Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:
-30 жил явсан улс төрийн тогтолцооны идээ бээр шахагдаж байна. Халамжийн тогтолцоо, сонгуульд ялахын төлөө бий болгосон сүлжээ гээд олон зүйлийг энэ онд илчлэхийг бид харлаа. Энэ бүхэн хуулийн хулгай. Эрх баригчид жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгодог байсан зээлийн журмыг өөрчилж өөрсдөдөө давуу байдал үүсгэсэн. Мөн Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгайг харж болно.
Энэ сарын 22-нд АН-ын бүлэг хуралдаж АН тал талын оролцоотой байр суурийг нэгтгэж АН-ын эв нэгдлийг хангах талаар хуралдсан. Тодруулбал, ажлын хэсгийг 30 хүний зөвлөх багтай гаргасан.
Тус шийдвэрийн дагуу өнөөдөр бид хуралдаж ажлын хэсгийн бүтэц бүрэлдэхүүнийг гаргасан байгаа. Ажлын хэсэг 39 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 20 хүний зөвлөх багтай. Эдгээр хүмүүс АН-д үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлж дүгнэж, цаашдын арга хэмжээг авна. Ажлын хэсгийг Ж.Батсуурь гишүүн ахалж, Нарийн бичгийн даргаар М.Тулгат төлөөлөгч ажиллана.
ЭНЭ ОНДОО БАГТАЖ АН-ЫН ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАСАН
УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:
-2020 оны УИХ-ын сонгуулиас хойш 2.5 жил өнгөрсөн байна. Тус сонгуульд АН амжилт багатай оролцсон. Үүний дараа АН-ыг шинэчлэх үйл явц явагдах үед цар тахал гарч, орон даяар хурал, уулзалтууд цахиммхэлбэрт шилжсэн. Энэ бүх үйл явдлыг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрмийн дагуу зохион байгуулсан. Цахим болон цаасан хэлбэрээр сунгаанууд ч явагдсан. Тиймээс одоо бид бодит нөхцөл байдалтайгаа эвлэрэх болсон. Дараагийн сонгууль болоход 1.5 жилийн хугацаа үлдсэн. Тэгэхлээр энэ ондоо багтаж АН-ын эв нэгдлийг хангах ажлын хэсэг гаргасан байгаа.
39 гишүүн дээр нэмээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг хүмүүсийг нэмж 60 гаруй хүний төлөөлөлтэй анхдугаар хуралдаан болсон.
Он гарсаны дараа эв нэгдлийг хангасан гэж үзвэл Үндэсний бодлогын хороо, Их хурлыг зарлан хуралдуулах ажлууд явагдана. АН-ын нийт 200 гаруй мянган гишүүдийн үнэт зүйл, эв нэгдэл зэргийг харгалзаж намаа нэгтгэнэ.
Ажлын хэсгийн зөвлөх багт С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, өмнө намын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, Н.Энхболд дарга нар бүгд оролцож байгаа.
Холбоотой мэдээ