Украин улс НҮБ-ын дэмжлэгтэй энхийн дээд хэмжээний уулзалтыг 2023 оны эхээр буюу хоёрдугаар сард хийхийг хүсэж байна. Уулзалтыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришээр зуучлуулахыг хүсэв. Гэхдээ Орос эхлээд дайны гэмт хэргийн шүүхээр орсон тохиолдолд л ийм уулзалт болно гэж Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэллээ. НҮБ-ын төлөөлөгчийн газар энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Одоогоор Турк, Саудын Араб зэрэг орны удирдагчид зуучлах санал тавиад байна.
"Дайн бүр дипломат аргаар дуусдаг. НҮБ энэ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой газар юм. Оросууд хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ байнга хэлдэг, энэ нь худлаа. Учир нь тэдний тулааны талбарт хийж байгаа бүхэн эсрэг бодолтой байгааг нь нотолж байна" гэдгийг Кулеба онцолсон.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэдхэн хоногийн өмнө "Украины дайныг зогсоох яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ч украинчууд ийм алхам хийхээс татгалзаж байна гэж мэдэгджээ.
Мөн "Украин улс 2023 онд дайнд ялахын тулд чадах бүхнээ хийх болно. Зул сарын баярын өмнөхөн ерөнхийлөгч Владимир Зеленскийн АНУ-д хийсэн айлчлалын үр дүнд туйлын сэтгэл хангалуун байгаа" гэж тэр хэлэв.
Кулебагийн "AP" агентлагт өгсөн энэ ярилцлага нь Оростой хийсэн дайн хэзээ нэгэн цагт хэрхэн дуусах тухай Украины төсөөллийг харуулсан боловч энэ нь олон улсын нарийн төвөгтэй хэлэлцээрээс ихээхэн шалтгаална.
Дашрамд дурдахад, айлчлалын дараа АНУ-ын засгийн газар Патриот пуужингийн батарейг тус улсад зургаан сар хүрэхгүй хугацаанд ашиглаж эхлэх тусгай төлөвлөгөө боловсруулжээ. Угтаа бол тус системийн сургалт нь нэг жил хүртэл үргэлжилдэг. Балид болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Зеленский Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, Оросын цэргийг гаргах, бүх хоригдлыг суллах, хэрэгтнүүдийн шүүх байгуулах зэрэг 10 зүйл бүхий энх тайвны томъёололыг алсын зайнаас танилцуулсан юм.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ