С.Баярцогт: Би улс төрд хэн нэгний нөлөөнд автаж байгаагүй

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

С.Баярцогт: Би улс төрд хэн нэгний нөлөөнд автаж байгаагүй

С.Баярцогт: Би улс төрд хэн нэгний нөлөөнд автаж байгаагүй

 Сангийн сайд асан С.Баярцогтоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Улс төрийн өнөөдрийн нөхцөл байдлыг та юу гэж харж байна вэ? Олон нийтийн зүгээс АН-ыг хүчтэй сөрөг хүчин байж чадсангүй, олонхын засаглалд хяналт тавьсангүй гэж шүүмжилж байна?.

-Түүхэн нөхцөл байдлыг дүгнэвэл, өнгөрсөн 32 жил тодорхой хэмжээний амжилттай он жил байсан. Гэхдээ, улс төрийн тогтолцооны өөрчлөлтийн суурь үр дагавар юунаас гарч байна вэ гэвэл, хамгийн түрүүнд Үндсэн хуулийн тогтолцоотой шууд холбогддог. Тиймээс Үндсэн хуулийг 1992 онд батлахдаа хагас ерөнхийлөгчийн, хагас парламентын гэсэн Монголын онцлогтой Үндсэн хуулийг баталсан. Аль нэг сонгодог тал руу нь гаргаагүй. Өнөөг хүртэл явсан Үндсэн хуулийн өөрчлөлтүүд бүхэлдээ парламентын засаглалтай улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөршүүлэх өөрчлөлтүүдийг хийж байсан. Нөгөө талдаа, эдийн засгийг хувийн хэвшил авч явна. Гэтэл бидний өнгөрсөн хугацаанд хийж ирсэн өөрчлөлтүүдээс нэг зүйл ухраад байгаа юм шиг харагддаг нь төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш их хэмжээтэй болж эхэлж байна. Тиймээс хувийн хэвшлийг дэмжих ёстой гэсэн байр суурийг барьж байна. Өөрөөр хэлбэл, төрийн оролцоо стратегийн шинжтэй цөөн байх ёстой. Дээрээс нь менежментийн асуудал яригддаг. Тэгэхээр энэ хоёр асуудлыг зайлшгүй засах чиглэл рүү явах ёстой. Энэ бол аль нам байхаас үл хамааран хийх ёстой асуудал юм. Манай намын хувьд, албан ёсны даргагүй гэсэн дээд шүүхийн шийдвэр удаа дараа гарсны дараа даргын асуудал, намын хуваагдлын асуудлаа нэг мөсөн цэгцлээд сөрөг хүчний үйл ажиллагаагаа хүчтэй явуулах ёстой. Эртнээс хэлсэн үг байдаг.

Сануулж хэлэх хүнгүй байвал сайн засаг  ч гэсэн ялзарна гэдэг.

Хэдийгээр МАН сонгуулийн үр дүнгээр иргэдийн итгэлийг авсан ч гэсэн бодитой сөрөг хүчин байж, үйл ажиллагааг нь шүүмжилж, сануулж хэлж байхгүй бол бие биедээ найр тавих, алдаа дутагдлаа харж чадахгүй болох гэх мэт асуудал гардаг. Монголын 32 жилийн түүхэнд хоёр сонгууль дараалж нэг нам үнэмлэхүй ялж байсан тохиолдол байхгүй учраас Үндсэн хуулийн, эдийн засгийн системийн шинжтэй өөрчлөлтүүдийн алдаа дутагдал маш их гарч ирж байна.

-УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байна. Гэтэл АН өнөөдрийг хүртэл дотроо хэрүүл, маргаантай хэвээр байгаа. Танай нам хэзээ даргатай болох вэ?

-Товчхон хэлэхэд, АН олон лидертэй. Монголд авчирсан олон өөрчлөлтийг АН-ын лидерүүд нэртэй төртэй гүйцэтгэж ирсэн. Манай нам бол 200 мянга гаруй гишүүнтэй. АН-д үе үеийн төлөөллийн шилдэг залуус байгаа. Энэ залуучуудад бүх боломж нээлттэй байна.

-Засгийн газраас тогтолцооны өөрчлөлтийн талаар ярьж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Би 1990 онд Ардын бага хурлын гишүүн байсан. 1992 онд Үндсэн хууль батлалцсан хамгийн залуу улстөрч байсан. Тэр үед ч гэсэн парламентын Бүгд найрамдах улсын байр суурийг баримталж байсан. 1999, 2000 оны өөрчлөлтийн ажлын хэсэгт ч гэсэн ажиллаж байсан. Мөн 2015 онд УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Үндсэн хуулийн ажлын хэсэгт ажиллаж байсан. Энэ ажлын хэсэг парламентын тогтолцоог төгөлдөршүүлсэн Үндсэн хуулийн төслийг өргөн бариад, бэлдээд өгчихсөн. Энэний дагуу одоогийн өөрчлөлтүүд явж байгаа.  Цаашдаа ч тууштай байна.

-Таныыг АН-ын дарга болох гэж байгаа тухай мэдээлэл цацагдаад удаж байна. Энэ үнэн үү?

-Энэ асуултад хариулаад яах вэ. Би хоёр зүйлийг ойлгосон. 32 жилийн туршид улс төрд байхдаа Үндсэн хуулийн өөрчлөлт, эдийн засгийн реформд маш их анхаарч байсан. Тодорхой хугацаанд хилс хэргээр яллагдаад үзсэн. Шоронд орсон учраас ер нь бид эрх зүйн шинжтэй реформд бага орсон юм байна. Манай эрх зүйн шинэчлэл бүрэн утгаараа хийгдэхгүй социализмын тогтолцоон дээр суурилаад үлдчихсэн юм байна. Тэгэхээр, Үндсэн хуулийн энэ салбарт онцгой анхаарах ёстой юм байна. Хүний эрх, хувийн өмчийг хамгаалах тогтолцоог хуульдаа маш ихээр баталгаажуулах ёстой юм байна гэсэн зүйл дээр онцгой анхаарч ажиллана. Энэ нь ямар нэгэн албан тушаалтай байхаас үл хамаараад жирийн иргэний хувьд ч улс төрийн намын зүтгэлтний хувьд ч бүх үйл ажиллагаагаа зориулна.

-Та нам нэгдэж, нийлж чадах болов уу, та юу гэж харж байна?

-Манай намын нэгдлийн хувьд маш олон хүмүүс санаа  зовж ажиллаж байна. Би бас түүний нэг. Намын нэгдэл үр дүнд хүрнэ. Ойрын хугацаанд та бүхэнд сайхан мэдээ сонсгох байх.

-Таныг улс төрийн хүрээнд эргэн ирэхэд баригч намын нөлөө байна уу?

-Би 1990 онд 23 настай, Монголын том улс төрд орсон. 1990 онд орсон бүх хүмүүс өөрийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар орсон. Тиймээс бидний хувьд хэн нэгний захиалгаар, хэн нэгэн улс төрийн намын оролцоотойгоор асуудлыг шийддэг үеэс өнгөрсөн. Бидний өмнө маш олон сорилт байсан. Шинэ Үндсэн хуулийг батлах эдийн засгийн реформ хийх, 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг давж гарах, Оюутолгойн гэрээг хийх, ордны өмнө бунхан байсан шарилыг нүүлгэх, Чингис хааны хөшөө цогцолборыг барьж байгуулах гээд энэ бүх зүйлийг би өөрийнхөө ухамсартай сонголттойгоор хийсэн. Тиймээс би хэн нэгний нөлөөнд автаж хувийн болон улс төрийн шийдвэр гаргаж байгаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж