ОХУ-ын Саратов муж дахь Энгельс агаарын бааз Украины нисгэгчгүй нисэх онгоцны халдлагад өчигдөр /2022.12.26/ өртжээ. Уг халдлагын улмаас Оросын гурван алба хаагч нас барав. Оросын хэвлэлд мэдээлж буйгаар нисгэгчгүй онгоцыг нам өндөр Энгельс рүү ойртох үед нь буудаж унагажээ.
Буудуулсан нисгэгчгүй онгоц доош унахдаа гурван алба хаагчийн аминд хүрсэн байна.
Энгельс агаарын бааз энэ сард хоёр дахь удаагаа цохилтод өртөж байна. Тус бааз нь Москвагаас зүүн өмнө зүгт 730 км зайд орших Саратов мужид байдаг. Арванхоёрдугаар сарын 5-нд украинчууд Оросын хоёр агаарын баазад цохилт өгсний нэг нь Энгельс байжээ. Энэ хоёр цохилт Оросын армийн нэр хүндийг ихээхэн ганхуулж, хамгаалалт яагаад бүтэлгүйтсэн бэ гэдэг асуултыг гаргаж ирсэн.
Энгельс дахь агаарын тээврийн хэрэгслүүдэд ямар нэгэн гэмтэл учраагүй гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн. Гэвч ачир дээрээ олон тооны онгоц сүйрсэн гэх албан бус мэдээлэл байна. Түүнчлэн иргэний дэд бүтцийн байгууламжуудад гэмтэл учраагүй гэдгийг Саратов мужийн захирагч Роман Бусаргин хэллээ.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ