Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүнд ордог АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулахаар болжээ. Тодруулбал, тэрбээр 3900 үзэгчийн суудалтай “Метрополитен” театрын тайзнаа нэгдүгээр сарын 5, 8, 14, 20, 26-ны өдрүүдэд алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурьд дуулах аж.
Дуучин Э.Амартүвшин өмнө нь 2020- 2021 оны дөрөв, тавдугаар саруудад алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурийн гол дүр болох эцэг Жорж Жермоны дүрд тоглож байсан.
Энхбатын Амартүвшин 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирж, түүнд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон юм. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ.
Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ. Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байв.
- 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
- 2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
- 2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
- 2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
- 2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.