Ирэх онд дэлхийн эдийн засгийг уналтад хөтлөх гол эрсдэл

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

Ирэх онд дэлхийн эдийн засгийг уналтад хөтлөх гол эрсдэл

Ирэх онд дэлхийн эдийн засгийг уналтад хөтлөх гол эрсдэл

Дэлхий дахинд инфляцийн өндөр түвшин хамгийн тулгамдсан асуудал болж байна. Инфляцийг тогтворжуулах зорилттой холбоотойгоор ойрын хэдэн жилийн өсөлтийн төлөв тааруухан байхыг шинжээчид анхааруулав.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа ирэх оны дэлхийн эдийн засгийг уналтад хөтлөх гол эрсдэлийн талаар онцолж байна.

Улс орнууд инфляцийг тогтворжуулах зорилтдоо хараахан хүрээгүй. Энэ утгаар төв банкууд эдийн засгийн өсөлт саарсан ч мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлсээр байх төлөвтэй байна. Эдийн засаг, бизнесийн судалгааны төв “Инфляцийг тогтворжуулах хүртэл эдийн засгийн өсөлт тааруухан байх төлөвтэйг онцолж, 2023 онд дэлхийн эдийн засаг уналтад орно гэж тооцоолжээ.

Дэлхийн эдийн засаг өнгөрч буй 2022 онд анх удаа 100 их наяд ам.доллар давсан. Гэвч Дэлхийн эдийн засгийн төсөөллийн тайланд бодлого тодорхойлогчид үнийн өсөлтийг сааруулах арга хэмжээ авч буй нь 2023 онд эдийн засгийн уналтад хөтлөх гол эрсдэл болно гэж үзжээ. Мөн инфляцийн нөлөөнөөс ангижрахын тулд төв банкууд зээлийн хүү буюу бодлогын хүүгээ өсгөсөөр байгаа нь дэлхийн эдийн засаг агшихад нөлөөлөх гол хүчин зүйл болно гэж шинжээчид үзэв.

Инфляцийн түвшин хэдийнэ оргил цэгтээ хүрсэн ч 2023 онд цар тахлын өмнөх түвшиндээ хүрч буурахгүй нь. Дэлхийн улс орнуудын төв банкууд энэ онд өндөр түвшинд хүрсэн инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүгээ ихээхэн өсгөсөн. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн сан 2022 он гарснаас хойш бодлогын хүүгээ 375 суурь нэгжээр өсгөсөн билээ.

“Mastercard” эдийн засгийн хүрээлэнгийн Ази-Номхон далай, Ойрхи Дорнод, Африкийн асуудал эрхэлсэн ахлах эдийн засагч Дэвид Мэнн “Инфляци энэ онд оргил цэгтээ хүрсэн ч ирэх онд цар тахлын өмнөх түвшнээс өндөр хэвээр байх төлөвтэй байна” гэж “CNBC” телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Тэрбээр инфляци 2019 оны түвшиндээ эргэн очиход хэдэн жилийн хугацаа шаардагдана. Огцом нэмэгдэж, өндөр түвшинд хэвээр байгаа инфляци маш том сорилт болж байна" гээд, төв банкууд хүүгээ шаардлагатай түвшнээс илүү өсгөх нь эрсдэлтэйг анхааруулсан байна.

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Америкийн инфляци 2023 онд нэлээд буурна гэж төсөөлж байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр “Урьдчилан тооцоолоогүй цочрол үүсээгүй тохиолдолд ирэх оны эцэс гэхэд инфляци нэлээд бага түвшинд хүрнэ хэмээн үзэж байна” гэж хэлжээ. Холбооны нөөцийн сан (ХНС)-гийн тэргүүн асан Ж.Йеллен “Эдийн засаг уналтад орох эрсдэл бий. Гэхдээ энэ нь инфляцийг бууруулах шаардлага үүсгэж байна гэж би үзэхгүй байна” гэж хэлсэн байна. ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл энэ онд 75 суурь нэгжээр дөрөв дараалан өсгөөд байгаа бодлогын хүүг 50 суурь нэгжээр өсгөн, 4.25-4.5 хувьд төлөвтэй байгааг мэдэгдсэн билээ.

Туркийн инфляцийн түвшин энэ оны эцэст 66.80 хувьтай гарахаар байгааг тус улсын Төв банк мэдээлэв. Санхүүгийн зах зээлд оролцогчдын дунд явуулсан асуулгын дүнг үндэслэж энэхүү үзүүлэлтийг гаргажээ. Туркийн Төв банкны тэргүүн Шахап Кавжиоглу энэ сарын эхэнд "Оны эцсийн дүнгээр тус улсын инфляци 65,2 хувийн түвшинд хүрэх төлөвийг зарлаж байв. Инфляцид анализ хийдэг бие даасан судлаачид Туркийн инфляцийг 170.7 хувьтай байна" гэж дүгнэжээ.

Инфляци бодит орлогыг бууруулдаг, бизнесийн идэвхжилийг сулруулдаг. Үнийн өсөлт дэлхий нийтийг хамарч, олон оронд сүүлийн хэдэн 10 жилд ажиглагдаагүй өндөр инфляци бий болж буй. Энэ нөхцөл байдал манай улсад ч илэрч, инфляци зорилтыг давсан.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Монгол Улсад инфляци сүүлийн саруудад буурах хандлагатай болж, 13 хувьд хүрсэн ч 10, 11 дүгээр саруудын гурилын үнийн өсөлтөөс шалтгаалан 14.5 хувьд хүрч эргэн өссөн. Гэхдээ энэ нь зургадугаар сарын байдлаарх оргил үеэс 2.4 нэгжээр буурсан үзүүлэлт юм. Цаашид цахилгааны үнийн чөлөөлөлт ч инфляцид нөлөөлөхөөр байна. Манай улсын нийт инфляцийн талаас илүү хэсгийг тээврийн зардал, тээврийн саатал, нийлүүлэлт доголдол, импортын барааний үнийн өсөлт зэрэг хүчин зүйлсийн шууд нөлөө бүрдүүлж байгаа тул худалдааны түнш орнуудын инфляци буурах нь маш чухал юм.

Сүүлийн улирлын байдлаар зарим эдийн засгуудад инфляци буурах, тээврийн зардал буурах, тээврийн доголдол багасах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа нь инфляцийг бууруулах хатуу бодлогод дэмжлэг болохоор байна. Улмаар ирэх оны сүүл, 2024 оны эхээр инфляц төв банкны зорилтын интервалд хүрч буурах хүлээлт байгаа хэдий ч үүнд дээр дурьдсан хүчин зүйлүүд болох мөнгөний бодлогын үр нөлөө, тээвэр, түүний зардал, нийлүүлэлтийн хангамж, шатахууны үнэ, цалингийн өсөлт, төсвийн зардал, валютын ханш зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

Инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.5 хувь, өмнөх оны эцсээс 12.1 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны арваннэгдүгээр сард өмнөх оны эцсээс 12.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь нөлөөлжээ. Мөн орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.8 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны арваннэгдүгээр сард 11.0 хувь гарсан бол 2022 оны арваннэгдүгээр сард 14.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.5 нэгж хувиар өсөв.

Инфляци 2022 оны арваннэгдүгээр сард 14.5 нэгж хувьтай гарсны 7.4 (51.1 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Иргэдийн хувьд инфляцийн өндөр түвшин хамгийн тулгамдсан асуудал болж буй юм.

Эх сурвалж: ҮСХ, МОНГОЛБАНК, CNBC, REUTERS, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж