Yндэсний дээд лигийн ээлжит тоглолтууд өчигдөр/2022.12.26/ “UG” аренад боллоо.
УЛААНБААТАР АМАЗОНС 92 – 72 ХОВД-ЧАНДМАНЬ
Хожигдол гээчийг мартсан Амазонс энэ удаад Ховд-Чандманийг хожиж, 6-0 гэсэн амжилттай боллоо. Ховдын бүсгүйчүүд тоглолтыг эрчтэй эхлүүлсэн ч хэмнэлээ хадгалж чадсангүй. Хоёрдугаар үеийн эхнээс Амазонс тоглолтын хэмнэлийг өөрчилж, онооны зөрүү үүсгэсээр ээлжит ялалтаа байгуулав.
Тоглолтод Ховдоос Н.Намуундарь 20 оноо, Б.Алтмаа 17 оноо, Б.Нандинцэцэг 15 оноо, Б.Сэцэнчимэг 11 оноо авсан ч энэ нь хангалтгүй байлаа. Харин Амазонсоос таван тамирчин арав болон түүнээс дээш оноо авчээ. Ялангуяа Амазонсын хамгийн залуу тоглогчдын нэг Н.Нандинхүсэл 17 оноо авахдаа 78 хувьтай довтолсон аж.
ШУТИС ШАРКС 77 – 103 ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД
Дэгсдүүлж ярьвал өнгөрсөн улирал финалд хожигдсоныхоо маргаашнаас эхлэн бэлтгэлдээ гарсан Эрдэнэтийн Уурхайчид энэ улирал дэндүү онцгой байна. Тамирчид, дасгалжуулагчид, менежер нь хүртэл энэ улиралд бэлдэж, өнгөрсөн зун зүгээр суусангүй. Шүдээ хүртэл зэвсэглэсэн гэдэг шиг сэлгээгээ хүртэл шилдгүүдээр бүрдүүлж, гарааны эрхийн төлөөх өрсөлдөөнөө сайжруулсан.
Уурхайчид өчигдөр зургаа дахь хожлоо авлаа. Шаркс эхний хоёр үе эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн ч хоёругаар хагасаас Пендарвис Уиллиамс гэх өдгөө 31 настай залуу гоцлон тоглолтоороо багаа манлайлсан. Тэрбээр 33 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлжээ. Түүнээс гадна Т.Санчир 21 оноо, Г.Болор-Эрдэнэ 16 оноо, Э.Дорж-Арилд 12 оноо тус тус авчээ. Мөн Уурхайчидын гол тамирчид болох Г.Ган-Эрдэнэ, О.Энхбаатар нар энэ өдрийн тоглолтод оролцсонгүй.
Харин Шарксаас П.Мөнх-Оргил 18 оноо, Ч.Энхтайван 13 оноо, У.Чингүүн 12 оноо тус тус авчээ. Тэд багаараа нийт 20 удаа бөмбөг алдсан нь хожигдох гол шалтгаануудын нэг байв.
НАЛАЙХ БИЗОН 83 – 89 АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД
Ахлах дасгалжуулагч Ц.Чинзориг, гол тоглогчид болох А.Ананд, О.Энхбаатар нарыг алдсан Дайчид энэ улирал 3-3 гэсэн амжилттай явна. Өчигдрийн тоглолтод тэд эхний хагаст илүү тоглолтыг үзүүлсэн ч Бизон хоёрдугаар хагаст онооны зөрүүг ойртуулж, илүү гарах дөхсөн. Гэвч Ч.Ихбаярын алсын зайн шидэлт, довтолгоонууд эгзэгтэй мөчид амжилттай болж, багаа хожилд хөтлөв. Дайчидаас Ч.Ихбаяр 25 оноо авснаас гадна Энтони Харрис 17 оноо, Х.Мөнхтөр, Б.Батзолбоо хоёр тус бүр 16 оноо авчээ.
Тэгвэл залуучуудаар бүрэлдэхүүнээ зузаатгасан Налайх Бизон төгсгөл тааруу хийсэн хэвээр 1-6 гэсэн амжилттай болов. Угтаа тэд хожигдож яваад эргэн ирж чадаж байгаа ч хожилд хүрэхэд аз, эз дутаад байна. Өчигдөр Бизоноос Жорж А.Уиллиамс 28 оноо авсан ч хангалтгүй байлаа. Тэд багаараа 28 удаа бөмбөг алдаж, сэлгээний тамирчид нь 19 оноо авчээ.