Мөсөн гулгуур, тэшүүрийн талбайд амьтдын баримал, сүлд мод сүндэрлэж, өнгө өнгийн гэрэлтүүлэг чимэглэлүүд гялалзана. "Улаанбаатарын үдэш" дуу эгшиглэх аж. Ийнхүү нийслэлчүүд Үндэсний баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг Төв цэнгэлдэх хүрээлэн мөсөн хотхон болон хувирсан нь энэ.
Мөсөн талбайд хүүхэд багачуудын инээд баясал цангинана. Хүүхэд залуус бие биедээ коньки зөв гулгахад нь тусалж, урагш хойш гулгана. Хүн бүрийн царайнд инээмсэглэл тодорч, жаргалтай харагдана.
Төв цэнгэлдэх хүрээлэнд арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн бүтээн байгуулалтын ажил өрнөж, хүүхэд залуусыг цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор мөсөн хотхон сүндэрлүүлжээ. Их хотын замын түгжрэл, жагсаал цуглаан өрнөсөн бухимдалтай энэ үед хэсэгхэн ч болов баяр хөөртэй орчинг бий болгосонд иргэд ам сайтай байна.
Талбайн голд өнгө өнгөөр солонгорох сүлд модыг тойрон охид намуухан хөгжмийн хэмнэлээр вальс эргэх мэт гулгана. Тэднийг конькин дээрээ тогтож ядан тэнцвэртэй байлгах илжиг түрэн зогсох бяцхан охин гайхан зогсоно. “Шинэ канки ч аргагүй л өөр байна шүү” гэх хүү арагшаа сурамгай гэгч нь гулгав.
Хэдий гадаа -20 градус хүйтэн үдшийн 21:30 цаг болсон ч хүүхэд олноор цугласан газар цаана л нэг гэгээлэг энерги мэдрэгдэнэ. Хүйтэнд хүүхдүүд даарах бус нэгнээ харан баясч, халуун дулаан мэдрэмжийг авч байгаа нь хайр татам.
Уг мөсөн гулгуурын талбайг үүсгэн байгуулагч Т.Энхтөр “Манай каток 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өглөөний 10:00 цагаас үдшийн 00:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг цагийн найман мянган төгрөгийн үнэтэй. Улаанбаатар хотод өвөл хичээл сургууль амарсан үед цэвэр агаарт спортоор хичээллэх боломж тэр бүр байдаггүй. Тиймээс хүүхдүүдэд эрүүл чийрэг бие болоод зөв амьдралын хэвшил дутагдаж байна. Төрөөс энэ тал дээр дэмжин ажиллах бодлого төдийлөн гараагүй байгаа. Миний зүгээс хотын хүүхдүүд гэртээ дөрвөн хана ширтээд суух бус эрүүл чийрэг өсөөсэй, спортоор хичээлдэг байгаасай гэх үүднээс энэ санаачилгыг гаргаад байна.
Одоогоор нээлтээ хийгээд гурав хонож байгаа хэдий ч хүмүүсийн хөл тасрахгүй байна. Эхний өдөр 500 гаруй хүмүүс ирсэн бол дараагийн өдөр нь 800 болон өсч, өнөөдөр 1000 гаруй хүмүүс иржээ.
Манайх нэг цагт 700 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хүүхэд багачуудын хувьд үдшийн 00:00 цагт хаах хүртэл тоглох хүсэлтэй байдаг. Мөн эцэг, эхчүүдийн хувьд ажлаа тараад гэртээ буйдан дээрээ кино үзээд суудаг байсан бол хүүхдүүдтэй цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байгаа” гэлээ.
Талбайн голд зассан сүлд модны дэргэд конькин дээрээ тогтож ядан зогсох багачуудыг хос залуус өхөөрдөнө. Хөтлөлцөн гулгах хос бие биедээ хэрхэн гулгахыг зааж, сүлд модны өмнө зургаа даруулахаар явав.
Тэшүүрээр тун сурамгай гулгах хүүг н.Галбадрах гэдэг. Тэрбээр каток нээгдсэн өдрөөс эхлэн 12 дахь удаа ирж тоглож байгаа гэнэ. Өмнө нь гадаа өвлийн улиралд каток тоглож байгаагүй учраас их сонирхолтой байгаа тухайгаа хэлж байв. Түүний хувьд аав, ээжтэйгээ хамт явж байгаа учраас орой болсон ч тэшүүрийн талбай гэрэлтэй гоё байна гэсэн юм.
Түүнчлэн эцэг, эхчүүд нь нэгнээсээ тас зууран гулгаж, хүүхдүүдээсээ дутахааргүй хөгжилдөнө. Тэдний хувьд яг л хүүхэд насандаа очсон мэт мэдрэмжийг авч талаараа хоорондоо их л баяртайгаар ярилцана.
Талбайн зүүн талд бага насны гурван хүүхдэдээ гулгахыг зааж буй аавыг А.Алтаншагай гэдэг. Тэрбээр "Үдшийг хүүхдүүдтэйгээ хамт хөгжилтэй өнгөрөөх шинэ газар нээгдсэнд би хувьдаа их баяртай байгаа. Өнөөдөр ажлаа тараад, оройн хоолоо идчихээд, гурван хүүхэдтэйгээ тоглож байна. Хүүхдүүдийн маань хувьд өмнө нь ийм газар ирж байгаагүй учраас унаж, босоод, их л сонирхолтой байгаа бололтой. Өмнө нь би каток ордог байсан ч ийм том талбай байдаггүй байлаа. Том талбайд гулгаж байгаа нь сурах гэж буй хүүхдүүдэд саадгүй амар байна. Мөн бусад эцэг, эхчүүддээ хандан хүүхдийнхээ амарт чөлөөт цагийг агаарт зөв боловсон өнгөрүүлээрэй" хэмээн захилаа.
Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Их хотын завгүй амьдралд өнгө нэмж, хайртай дотны хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх мөсөн хотхонд таныг ч бас урья.
Б.Нарангоо
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн