж хэлж болно.

Нэгэн цагт Төрийн ордны гурван давхраас шүүгч, прокуроруудад хэрэг захиалдаг байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрсний болон Хөгжлийн банкны луйварт холбон хулуь шүүхээс шалгаж эхэлсэн агаад түүнийг дуудаж байцаалт авсан. Гэвч үүнээс хоёр өдрийн дараа өвчин шалтаг тоочсон экс Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөд Солонгосыг зорьсноор нүүрсний хулгайтай хийх тэмцэл ерөнхийдөө өндөрлөх тийшээ орлоо.

Гэхдээ ямар ч юм муудсан сайжрах тал руугаа явдаг гэгчээр төрийн нууцад авсан төмөр замын оффтейк гэрээнүүд ил болж,  цаашид үндэсний бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүдийг төрийн нууцад авахыг хориглохоор болсон. Мөн авлига, албан тушаалын хэргийн ялыг хүндрүүлсэн гэх мэт  тодорхой арга хэмжээг УИХ, Засгийн газраас авах болсон. Гэвчиг авлига, албан тушаалын гол хэрэгтнүүд нь хуулийн хамгаалалт дор, хулгай луйвраа хийж, хууль батлаад сууж байгаа нь  өөрөө шударга бус юм. Иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, ажил орлого,  улсынхаа эдийн засаг, ирээдүйг нь хулгайлсан улстөрчид Төрийн ордноос яваагүй цагт Монгол шударга ёс тогтохгүй.

ҮНДСЭН ХУУЛЬ БА ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХЫН ЗОВЛОН

Ердөө гурван жилийн өмнө эцэг хуульд "гар дүрсэн" эрх баригчд улирч буй 2022 онд дээлээ давхарлах зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг маш богинохон хугацаанд хийсэн нь Үндсэн хуулийн хямралд дуудав. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцэд нэр бүхий гишүүд /ХҮН-ын Т.Доржханд, АН-ын Ш.Адьшаа/ гомдол гаргаж, “давхар дээл”-ийн асуудал Үндсэн хууль зөрчсөн гэснийг Цэцийн Их суудлын хуралдаанаар шийдвэрлэж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан юм.

Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрлөлт оруулахдаа Засгийн газрын гишүүдийн Ерөнхий сайдаас гадна дөрөв нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалтыг оруулж байсан юм. Засгийн газрын сайд нь нар илүү мэргэжлийн байх ёстой гэж үзсэн учраас ийм өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дахин найман жил гар хүрэхгүй байх хуулийн зохицуулалттай боловч эрх баригчид Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар шийдвэр гаргуулсан. Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийн байдаг учраас түүнийг УИХ хүлээж авч, холбогдох хуульдаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй нөхцөлийг өөрсдөдөө бий болгосон юм, эрх баригчид.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дан дээлтэй сайд нар хүч дутаж, УИХ-ын гишүүдээс давхар дээлтэй болох гэсэн хүсэл нь Засгийн газраа огцруулах хэмжээнд хүрсэн учраас ийн Үндсэн хуулийн Цэцэд МАН-ын “гар хөл” болсон гишүүд гомдол гаргасан. МАН-ын дарга, эрх баригчдын хүслийг гүйцээж Цэц дүгнэлтээ гаргаж, УИХ ч яаравчлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.  Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулах эрхтэй болж, “давхар дээл”-тэй болох үнэмлэхүйн олонхийн зовлонгоосоо ангижирсан юм. Үндсэн хуулийн Цэцээр хүссэн шийдвэрээ гаргуулж, Л.Оюун-Эрдэнийн танхим 14 “давхар дээл”-тэй сайдтай болсон юм.

Үндсэндээ гурван жилийн дотор эрх баригч МАН хоёр ч удаа Үндсэн хуульд гар хүрсэн. Гэхдээ тэд одоо дахиад л Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар “зэхэж” байна. Тиймээс ч Зөвлөлдөх санал асуулга явуулах хуулиа УИХ-аар батлуулж, шинэ оны босгон дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу эсвэл шинээр Үндсэн хуулиа батлах уу гэдгээ тодорхой болгох нь. Энэ удаад тогтолцооны өөрчлөлтөө яг хийнэ гэж МАН-ын дарга, Л.Оюун-Эрдэнэ “амлаж” буй. Жинхэнэ утгаараа тогтолцооны өөрчлөлт хийж, сонгодог парламентын тогтолцоогоо өөрчилж чадвал энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт ирээдүйд олон ач холбогдолтой болно. Харин олонхын дарга Л.Оюун-Эрдэнэ Цэцээр, “гар хөл” болсон гишүүдээрээ өргөл барьц барьж байгаа мэт өөрчлөлт хийвэл түүхэнд биш хананд зураг нь мөнхрөх болов уу.

ДЭЛХИЙН АНХААРАЛ ТАТСАН ДИПЛОМАТ АЙЛЧЛАЛУУД

Бар жилд Монгол Улс гадаад, дотоод айлчлал ихтэй, дипломат бодлогын хувьд эрчтэй, идэвхтэй байлаа.  Хойноо дайн байлдаантай, урдаа цар тахлын хоригтой, хойноо Царьтай, урдаа Хуандитай их гүрнүүдийн “жийргэвч” улсын хувьд Монгол гадаад бодлого олон улсад нээлттэй байсан төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Нэн ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монголд ирж мод тарьсан нь манай улсын хувьд эерэг бөгөөд том сурталчилгаа болсон. Дэлхийн засгийн газрын тэргүүн Монголд зочлохдоо “ Монгол Улсын гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж, тогтвортой хөгжлийг урагшлуулахад дэмжлэг болж байгаа”-г онцолсон билээ.

Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Хятадын Гадаад харилцааны сайд Ван И, БНСУ болон Японы гадаад харилцааны сайдууд ээлж дараалан Монголд айлчилсан юм. С.Лавровын айлчлалаар шатахууны үнийг он дуустал тогтвортой нийлүүлэх асуудлыг тохирсон бол Ван И-гийн айлчлалаар төмөр замын хилийн цэгээ эцэслэн баталсан юм.

2017-2021 онуудад Монголын гадаад харилцаа хаалтай, Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тэртээх уулын цаана Оросоос өөр айлчлах улсгүй мэт манай гадаад бодлогод “хямрал” дагуулсан. Харин сүүлийн жилүүдэд Монгол Улс гадаад бодлого нээлттэй, идэвхтэй байгаа нь хоёр их гүрний дунд орших жижиг улсын хувьд ардчиллаа хамгаалах, авч үлдэх том тактик юм.

Гадаадын зочдоос гадна Монгол Улс өөрөө ч гадаад түншлэлээ ахиулж, гадаад харилцаагаа сайжруулахад анхаарсан цаг үе байлаа.  Монголчууд суусан цэцнээс явсан тэнэг гэдэг. Өөрөөр хэлбэл, явсан хүн ажил бүтээж ирдэг гэсэн утгатай үг юм.

Энэ жил Монголын төрийн гурван өндөрлөг ч гадаадад айлчлал хийж, улсаа сурталчилж, таниулж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс улс орнуудыг энх тайванд уриалж, ШХАБ-д элсэх тухай асуултад маш оновчтой, зөв хариулт хэлсэн нь  олон нийтээс багагүй үнэлгээ авсан.  Тэрбээр Египетэд айлчилсны дараа Хятад, Японд мөн төрийн айчлал хийгээд ирсэн билээ.

Тэгвэл Ерөнхий сайд хатан хаан болон Шинзо Абэг үдэх ёслолд Монголоо төлөөлөн оролцсоноос гадна Сингапур, Германд албан ёсны айлчлал хийсэн. Дорнын эдийн засгийн уулзалтад оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулаад ирсэн билээ.  УИХ-ын дарга Г.Занданшатар Туркт айлчилсан гээд хоёр хөрштэйгөө ч, гуравдагч түншүүдтэйгээ  Монгол Улс аль болох төвийг сахисан, найрсаг, олон тулгуурт, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлж байна. Энэ бол дэлхийн геополитек, улс төрийн уур амьсгал “хүйтэрсэн” хүнд  үед үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалж үлдэх арга, гарц юм.

АВЛИГЫН ЭСРЭГ АРД ТҮМЭН ГУДАМЖИНД ГАРАВ

Хөгжлийн банкны луйврын хэрэг үнийн өсөлт, эдийн засгийн хямралд нэрвэгдсэн иргэдийн бухимдал дээр тос нэмж, авлигачдын эсрэг залуус гудамжинд гарч, Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн юм. Ерөнхийдөө 2022 онд иргэд бухимдалтай, эрх баригчид донсолгоотой байсан гэж хэлж болно. Жагсаалын салхийг хагалж, залуус төв талбайд гарч ирэхдээ эрх баригчдаас Монголдоо сайхан амьдармаар байгаагаа шаардав, нэхэв, жагсав.  Ковидизмын жагсаалаас хойш ажин түжин, унасан амьдралаа босгох, болгох гэж чармайсан залууст төрийн бодлогогүй зохицуулалт, судалгаагүй шийдвэрүүд гай болсоор буйг тэвчилгүй тэсэрчээ. Аливаа асуудлыг аргацаадаг, асуудал гарвал бусад руу бухдаг эрх баригчдад элдэв сүржин үгтэй, цүнх баригчдын даржин жагсаалаас огт өөр жагсаалыг орчин үеийн оюутан залуус үзүүлэв.  Тэд дунд, ахмад үеийнхэн шигээ халамж  нэхсэнгүй, харин ажилтай, орлоготой байлгана гэсэн амлалтаа биелүүлэхийг Засгийн газраас шаардсан.

Сүхбаатарын талбайд гурван өдөр тайван жагсаалаар эсэргүүцлээ илэрхийлсэн Монголын залуусын өмнө Монголын Ерөнхий сайд өөрийн биеэр гарч ирж, тэднээс уучлалт гуйхдаа авлига, албан тушаалын хэргүүдтэй нам харгалзахгүй тэмцэхээ амлаж байв.  Жагсаалын шаардлагын дагуу Эдийн засгийн хямралыг даван туулах бодлогоо Засгийн газар УИХ-аар батлуулж, төрийн хэмнэлтийг хэрэгжүүлсэн.

Тэдний тэмцэл нийт 15 зүйл бүхий шаардлага байснаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн.

Тэгвэл нүүрсний хулгайн асуудлаар иргэд хөхөө өвлийн хүйтнийг үл анзаарах төв талбайдаа жагссан. Өөрөөр хэлбэл, авлига, хулгайг эсэргүүцсэн иргэд ахиад гудамжинд гарсан юм.

Нүүрсний хулгай гэх монголчуудын баялгийг цөлмөсөн  дуулиант хэргийг шударгаар шийдэхийг тэд одоо ч шаардаж буй. Эрх баригчид, улс төрийн намууд, улстөрчид энэхүү жагсаалыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг оролдсон ч, эцэстээ жагсагчдыг албадан тараахад хүрсэн юм.

Хэдэн их наядын нүүрс хулгайлсан хулгайчдын нэрсээ жагсагчид зарлахыг шаардсан юм. Жагсагчдын тавьсан шаардлагыг дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа гарч ирэхдээ мөн л анд нөхдийнхөө авлига, албан тушаалын хэргүүдийг өршөөхгүй, тэмцэхээ илэрхийлсэн билээ. Жагсаал зорилготой, зорилгогүй, санхүүжилттэй, санхүүжүүлэлтгүй гэж олон нийт маргаж буй ч ямартаа ч үүний үр дүнд АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт 50 гаруй хүнийг шалгаж байгаа талаар мэдээлсэн. Мөн 17 улстөрчийн нэрсийг зарласан. Ийнхүү энэ жилийн хоёр ч том жагсаал эрх баригчдыг багагүй бажигдуулсан билээ.

ЧИНГИС БОНДЫН ТӨЛБӨРИЙГ ХИЙЖ, ДЕФОЛТООС ХАМГААЛАВ

Гадаад валютын нөөц буурсан, экспортын орлого эрс саарсан, инфляци 15 хувьд хүрсэн хүнд үед Монгол Улсын Засгийн газар энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд “Чингис” бондын үлдэгдэл төлбөр болох 136.8 сая ам.долларыг барагдуулсан нь дефолтоос сэргийлж, зээлжих зэрэглэлийнхээ чанарыг олон улсад хэвээр хадгалж чадсан чухал үйл явдал болов. Монгол Улс арван жилийн өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд том төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор олон улсын хөрөнгийн зах зээлээс  1.5 тэрбум ам.долларын бондыг арван жилийн хугацаатайгаар 4.125-5.125 хувийн хүүтэй “босгосон”. Үүнийгээ төлж чадахгүй хүрэх бодит эрсдэл эдийн засагт нүүрлэсэн байлаа.

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллээр “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-н хүртэлх хугацаанд нийт 542.9 сая ам.доллар төлсөн бол 2022 оны арванхоёрдугаар сард 3.4 сая ам.долларыг сүүлийн хүүгийн төлбөрт төлж, барагдуулжээ.

Чингис бондын санхүүжилтийн 63 хувийг төсвийн шинжтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулсан бол олон жил яриад хэрэгжүүлж чадахгүй байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төсөл, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох төсөл, иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах хүрээнд “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” орон сууцны хороолол барьж байгуулах төсөл, нийслэлийн авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх, барилгын материалыг дотоодоосоо хангах зорилгоор цементийн үндэсний үйлдвэрийг барихад зарцуулжээ.

Томоохон төслүүдээ урт хугацаат, бага хүүтэй зээлээр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2011 онд Хөгжлийн банкийг байгуулсан ч 2022 оны эхэнд дампуурлаа зарлаж болзошгүй хүнд байдалд орсныг гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн нь олныг сэртхийлгэв. Учир нь, Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55 хувь нь буюу 1.7 их наядын зээл чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байлаа. Засгийн газраас Хөгжлийн банкинд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах үүрэг өгч, мөн зээлээ төлөхгүй гүрийж байсан 26 томоохон зээлдэгч нарын нэрсийг зарласнаар үр дүнд хүрсэн.

Хөгжлийн банк нь Засгийн газрын баталгаатай Евро бондын 500 сая ам.долларыг 2023 оны есдүгээр сард, Самурай бондын үндсэн төлбөр болох 30 тэрбум иенийг 2023 оны арванхоёрдугаар сард тус, тус төлөх хуваарьтай. Энэ нь Хөгжлийн банк дампуурах эрсдлээс гарсан төдийгүй зээлийн эргэн төлөлтөөр Самурай бондын төлбөрийг хийх бүрэн боломжтой болсон аж. Самурай бондын 30 тэрбум иен нь өнөөгийн ханшаар 751.5 тэрбум төгрөг болно.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны нэгдүгээр улирлаас Монголбанкан дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулж эхэлсэн бөгөөд ам.доллартай харьцах иенийн ханш 20-иод хувиар суларсан нь иен худалдан авах таатай нөхцөлийг  бүрдүүлж, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн зардлыг хэмнэх боломжийг ч бий болгожээ.  Нөгөө талдаа “Самурай” бондын төлбөрийг бүрдүүлснээр хөрөнгө оруулагч болон олон нийтэд Монгол Улсын Хөгжлийн банканд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн юм.

NEWS TEAM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж