Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022” ёслол өчигдөр/2022.12.26/ Чингис хаан музейд боллоо. Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулсан “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулав. Үдшийн гол шагнал болох 2022 оны Монголын шилдгийн шилдэг тамирчнаар жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар шалгарсан. Өдгөө 26 настай тэрбээр энэ онд дэлхийн аваргад түрүүлж, Монгол түмнээ баярлуулсан билээ. Үүнээс гадна тэрбээр эрэгтэй шилдэг тамирчнаар тодорсон.
Оны шилдэг болон эрэгтэй шилдэг тамирчнаар тодорсон Ц.Цогтбаатар:
-Маш их баяртай байна. Шилдэг тамирчдаас шилдгээр нь шалгарлаа. "Бөртэ Чоно" бол сэтгэл догдлон хүлээдэг мөч. Нэр хүндтэй маш олон аваргуудын барьж байсан цомыг ингээд тэврээд зогсч байгаадаа сэтгэл хангалуун, баяртай байна. Мэдээж тамирчин хүний дотор үргэлж том зорилго байдаг. Дахиад олимпийн медальтай, дэлхийн аварга болмоор байна. Боломж бололцоо, сэтгэл зүй байвал дахиад л амжилтуудаа давтмаар байна. Энэ бүхний ард гэр бүл минь байгаа. Миний хань, миний хүүхэд хэзээ ч шантрахгүй, зогсохгүй байхад нөлөө үзүүлдэг. Тиймээс өнөөдрийг хүртэл бүхнээ дайчлан явж байна. Монголын минь ард түмэн үргэлж намайг дэмжиж, унасан ч давсан ч хамт байдаг, тусалж дэмждэг баярлалаа. Энэ сайхан итгэлийг аль болох чадлаараа, унагаахгүй авч явахыг хичээнэ. Бүгдээрээ эрүүл энх, саруул сайхан байгаарай.
Оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар хүндийн өргөлтийн М.Анхцэцэг тодорсон. Тэрбээр тивийн аваргад түрүүлж, дэлхийн аваргад түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн билээ. Гэвч энэ үдэш өөрийн биеэр арга хэмжээнд хүрэлцэн ирж амжаагүй юм. Мөн шилдэг эрэгтэй тамирчнаар тодорсон чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл оролцож чадсангүй.
Эрэгтэй шилдэг тамирчнаар гурван эрхэм, эмэгтэй шилдэг тамирчнаар мөн гурван хатагтай тодорсон.
Өнгөрсөн жил 20 насандаа шилдэг залуу тамирчин болж байсан чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Д.Отгонжаргал энэ жил шилдэг эмэгтэй тамирчин боллоо.
Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Д.Отгонжаргал:
-Сэтгэгдэл өндөр байна. Өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, дээд шагнал авлаа. Авна гэдэгтээ итгэлгүй л байлаа. Энэ жил өгөөжтэй, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн, баг хамт олонтойгоо дурсамжтай он цагийг өнгөрүүлж байна. Долдугаар сараас хойш бид дэлхийн аваргын бэлтгэлдээ гарсан. Нэг зорилгын төлөө зүтгэсэн болохоор амжилтад хүрсэн. Багшийнхаа хэлснээр бүхий л барилдаанаа хийсэн. Хажуугаар нь өрсөлдөгчдөө сайн судалсан. Он гараад улсын аварга бий. Улсын аварга болж байж цааш дэлхийн аваргад өрсөлдөнө. Тиймээс улсын аварга болох л эхний зорилго. Чөлөөт бөхийн хамт олондоо шинэ оны мэнд хүргье. Амжилт бүтээлээр дүүрэн аз жаргалтай байх болтугай.
Мөн жүдоч Л.Энхрийлэн шилдэг эмэгтэй тамирчин болсон. Тэрбээр энэ жил дэлхийн аваргаас анхны медалиа зүүж, Улаанбаатарын Их дуулга тэмцээнд түрүүлсэн билээ. Түүнд шагналыг өнгөрсөн жилийн шилдгийн шилдэг тамирчин, гавьяат тамирчин М.Уранцэцэг гардуулсан юм.
Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Энхрийлэн:
-Анх удаагаа “Бөртэ Чоно”-д оролцож байна. Анх удаагаа оролцоод л шилдэг тамирчнаар тодорсондоо баяртай байна. Өмнө нь энэ арга хэмжээг гэртээ үзээд л байж байдаг байлаа. Харин одоо оролцоод шилдэг болсондоо баяртай байна. Маш сайн хичээж чадвал энэ шагнал амжилттай минь хамт ирнэ гэдэгт итгэж байсан. Мөн М.Уранцэцэг эгчийгээ надад бурхан өгч байна гэж зүүдэлж байсан. Сая энэ тавцан дээр эгчийнхээ гараас шагнал авахад гайхалтай байлаа.
Жүдо бөхийн тамирчид энэ жил, энэ үдэш ургац арвин байсан. Л.Энхрийлэн, Ц.Цогтбаатар нараас гадна Э.Ариунболд шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарав. Тэрбээр энэ жил дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм.
Шилдэг эрэгтэй тамирчин Э.Ариунболд:
-Анх удаагаа “Бөртэ Чоно”-д нэр дэвшиж, энэ шагналыг хүртсэндээ баяртай байна. Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Энэ шагналыг хүртэхэд тусалж дэмжсэн хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Сүүлд багш нараасаа хэтэрхий тайван байна гэж зэмлэл хүртсэн.
Шилдэг паралимпийн тамирчин шагналыг Л.Туруунаа хүртсэн. Тэрбээр дөрвөн жилд ганц удаа болдог пара жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилттай.
Шилдэг паралимпийн тамирчин Л.Туруунаа:
-Маш их баяртай байна. Цаашид бэлтгэл сургуулилалтаа сайн хийн амжилтаа ахиулъя гэж зорьж байна. Энэ амжилтын ард гарахад тусалж дэмжсэн хүмүүстээ маш их баярлалаа. 2023 онд онооны тэмцээнүүд олон бий. Мөн Азийн наадам, Гран при тэмцээнүүд байгаа. Анхны дэлхийн аваргадаа оролцож мөнгөн медаль хүртсэн минь энэ оны оргил амжилт байлаа.
Шилдэг залуу тамирчны шагнал энэ жил Ш.Энхийн-Одод очив. “NCAA”-ийн нэгдүгээр дивизонд тоглосон анхны монгол тамирчин болсон тэрбээр өдгөө улирлын тоглолтуудтай байгаа учир түүний оронд ах Ш.Мөнхийн-Од хүрэлцэн ирж, шагналыг гардан авсан юм.
Ш.Мөнхийн-Од:
-Дүүгийнхээ өмнөөс ирж шагналыг нь авлаа. Өмнөөс нь ирсэндээ бахархууштай байна. Дүү минь Америкт түүхийг бүтээгээд явж байгаа. Өдөр бүр л бахархах мэдээ дуулгадаг. Энэ бас л бахархууштай мэдээ байлаа.
Дашрамд дуулгахад, сагсан бөмбөгийн 5х5 шигшээ баг оны шилдэг багаар тодорсон.
Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ:
-“Бөртэ Чоно” гэх энэ гайхалтай спортын шилдгүүдээ шалгаруулдаг тэргүүн дээд ёслолын арга хэмжээг 20 жилийн өмнө анх Боролдойн Мягмар бид хоёр санаачилж байлаа. 20 жилийн ой нь болж байна. 2022 онд манай салбарынхан амжилт бүтээл арвин байна. Тэр дундаа их спортын тамирчид гайхамшигтай сайхан амжилт гаргалаа. 2024 он удахгүй болно. Олимпийн наадамд манай тамирчид сайн бэлдэж, эх орныхоо төрийн далбааг мандуулах үүрэг хариуцлага бий. Олимпийн эрхээ авах гол даалгавар бий. Үүний зэрэгцээ биеийн тамир, спортыг дэмжигч аж ахуй нэгжүүд, Засгийн газрын зүгээс нийт хүн амынхаа эрүүл амьдралын хэв маягийг бий болгох тал дээр онцгой анхаарч байна. Манай салбарынхан нийгэмд эерэг хандлагыг бий болгох, үлгэрлэх хариуцлага бий.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ