Хувь хүний орлогын албан татварын хуулийн нэмэлт өөрчлөлт ирэх 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Тус нэмэлт өөрчлөлтөд иргэдийн дансны гүйлгээ, орлогоос татвар авах тухай заалт тусгасан гэх мэдээлэл гарсан. Үүнийг Сангийн яамнаас ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдлээ.
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүний хэлснээр дансны гүйлгээ, орлогоос хэзээ ч татвар авахгүй.
Хууль ерөөсөө иргэдийн данснаас татвар авах заалт байхгүй. Дансны гүйлгээ орлого, зээл алинаас нь ч татвар авахгүй.
2023 оноос эхлэн мөрдөгдөх ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс давсан цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод хамаарна. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт хүн амын 99.9 хувьд энэ татвар огт хамаагүй. Мөн хувиараа бизнес эрхлэгчдэд энэ татвар хамаарахгүй гэв.
Тэгэхээр банкны дансны гүйлгээ, орлогоос татвар авах мэт олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь ор үндэслэлгүй худал мэдээлэл гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ.
УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх энэхүү хуулийн дагуу:
- 120 сая хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар,
- 120-180 сая хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд дээш давсан орлогод 15 хувиар,
- -180 сая төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар болсон.
Холбоотой мэдээ